Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг энэ онд дөрвөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдад болон нийтийн хэрэглээнд зориулан халуун усны байгууламжийг ашиглалтад оруулсан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Эрүүл ахуйн шаардлага хангасан, уур амьсгалын хүнд нөхцөлд тэсвэртэй ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд гурван сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдад болон нийтийн хэрэглээнд зориулан халуун усны байгууламжийг ашиглалтад оруулжээ. Мөн дөрвөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадаах сайжруулсан уламжлалт гэрэлтүүлэгтэй бие засах газар, нэг сумын нийтийн халуун усны дэргэдэх гүн өрмийн худгийг ашиглалтад оруулснаар аймгийн хэмжээнд 12400 гаруй хүүхэд, иргэдийн эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байна.
Орон нутгийн ус, хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой бодлого, төлөвлөгөө гаргах, орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, байгалийн аливаа гамшгийн үед ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жижиг суурин газрын усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах. Орон нутгийн мэргэжилтнүүдийг чадваржуулах цуврал сургалтуудыг сүүлийн хоёр жил явуулжээ. Эдгээр сургалтуудад 23 сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч, хүнсний байцаагч, эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар оролцжээ. Сургалтад хамрагдсан сум бүр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-тэй болсон байна. Түүнчлэн гурван сумын дөрвөн цэцэрлэг, сургуулийн гал тогооны өрөөний засвар, зургаан настнуудад зориулсан ариун цэврийн өрөөний засварыг бүрэн хийгээд байгаа гэв.