Монголын хувьд хотод ажилгүйчүүд нэмэгдэхээс илүү хөдөө орон нутагт малгүйчүүд ихсэх нь хортой. Мал үхэх нь Монголын зовлон гэдэг л тэр. Монгол хүн Үндсэн хуульдаа тусгайлан заалт оруулан идшээ тусдаа статусаар хамгаалсан нь үндэсний аюулгүй байдлаа ухамсарладаг гэмээр. Дэлхийн бүх улс үндэстэн бусдаасаа хоол тэжээлийн хэмжээнд анхдагч байдлаар хараат бус оршин тогтнохыг эдийн засгийн аюулгүй байдал гэж үздэг. Үүнийг монголчилбол хэл, хил, мал гуравтай байхад хэн баян, Монгол баян гэж байгаа юм. Харин баян монгол тарган мах огтлохын үндэс нь энэ газар шороо, бэлчээр. Хэл, хил, тал гурваасаа салбал хэн эмгэнэлтэйв, Монгол эмгэнэлтэй.
Газар орны онцлог, уламжлалаа харсан ч Монголын хөдөөгийнхний гол амьжиргаа бол мал аж ахуй. Монголын гурван хүн тутмын нэгийнх нь амь амьжиргаа энэ салбараас хараат байдаг гэж үзэхээр эдийн засгийн ач холбогдлын хамрах хүрээ нь харагдана. Уламжлалт мал ахуйн салбарт байгалийн гамшиг ганцхан удаагийн хүчтэй нөлөө үзүүлэхэд олон мянган хүн орлогогүй болдог эмзэг бүтэцтэй. Гэсэн хэдий ч хөдөөгийн ахан дүүс маань олон мянган жил өв уламжилж ирсэн энэ амьдралын соёлоосоо татгалзахыг хүсдэггүйн дээр үүндээ суурилсан олон мянгат малчин болохыг улам бүр эрмэлзэж байгаа. Малтай монгол баян хойно, улам л баяжихын төлөө уралдаж байна гэсэн үг. Орчин цагт зах зээлийн өрсөлдөөн эдийн засгийн тооцоо судалгаан дээр өрнөдөг бол Монголын хөдөөд нэг төрлийн байгалийн хуульд захирагддаг сөргөлдөөн ч гэмээр зүй тогтол бий. Хэн хүн хүч бүлтэй, бэлчээр усанд нүдтэй нь мал сүргээ энэ хатуу ширүүн уур амьсгалаас бага хорогдолтой авч гарах жамтай. Гэтэл малын чанар бус тооны араас хөөцөлдсөн энэ байдал Монголын мал аж ахуйн үндэс болох бэлчээрээ малчид өөр өөрсдийнхөө гараар устгах цаад шалтгаан болоод байгаа. Энэ нь ирээдүйн малчдын хувьд амь зуулгаасаа салахад хүргэж буй гол хүчин зүйл. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр 169.7 мянган малчин өрх 70.9 сая толгой малаар байгалийн нөөц бэлчээрийг мал аж ахуйн эрхэлж байна. Монголчууд баялгаа хонин толгойд шилжүүлэхэд, 120 сая толгой хэдийнэ давжээ. Уг нь Монгол орны бэлчээр хонин толгойд шилжүүлснээр 50 сая толгой малын даацтай гэж үздэг. Усан хангамж, тэжээлийн асуудлыг механикаар шийдлээ гэхэд, хамгийн дээд тал нь 86 сая хонин толгойг өсгөн үржүүлэх боломжтойг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон байдаг. Өнөөгийнх шиг хэтрэлттэй тохиолдолд бэлчээрийн ургамал нөхөн сэргэх явц хийж чадалгүй бүр мөсөн устаж цөлжилт үүсээд байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр энэ 2020-2021 онд нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрчихсэн явж байгаа. Дэлхийн дулаарал Монгол оронд хоёр дахин хурдацтай явж байгаа үүнтэй холбон ойлгож болно. Ийм шалтгаантай бэлчээрийн доройтлоос гадна уул уурхай, газар тариалан тэлэлт, хот суурин дагасан дэд бүтцийн тэлэлтийг нэрлэж болно. Харин бэлчээр доройтлын хамрах хүрээний хувьд малын харьцангуй бага. Ганцхан тоо баримт дурдахад, нийгэмд бэлчээртэй холбоотойгоор хамгийн их муу хэлэгддэг уул уурхайн ашиглалтын лиценз Монгол Улсын нийт газар нутгийн нэг хувьд ч хүрдэггүй.
Эдгээр шалтгаанаар УИХ-аас өнгөрсөн аравдугаар сард Малын тоо толгойгоос хамааруулан татвар ногдуулахаар хууль баталсан. Малын тоо толгойн татварын хуулийг ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Ингэснээр нэг малаас 0-2000 төгрөгийн татвар авах эрх зүйн орчин бүрдэж байна. Гэвч татварын хувь хэмжээг тухайн сум, дүүргийн ИТХ тогтоохоор оруулж асуудлыг бүдэгрүүлж орхисон. Өөрөөр хэлбэл, орон нутгийн улстөрчид малчдын амьжиргааг харгалзан татварын тэглэх шийдвэрийг ИТХ-аараа дамжуулан гаргах эрхтэй үлдсэн. Ингэснээр дараа жил дахин зуд тохиоход малчдын амьжиргаагаа дахин сэхэхээргүй байдалд орно гэсэн үг. Энэ өвлийн тухайд бэлчээрийн даац хэтрэлттэйн дээр аль өвлийн эхэн сараас гарахтай зэрэгцэн зарим аймагт өвөлжилт хэдийнэ хүндрээд байна. Өвлийн эхэн сард зудтай нүүр тулсан малчид хавар хотоо харлуулахаас өөр замгүй. Малаа заацлах маягаар эдийн засгийн эргэлтэд оруулъя гэсэн ч хэдийнэ оройтсон гэдгийг малчид болон махны наймаачид хэлж байна. Зарим нутгаар нэгэнт сульдаад, турчихсан бог малын үнэлгээ замын зардалдаа ч хүрэхгүй болжээ. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зураг мэдээг танилцуулахад, нийт нутгийн 40-өөд хувьд их, 30 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Тухайлбал, Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй байгаа юм. Өнөөдөр дээрх аймгуудад зуд хэдийнэ нүүрлэсэн бөгөөд хаваржилт бүрч илүү хүнд тусах нөхцөл бүрдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байгаа.
Энэ бол өнөөдөр гэнэт тохиосон хүндрэл биш. Сүүлийн 30 жилд бэлчээрийн менежмент алдагдсан, түүнийг орон нутгаас сонгогддог улстөрчид Малын хөлийн татваргүй болгож зохицуулалтгүй орхисонтой холбоотой гэдгийг судлаачид онцолж байна. Улс төрийн популизм энгийн иргэдийн амьдралд зуд болж тусдагийн бодит жишээ гэвэл энэ. Тиймээс өнөөдрийн зуд, бэлчээрийн доройтол бол малчдын ургуулдаг уурхай болох бэлчээрийг зохицуулалтгүй хэт ашиглаж байгаагийн үр дүн. Цаашид УИХ баталсан хуулиа аймгийн ИТХ-ын тогтоол төдийхнөөр унагаалгах бус засаж сайжруулан, хатуу хэрэгжүүлсэн тохиолдолд эрдэмтдийн зүгээс ямаанд өндөр татвар ногдуулах гэж томъёолж байна. Учир нь бэлчээрийн ургамлыг үндэсгүй зулгааж орхидог ямаан сүргийн эрс өсөлт мал аж ахуйн гол дайсан байдаг. Ноолуурын экспортыг дагаад эрс өссөн ямааны бэлчээр ашиглалт хониноос 30 хувиар илүү байдаг аж. Үүнийг шийдвэрлээгүй цагт доройтол ихсэж, байгалийн хууль өөрөө малын тоо толгойг аажимдаа бууруулна. Бэлчээр бүрэн цөлжинө. Хөдөөд ядуурал гаарна. Хот руу шилжих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Нүүдэлчний уламжлалт мал аж ахуй жамаараа устах томоохон эрсдэл хүртэл байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тохиосон байгалийн гамшгуудаар малгүй болсон орон нутгийн иргэд амьжиргаагаа залгуулахаар хотыг зорих хандлага огцом нэмэгдэж ирсний амьд гэрч нь өнөөдрийн Улаанбаатар хотын 1.5 сая иргэн билээ. Дээд хязгаар нь 600 мянган хүн амтай байхаар тооцон хөгжүүлсэн нийслэл хотын шинэ харьяатууд дийлэнх нь амьжиргаа шилжин суурьшсан иргэд. Монголын төр цар тахалтай нүүр тулахаасөө ч өмнө онц байдал зарлах шахсан агаарын бохирдол, авто замын түгжрэл гэх мэт нийгмийн асуудлууд эдгээрээс эхтэй. Үүний эх сурвалж нь хөдөөгийн ядуурал, түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн байсныг дахин нурших илүүц биз. Харин татварын хэмжээ өндөрсгөх тусам бэлчээр сэргэх хугацаа богиносно. Өнөөдрийн байдлаар үүнээс бэлчээр хамгаалах төгс зохицуулалтыг дэлхийн хаана ч, хэн ч сэтгэж хэрэгжүүлээгүй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН