-Максим Матвеев, Константин Богомолов нар тус кинонд тогложээ–
Максим Матвеев, Константин Богомолов нарын тоглосон “Шерлок Орост” хэмээх олон ангит киноны нээлт 2020 оны намар START платформд болох ажээ. Энэ тухай ТАСС агентлагт тус видеосервисийн хэвлэлийн алба өнгөрсөн пүрэв гаригт мэдээлжээ.
“Өвөрмөц содон “Шерлок Орост” хэмээх олон ангит кино шинэ улиралд нээлтээ хийнэ. Нээлт ирэх намар болно” хэмээн хэвлэлийн албаныхан ярьжээ.
Мөрдөгчийн дүрд жүжигчин Максим Матвеев тоглосон. Обер-полицмейстер, улс төрийн томоохон тоглогчийн дүрийг Константин Богомолов бүтээжээ.
Зохиолд өгүүлснээр, Лондон хотноо хэд хэдэн эмэгтэйн амийг хөнөөсөн мунаг эр Жек Потрошителийн мөрөөр Шерлок Холмс мөшгиж байгаа тухай гарна. Алуурчинтай хийсэн бүтэл муутай тулааны үеэр мөрдөгчийн туслах Ватсон шархдана. Гэмт этгээд Оросын эзэнт улс руу зугтсаныг Холмс мэднэ. Цуврал киноны ангиуд Александр III хааны эрин үед өрнөнө. Тэрээр Пекарын гудамжинд доктор Карцевынд (Владимир Мишуков) өрөө хөлсөлж, түүний хамт орон нутгийн цагдаагийнхны эсэргүүцлийг үл харгалзан аймшигт гэмт хэргийн учгийг тайлна.
Олон ангит энэхүү кино нь Александр Цукалогийн продюсерийн “Среда” компани болон START видеосервисийн хамтарсан өвөрмөц содон төсөл ажээ. Төслийн зураг авалтад Павел Майков, Ирина Старшенбаум, Евгений Дятлов, Константин Юшкевич нар оролцжээ. Киноны зохиолыг “Метод”, “Троцкий”, “Лед”, “Притяжение” зэрэг кино болон цувралын зохиогч Олег Маловичко бичжээ. Нурбен Эген (“Пустой дом”, “Сеть”) найруулагчаар ажиллажээ.
Шерлокийн сэдвээрх уран санаа
Эгены хэлснээр Олег Маловичкогийн кино зохиол (сценари) Конан Дойлын бүтээлд суурилаагүй, Александр Цекалод энэ санааг анх зураач Александр Шабуров санал болгожээ. “Бид Шерлокийн сэдвээр янз бүрийн уран санааг кино болгож зураг авч байна. Манай Шерлок бол англи маягийн шог хошин, хэл яриа нь товч тодорхой, нарийн тооцоотой, хүйтэн хөндий боловч Санкт-Петербургт ирмэгцээ өөрчлөгдөж, Орос орныг өөрийнхөөрөө тусгаж эхэлдэг. Холмсын дүрийг бүтээхээр Максим Матвеев тун няхуур ажиллаж, тоглолтоо ямаршуу байдалтай эхэлж, хэрхэн дуусгаж, дараагийнхаа тоглолтыг яаж эхлэх талаар бүхэл бүтэн дэвтэр дүүрэн бичиж тэмдэглэсэн. Ингэхдээ тухайн цаг үеийг буулгаж харуулах, эсвэл Шерлокийн өмнөөс үнэнийг өчих зорилт тавиагүй, түүхэн үйл явдлыг сонирхолтойгоор өгүүлэхийг л бид хүссэн” хэмээн найруулагчийн хэлсэн үгийг хэвлэлийн албаныхан эшлэв.
Нэр цуутай жүжигчид энэ дүрийг бүтээчихсэн болохоор зураг авалтын өмнө эргэлзээ төрсөн тухайгаа Матвеев өгүүлэв. “Гэхдээ Шерлок бол харь орны хүн, тэс ондоо орчин нөхцөлд орж ирсэн болохоор түүнд ажил төрөл, гэмт хэргээс гадна нийгмийн нюансыг гэтэлж гарах, зөвхөн Орос оронд л байдаг бодит байдалтай дотроо хэрхэн тэмцэх гээд өчнөөн шог хошин, инээд хүргэм зүйл гарна. Үндэстэн бүр өөр өөрийнхөөрөө хийдэг болохоор технологи талаасаа оросоор хэлж ярихын тулд англи хүн ямаршуу хичээл зүтгэл гаргадаг талаар Орос оронд удаан хугацаагаар амьдарсан англи хүнтэй олон удаа уулзаж ярилцсан. Англичуудад байдаггүй авиа, үйл үг, өгүүлбэрийн бүтэц гээд тэр бүгдийг л би харуулахыг хүсч хичээсэн” хэмээн түүний хэлснийг хэвлэлийнхэн эшлэж дурдав.
Олон ангит киноны зураг авалтыг 2019 оны зун Санкт-Петербург болон түүний ойр орчимд, тухайлбал, XIX зууны эд өлгийн зүйл хадгалагдаж үлдсэн Большая Морская гудамжин дахь Половцевын харшид хийсэн аж.
Эх сурвалж: Цахим “Зууны мэдээ” www.zms.mn