Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газар байгууллагын үйл ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн орлого, зарлага, хөтөлбөр, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийж, эрсдэлийн удирдлагаар хангадаг.
Энэ хүрээнд тус байгууллагын Аудитын шалгалтын баг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Ховд, Эрдэнэбүрэн, Дуут сум болон Жаргалант сумын зарим сургууль, цэцэрлэг, аймгийн Хүнс хөдөө аж ахуй, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Улмаар тус ажлын тайланг есдүгээр сарын 03-ны өдөр Дотоод аудитын хорооны гишүүдэд танилцуулах зорилго бүхий хурал зохион байгууллаа.
Энэ үеэр шалгалт хийсэн сум, байгууллага тус бүрт илэрсэн зөрчил дутагдал, түүнийг арилгах чиглэлд одоо хэрэгжүүлж буй болон дараагийн шатанд тооцох үйл ажиллагааны талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргажээ.