КИОТО, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Сар, Ангараг гаргийн судалгаанд модыг ашиглах анхан шатны туршилтын хүрээнд Японы судлаачдын бүтээсэн дэлхийн анхны модон хиймэл дагуулыг өнөөдөр сансарт хөөргөжээ.
Киотогийн их сургууль, “Sumitomo Forestry” барилгын компанийн бүтээсэн “LignoSat” хиймэл дагуулыг “SpaceX” компанийн хөлгөөр Олон улсын сансрын станцад хүргэсний дараа Дэлхийн гадаргуугаас 400 орчим км-ийн өндөрт байрлуулах ажээ.
Латин хэлээр мод хэмээх утгатай үгээр нэрлэсэн далдуу модны хэмжээтэй “LignoSat” нь хүн төрөлхтөн сансарт амьдрах боломжийг судлахад сэргээгдэх материалыг ашиглах боломжтой эсэхийг судлах гэнэ. “Бид өөрсдийн үйлдвэрлэж чадах материалын тусламжтайгаар сансарт байшин барьж, ажиллаж, амьдрах боломжтой болно” гэж “Space Shuttle” хөлгөөр сансарт нисэж байсан сансрын нисгэгч, Киотогийн их сургуулийн судлаач Такао Дой ярилаа.
Сар, Ангараг гараг дээр мод тарьж, модон байшин барих 50 жилийн төлөвлөгөөний хүрээнд К.Дойгийн баг модыг сансарт ашиглах боломжтой эсэхийг тогтоохын тулд НАСА-гийн гэрчилгээ бүхий модон хиймэл дагуулыг бүтээхээр шийдсэн байна.
Киотогийн их сургуулийн ойн судалгааны профессор Кожи Мүратагийн хэлснээр, 1900-гаад оны эхээр онгоцыг модоор хийж байсан тул модон хиймэл дагуулыг ч бас бүтээх бас боломжтой гэж үзжээ. Мод нь сансарт дэлхий дээрхээс ч илүү бат бөх байх боломжтой, учир нь ийм материалыг ялзруулж муутгадаг ус, хүчилтөрөгч тэнд байхгүй гэж К.Мүрата хэлжээ. Түүнээс гадна, модон хиймэл дагуул нь ашиглалтаас гарсны дараа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатайг судлаачид хэлж байна. Ашиглалтаас гарсан хиймэл дагуулуудыг сансрын хог хаягдал болгохгүйн тулд агаар мандалд дахин оруулах ёстой. Ердийн металл хиймэл дагуулууд нь хөнгөн цагааны ислийн тоосонцор үүсгэдэг бол модон хиймэл дагуул нь бохирдол бараг үүсгэхгүйгээр шатах болно гэж Т.Дой тайлбарлажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг