Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2020.11.02/ боллоо. Хурлаар замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авах арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл хүргэлээ.
Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: "Хөдөө орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэртэйгээр "халтуур"-ын бизнес хийж байна вэ. Миний сонссоноор орон нутгийн 247 мянган иргэн Улаанбаатарт ирж 35-45 хоногийн хугацаанд ажиллаж байгаад буцдаг гэсэн. Үүний ард хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг бодитоор бий болгож байна. Тэдний нарийн тоог гаргаж, оруулахгүй байх хэрэгтэй. Бид өөрсдөө автомашин, түгжрэлээ яая даа гэж байхад, хулгай дээрэм, хүчирхийлэл, хүний амь нас хохирсон гээд эзэн холбогдогч нь илрэхгүй гэмт хэрэг их гарч байна. Ер нь түгжрэлийг хэдий хугацаанд ямар шат дараалалтайгаар шийдвэрлэх тодорхой зүйлс хэрэгтэй байна, үүнд онцгой анхаарч, танилцуулга хийхийг" холбогдох хүмүүст үүрэг болголоо.