Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарь-Эхийн замын дороос хар шороо гарсан тул засварын ажлыг сунгахаар болжээ


 
Дарь-Эхийн зам засварын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна.Нийслэлийн Баянзүрх дүүргийн II болон XXVII хорооны нутаг дэвсгэрт хамрах Дарь-Эхийн гудамжны 3.3 километр авто замд ус зайлуулах шугам угсрах, замыг шинэчлэх болон бусад ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар хамтран хийж, гүйцэтгэгчээр “Зэст хөлөг” компани ажиллаж байгаа билээ. Ийнхүү долдугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хааж, ажлаа эхлүүлсэн. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид Их тойруу, Дарь-Эхийн уулзвараас хуучин эцэс хүртэлх 2.2 километр авто замыг шинэчлэн, ус зайлуулах шугам байрлуулж дуусаад, хөдөлгөөнийг өчигдөр нээх байлаа.
Гэвч тус газарт булгийн ус оргилон гарч, бороо орох бүрт зам үерийн усанд автдагаас үүдэн хөрс солих шаардлага гарч, замын хөдөлгөөнийг нээх хугацаа уртассан. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Автозамын барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлагатай. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл замын даац, насжилт багасаж, чанарын шаардлага хангахгүй. Тиймээс эхний ээлжийн 400 метр замын дор хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга хийнэ. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор нөхцөл байдал үүслээ” хэмээн мэдэгдсэн. Бид зам засвар, шугам угсралтын явцын талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

ИРГЭД ГЭР РҮҮГЭЭ ОРОХЫН ТУЛД 3-4 БУУДАЛ АЛХДАГ БОЛЖЭЭ

Сансрын колонкын уулзвараас Дарь-Эх рүү эргэх замыг ногоон тор татаж хаажээ. Энд Гэр хорооллын хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулж буй Сэлбэ дэд төвийн цэвэр усны гол шугам болон бохир ус зайлуулах шугамын барилга угсралтыг хийж байгаа аж. Энэ тухай “Грин ресоурс” констракшны сантехникийн инженер Д.Энхбат “Манайх Зүүн бүсийн усан санг Тасганы усан сантай 900-гийн шугамаар холбох ажил хийж байна. Замын уулзварыг өнөөдөр (өчигдөр)нээх ёстой байсан боловч нэг, хоёр хоног оройтохоор боллоо. Бид Дарь-Эхийн гудамжны замыг засахаар автомашины хөдөлгөөн хаасан тул эл ажилтай уялдуулж, наймдугаар сарын 5-наас энэ хэсэгт цэвэр, бохирын шугам холбож байна” гэлээ. Эндээс зуугаад метрийн зайд зам хуулж, экскаватороор хар шороог нь ухан гаргаж байв. Ийнхүү хөлдөлтийн давхаргыг хуулж, хайрга дайрга дэвсэж байгаа гэнэ.
Гэтэл замын хажуугийн машин засвар, сэлбэгийн төвийн дэргэдэх олон машины хажуугаар, асфальтийг нь хуулсан энхэл донхол шороон зам дээгүүр түргэний тэрэг явж өнгөрлөө. Замын давхарга солихоор хөрс хуулж, том ковшоор хайрга, дайрга зөөж, ус зайлуулах шугам байрлуулахаар шуудуу ухахтай зэрэгцэн зарим иргэн жижиг тэрэгтэй тоос манарган өнгөрсөөр хоёр дахь гудамжны дундуур гарч байлаа. Учир нь, Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудлын тэндэх хаалтыг сэтэлж нээсэн байх бөгөөд гудамжуудаас төв зам руу орох хөдөлгөөн чөлөөтэй аж. Ус зайлуулах шугам байршуулах ажлын зураг төслийг боловсруулан, хэмжилтийг хийж буй инженер “Дарь-Эхийн уулзвар, 102 дугаар сургууль, хуучин эцсийн автобусны буудал гээд гурван хэсэг газар тус бүр 220 метрийн урттай ус зайлуулах хоолой угсарч байна. Энэ хэсгийн ажил бараг дуусаж байна.
Мөн эдгээр газрын замын хөрсөн доороос шавар гарч, доошоогоо суух магадлалтай байсан учраас хөлдөлтийн үеийг нь сольж байна” гэв. Эндээс дээш алхаж, Дарь-Эхийн хуучин эцэс хүрлээ. Хэсэг хэсэг газар замын давхаргыг хуулж, элс овоолж, хайрга дэвсжээ. Хайрга дэвссэн хэсгийг тэгшилж, индүүдэх ажлыг техник түрээслэн хийлгэж байгаа аж. Харин ус зайлуулах шугам байрлуулах газрыг ухаж буй залуус ажлын зарын дагуу Хэнтий аймгаас 11-үүлээ нийлэн, нэг бригад болж иржээ. Тэдний хажуугаар гарч яваа өвөө “Та нар хэдий болтол ард иргэдийг алхуулах гэсэн юм” хэмээн ширүүхэн асуухад “Бид мэдэхгүй шүү дээ” гэж даруухан хариулна. Энэ мэтээр ажилчдын хажуугаар өнгөрөх хүмүүс ажил нь хэзээ дуусах гэж байгааг асуусаар л байв. Дөрвөн буудал газар зам хааж, автобус, такси явахгүй байгаа тул хөгшид болон хүүхдүүд алхахад хүндрэлтэй байгаа аж.  
Энэ тухай Баянзүрх дүүргийн XXVII хорооны иргэн Н.Зулаа “Хүүхдүүдээ чирч явах хэцүү юм. Энэ ажил удаан үргэлжилж байна. Хөрс солих шаардлагатай гээд ахиад л сунгачихлаа. “Ч:17 Сансар ШТС-Вокзал” чиглэлийн автобус явж байгаа. Сансарын колонкын буудал дээр буухаар гэр рүүгээ гурван буудал алхдаг. Бас “Ч:32 Улиастайн шинэ эцэс-Дулааны цахилгаан станц 3” чиглэлийн автобусанд суугаад хойно байдаг буудал дээр буувал гэр рүүгээ нэг буудал алхаж байна. Томчууд ч яах вэ, бага насны хүүхдүүд алхахад хэцүү байна. Такси барих гэхээр гудамж сүлжиж явахгүй гээд болохгүй юм. Манай энэ хавь газар доороо булагтай. Өвөл болохоор ундарч, хөлддөг болохоор ус зайлуулах шугамаа сайн тавиасай” гэж байлаа.
Төлөвлөгөөний дагуу Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх зам засвар өчигдөр дуусаж, энэ хэсгийн замыг нээж, түүнээс цааш Дарь-Эхийн шинэ эцэс хүртэлх авто замын барилгын ажлыг наймдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлүүлэх ёстой байсан. Иймд иргэд “Шинэ эцэс хүртэл нэг мөр зам хааж байхаар, хуучин эцэс хүртэл зам хааж, эхний ээлжийн ажлаа дуусгачихаад шинэ эцэс хүртэл зам хаасан бол” гэж байлаа. Эхний ээлжийн авто замын ажил дуусаагүй тул Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудлаас цааш засвар хийж эхлээгүй байна. 

Т.АНХЦЭЦЭГ: ЧАНАРТАЙ ЗАМ ХИЙХИЙН ТУЛД ХУГАЦААГАА БОГИНОСГОЖ БОЛОХГҮЙ

Тус ажлын гүйцэтгэлийн талаар “Зэст хөлөг” компанийн гүйцэтгэх захирал Т.Анхцэцэгээс тодруулахад “Ажлын гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 27-нд багтаан нээхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас эхний ээлжийн авто замыг өнөөдөр нээ гэж байсан ч газар доороос намаг гарсан.  Тиймээс бид авто замын хөдөлгөөнийг 14 хоногийн дараа наймдугаар сарын 25-нд нээх хүсэлт илгээсэн. Захиалагчид 7-10 хоногийн хугацаагаар сунгаж болно гэсэн.
Бид төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгэж байгаа учраас чанартай зам хийхийн тулд хугацаагаа богиносгож болохгүй. Энэ нь бидэнд хохиролтой. Нөгөө талаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа тул замын зорчих хөдөлгөөнийг эрт нээх хүсэлтэй байгаа. Тиймээс наймдугаар сарын 27-н гэхэд ус зайлуулах хоолой байршуулах, замыг шинэчлэх ажил дуусч, зорчих хэсгийг нээнэ. Үргэлжлүүлэн гэрэлтүүлэг, явган хүний зам тавих ажлаа есдүгээр сарын 30-ныг хүртэл хийж, хүлээлгэн өгөх ёстой” гэсэн юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ