Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нутгийн удирдлагын дэд хорооноос 21 аймгийн удирдлагуудтай цахим хэлэлцүүлэг зохион байгуулав

Нутгийн удирдлагын дэд хорооноос энэ сарын 8-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг явуулж байгаатай холбогдуулан Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдан санал солилцлоо.
Нутгийн удирдлагын дэд хорооноос зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, "Ноднин 11 дүгээр сарын 14-нд Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт нь нэгдүгээрт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоог зохистой болгон, төвлөрлийг сааруулж, нутгийн захиргааг бэхжүүлэх эрх зүйн үндсийг сайжруулсан. Хоёрдугаарт, нутгийн өөрөө удирдах байгууллагын орлогоо өөрөө бүрдүүлэх, төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг тодорхой болгож, өргөжүүлснээр орон нутгийн бие даан хөгжих боломжийг дэс дараатай бүрдүүлэхийг зорьсон. Гуравдугаарт, хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх болсноор удирдлагын бүтцийн давхардлыг арилгаж, хөдөө хөгжих, хот тосгон төлөвшин хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн ач холбогдолтой болсон" хэмээв.

Тус хэлэлцүүлэгт Төв аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, ИТХ дахь Намын бүлгийн дарга нар, ИТХ-ын Төлөөлөгчид оролцон санал, хүсэлтээ уламжиллаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим онцлох зүйлүүдийг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт цахимаар холбогдон оролцож байгаа орон нутгийн удирдлагуудын саналыг сонссон юм. Уг хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хуулийн төсөлтэй холбоотойгоор тодорхой агуулга бүхий зарчмын саналуудыг хэлэв. 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn хаягаар орж санал өгөх боломжтой болжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ