АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын харьяанд байдаг Пуэрто Рико арлыг Гринланд арлаар солих хүсэлтэйгээ ярьж байсныг түүний засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхэм өчигдөр ярьжээ.
Карибын тэнгисийн Пуэрто Рико арал 2017 онд болсон хоёр удаагийн далайн хар салхинд нэрвэгдэж, Вашингтоны засаг захиргаа тусламж үзүүлж байсан юм. Тухайн үед Трамп энэ санаагаа ил тод илэрхийлж байсныг АНУ-ын Дотоодыг Аюулаас Хамгаалах департментын тамгын газрын дарга асан Майлс Тэйлор өчигдөр MSNBC сувагт ярьжээ.
“Тэр Гринланд арлыг худалдаж авах хүсэлтэйгээ бидэнд яриад зогсохгүй, хэрвээ боломжтой бол өөрийнх нь тодорхойлсноор ядуу, бохир заваан Пуэрто Риког оронд нь сольж өгөхөд бэлэн байгаагаа ярьж байв” гэж Тэйлор дурссан байна.
“Тэд ч гэсэн Америкчууд. Бид адилхан Америкчуудаа ингэж хэлэх ёсгүй. Тэр тусмаа АНУ-ын ерөнхийлөгч өөрийн газар нутгийн нэг хэсгийг гадаад улсын нутагтай солих талаар ярьсан нь санаанд багтамгүй хэрэг юм” гэж Тэйлор ярьсан байна.
Дональд Трамп өмнө нь ч бас гурван сая хүн амьдардаг, эдийн засгийн хувьд сул дорой Пуэрто Рикод таагүй ханддагаа илэрхийлж байсан удаатай.
2019 онд Дани улсад хийх айлчлалынхаа өмнө Трамп Гринланд арлыг худалдаж авах санаагаа цухуйлгаж байсан юм. Тухайн үед Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен уг санааг “утгагүй зүйл” гэж мэдэгдсэний дараа Трамп айлчлалаа цуцалж байжээ.