2020 оны ургацын урьдчилсан балансын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Энэ онд 394 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаан буудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тос, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан байна. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ. Ингэснээр улаан буудайн хэрэгцээг 100, төмсийг 140, хүнсний ногоог 60 хувь дотоодоос хангах аж. Ургац хураалтыг богино хугацаанд зохион байгуулах, дараа оны тариалалтад хүрэлцэх хэмжээний үр тариа, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах, борлуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахыг салбарын сайдад даалгасан байна.
Бэлтгэсэн: У.Наран