Шийдвэрүүдийн талаар тэрээр "Засгийн газрын 11.11 төвийг цахим агенттай болгох, виртуаль агент ажиллуулах, ирсэн гомдлуудад анализ хийдэг болгохоор ажиллаж байна.
Төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компаниуд зайлшгүй реформ хийх шаардлагатай болсон байна. Нэг ёсондоо зарлага нь өндөр, зардлаараа захирлууд нь урамшуулал авдаг, төсвөөс гадуур хяналтгүй төсөвтэй төрийн өмчийн компаниуд дээр хяналт зохих арга хэмжээг авах ёстой. Тиймээс төрийн өмчийн компанийн реформийг хийнэ.
Нэгдүгээрт санхүүгийн сахилга бат, хариуцлага, хоёрдугаарт ил тод, нээлттэй засаглал, гуравдугаарт эдийн засаг дахь төрийн оролцоо. Манайд 122 төрийн өмчийн компани байна. Орон нутгийнхийг бол тоолж чадахгүй хэмжээнд хүрсэн.
Төрийн өмчит компаниудын тав нь л ашигтай, бусад нь ашиггүй ажиллаж байна. Хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, тооцоолоогүй зардал гаргадаг, засаглал нь хангалтгүй байна. Тэгсэн атлаа үр дүнгийн урамшуулал авчээ. Тодруулбал, төрийн өмчийн, алдагдалтай ажилладаг есөн компанийн дарга нар өөрсдөдөө 970 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал цалин гэж олгосон байна.
Мөн төрийн өмчийн компаниуд дур мэдэн огт төлөвлөөгүй, юу нь мэдэгдэхгүй 158 ажилд төсвийн 300 тэрбум төгрөг үрэн таран хийсэн. Цаашид үүнийг зогсооно. Төр ямар салбарт бизнес хийхээ хувийн хэвшлийнхэнд ил тод мэдээлдэг болно
Төрийн өмчит компанийн зарлага маш өндөр байна. Төсвөөс мөн санхүүгийн татаас авдаг. Зарлага нь орлого олж буй компаниудынхтай бараг ижил байна. Алдагдалтай ажиллаж байгаа хэрнээ үр дүнгийн урамшуулал олгоод байдаг. Тооцоолоогүй зардлууд гаргаж байна. Алдагдалтай ажиллаж байгаа газруур нийгмийн хариуцлагын хүрээний ажлууд хийх нь зохимжгүй байна. Төрийн өмчийн бүх компаниудад шилэн ажиллагаа явуулна.
Төрийн өмчийн компанийн цалин бүгд ижил байна. Ашигтай, ашиггүйгээс үл хамаарч урамшуулал нь хүртэл ижил түвшинд яваад байх юм бол цаашид өрсөлдөх ямар ч бололцоогүй болно. Энэ утгаараа бид анх удаа хуулиар хатуу зааж өгөх гэж байна.
Төрийн алба цомхон байж болно. Зарим нэгжүүдийн аутсорсинг хэлбэрээр төр хувийн хэвшилтэйгээ хамтраад ажиллах бүрэн бололцоо бий" гэлээ.