Тус хуралдааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд мэдээлэлдээ "2024 онд цагдаагийн байгууллагын бүх ажлын үзүүлэлтийг шинэчилсэн. Миний хувьд бүх шатанд нь ажилласан учраас нэн шаардлагатай шинэчлэх зүйл нь ажлын ачаалал, үзүүлэлт юм. Тухайлбал, мөрдөн байцаах шатанд иргэдийн өгсөн гомдлыг хуулийн хугацаанд нь шалгах, иргэдийн хохирлыг нөхөн төлүүлсэн тохиолдолд ажлын үзүүлэлтэд хамруулдаг болсон. Мөн иргэдийн дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очсон тохиолдолд ажлын үзүүлэлтэд оруулахаар шинэчилсэн. Энэ мэт хэд хэдэн иргэд рүү чиглэсэн үзүүлэлтийг оруулсан.
Харин хэргээ шийдэхгүй нэг газар руу лавлагаа авах гэж хугацаа алдах, хэргийн шийдвэрлэх хугацааг сунгах зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг ажлын үзүүлэлтүүд оруулахгүй хассан. Одоо цагдаагийн байгууллагад эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын явцад нь хэрэгсэхгүй болдог явдал байхаа больсон.
Цагдаагийн байгууллага маш их ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэлд гэхэд л эрүүгийн нэг мөрдөгч 160-180 хэргийг гар дээрээ шалгаж байна. Нэг мөрдөн байцаагч 20-60 хэрэг хариуцаж байна. Тиймээс ажлын ачааллыг нь нутаг, бүс, ажиллаж буй байршил дээр нь тулгуурлан зарим нэг бүтцийн өөрчлөлтийг хийсэн.
Миний хувьд зовлон жаргал, бүх процессыг нь туулж өдий хүрсэн хүний хувьд цагдаагийнхаа алба хаагчийн ажиллах орчин нөхцөл, ачаалал, хуульч ажиллагаа дээр түлхүү анхаарч байна" гэлээ.