![](/uploads/posts/2025-02/medium/1739325537_nuu1.jpg)
Хоёр ой гарантай хүүхдэдээ халуун ногоотой бэлэн гоймон болох Spicy Buldak Ramen өгсөн 30 гаруй насны эцэг, эхэд холбогдох шүүх хурал болжээ.
Уг хэрэг Өмнөд Солонгост болсон бөгөөд тухайн эцэг, эх хүүхдээ амьсгалахгүй байна гэх дуудлага мэдээлэл эмнэлгийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу яаралтай тусламжийн ажилтнууд ирж, охиныг эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь нас баржээ.
Мөрдөн байцаалтын үеэр охины ээж хүүхдэдээ халуун ногоотой бэлэн гоймон болох Spicy Buldak Ramen-аас хагас халбагыг өгсөн гэдгээ хүлээсэн байна. Охин дутуу төрсний улмаас хөгжлийн хоцрогдолтой нэгэн болжээ. Нас барах үедээ дөнгөж алхаж сурч байсан талийгаач охин халуун ногоо идсэний улмаас бие нь муудаж, сандарсан ээж нь охиноо усанд оруулж байхдаа шалан дээр унагаан тархинд нь гэмтэл учруулсан болох нь тогтоогджээ. Мөн охины хордлогыг тайлах зорилгоор сөжү уулгасан болох нь тогтоогдсон байна.
Охины эцэг, эх тухайн өдрөө яаралтай тусламжид хандахаас зайлсхийн маргааш өглөөний 13:00 цагт яаралтай тусламж руу залгасан ч охин харамсалтай нь ийнхүү амьсгал хураажээ.
Задлан шинжилгээгээр талийгаач охин толгойн гэмтлийн улмаас цус алдаж амиа алдсан болох нь тогтоогдсон байна. Охины эцэг, эхэд холбогдох дараагийн шүүх хурал ирэх гуравдугаар сард болох ажээ.
Өнгөрсөн жил Дани улс Өмнөд Солонгосын алдартай Samyang Foods брэндийн Buldak халуун ногоотой гоймонгийн хэд хэдэн сортыг худалдаалахыг хориглож, амтлагчийн хэмжээ нь хэт өндөр байна хэмээн шүүмжилсэн. Уг гоймонг идсэн хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдэд хурц хордлогын шинж тэмдэг илэрч, тус гоймонд агуулагдах капсаицин (халуун чинжүүний нунтаг) нь эрүүл мэндэд аюул учруулахуйц өндөр хэмжээнд байгааг анхааруулсан байна.
![](https://news.zindaa.mn/uploads/images/buld.jpg)