Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор ийм харамсалтай явдал болжээ. “Туул” голд тус дүүргийн 38 настай эрэгтэй Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан гэнэ. Энэ явдал энэ сарын 4-ний өдрийн 18:50 цагийн орчимд болсон байна. Ингээд 19:10 цагт дуудлага өгснөөр эрлийн ажлыг эхлүүлжээ.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид өчигдрийн байдлаар 09:00 цагаас “Баянзүрхийн гүүр”-ээс “Маршлын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр” хүртэл нийт 65 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 60 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг өнөөдөр дахин 09:00 цагт эхлүүлэн үргэлжилж байгаа юм байна.
Иймд ард иргэд амарч зугаалахдаа гол усанд орохгүй байхыг анхааруулж байна.