Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Их зудын дараах малчдын амьдрал: Хот нь эзгүйрч, нүдний гал нь унтарчээ


ЗУД. Хэлж ирсэн ч бай, хэлээгүй ирсэн ч бай бид давсангүй, дарагдлаа. Малтайгаа, машинтайгаа, хоттойгоо, хоолтойгоо, гэртэйгээ дарагдлаа. Үлдсэн юм гэвэл өр л байх шив. Энэ бол Монгол орны аль нэг аймаг, аль нэг сумд суугаа жирийн нэг "бор" малчны амны уншлага.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл, зуд шүү дээ. Өвгөдийн ярих өнөө бичин жилийн зудаас л эмээж явсан монголчууд туулай жилийг тунчиг хүнд үдэв. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд мөсөн зудын нөхцөл байдалтай 13 аймгийн 58 сум, цагаан зудын нөхцөл байдалтай 17 аймгийн 139 сум, цагаанаар зудархуу 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг байна. Ер нь, тэр чигтээ зудад нэрвэгдсэн.
Эл зудын гороор манай улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт 3.5 сая мал хорогджээ. Хэрэв хувьчилж авч үзвэл нийт хорогдсон малын 49 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байгаа аж.
•     •     •
Тэр дундаа зүүн аймгийн нутгаар хэдийнэ хот нь харласан. Гэтэл өнөө паартай байшингийн паалантай жорлонтонгууд ойлгосонгүй, ойлгохыг ч хүссэнгүй.
Мал гэдэг малчдын ганц хөрөнгө. Зарим талаараа тэдний хүүхэд, мөн бизнес. Гэтэл хүүхэд ч үгүй, бизнес ч үгүй, хөрөнгө ч үгүй болчхоод байхад "Зуд бол байгалийн бус арчаагүйнх" гэх. Иргэд нь ингэж тохуурхаад, ээлжилж очсон улстөрчид нь хөлөө хөлдөөгөөгүйд нь баяр хүргэж, байгальтай тэмцэлдсэнд нь юм уу, юунд юм бүү мэд, одон медалиар шагнах жишээтэй.
Ер нь хэн, хэн нь бодит байдалтай танилцах, түүнийг мэдэх хүсэлгүй буй. Иймээс бид энэхүү зудад нэрвэгдсэн малчдын бодит байдлыг хуваалцаж байна. Товчхондоо, хот нь малгүй, малчдын нүдний гал нь унтарчээ. Өвөл дууссан ч хаврын хавсарганаар үлдсэн хэдийг нь дуусгах вий гэсэн айдастай байгаагаа ч хэлж байв.
...Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчин О. Түүний хувьд олон жил мал малласан. Хотод болон аймгийн төвд хүүхдүүдэд нь амьдардаг ганц бие эмэгтэй. О-ийн өвлийн бэлтгэл болоод улирал бүрийн нүүдлийг хүүхдүүд нь тухай бүрд нь хийж өгдөг байна. Энэ жил ч ялгаагүй. Гэвч арваннэг, арванхоёрдугаар сард байдал бишдэж 200 орчим бог мал, 30-аад үхрийг бойнд явуулсан. Ингэж борлуулсан мөнгөөрөө нэмэлт тэжээл, өвс авсан байна. Хэдийгээр өвс тэжээлийг хангалттай хэмжээнд авсан боловч хэт хүйтнээс улбаалан өдөрт 30-50-иар хорогдсоор өдгөө 500-аас 40-50 тооны малтай үлджээ. Энэ нь зөвхөн бог мал. Харин бод мал, адууны тухайд анх их хэмжээний цас орсон нэгдүгээр сараас хойш сураг алдарч, хаана байгааг нь мэдэхгүй байгаа. Гэхдээ чимээ тавьж үзвэл Дорноговь аймагт сураг гарсан гэв.
Хэдийгээр энэ нь зөвхөн нэг айлын жишээ боловч яг үүнтэй адил хэдэн арван малчин өрх бий. Тэдэнд ч өөр өөр шалтгаан, асуудлууд тулгарсаар буй.
Жишээлбэл, малчдын дийлэнх нь нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сараас малаа ихээр алдсан. Гэтэл дээрх сумын малчин Х/нэрийг нь гаргахгүй гэх үүднээс Х гэе/-ийн хувьд аль арванхоёрдугаар сард бүх малаа, бүр нэг тооны ч малгүй болтлоо зудад нэрвэгдсэн. Ингэснээр тэрээр цас ихтэй, машин явах боломжгүй байсан тул гэрээ орхин, сумын төвийг бараадсан байдаг. Харин өдгөө цас ханзарч буй энэ үеэр гэрээ авахаар очжээ. Түүний гэр бүлд олон асуудал байгаагийн нэг нь оюутны сургалтын төлбөр. Охин нь их сургуулийн гуравдугаар курсэд сурдаг ч ирэх намар зээлтэй, мөн ганц бизнес болох мал нь үгүй учир охин нь сургуулиасаа чөлөө авахаар зэхэж байгаа аж.
•     •     •
Их зудын дараах малчдын амьдрал: Хот нь эзгүйрч,  нүдний гал нь унтарчээ
Зудын нөхцөл зөвхөн малчид, хөдөө орон нутгийнхны асуудал гэхээс илүүтэй тухайн гэр бүлийн хамаарал, хамаатан садан, хүүхдийн ч асуудал болж хувирч байна. Иймээс хот нь харлах хэмжээнд хүрч, өөрөө ажилгүй болсон иргэнтэй ярилцлаа.
•     •     •
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг М.Чухамдорж гэдэг. Барилгын инженер хийдэг байсан. Одоогоор ажилгүй л байна даа.
-Хэзээ хотоос хөдөө рүү явав, очиход ямархуу нөхцөл байдалтай байв?
-Би аав, ээжийнхээ намрын бэлтгэл ажлыг урьд урьдын жил шиг л бэлдэж, тодорхой хэмжээний боодол өвс, хивэг аваад очсон. Мөн хашаа хороогоо ч янзалдгаараа янзалсан. Арванхоёрдугаар сард цас их орж, нэгдүгээр сар дөхүүлээд “Болохоо байлаа. Өдөрт 50, 60, 10, 20-иороо үхээд эхэллээ. Миний хүү хүрээд ир” гэхээр нь ажилладаг байсан газраасаа чөлөө аваад хөдөө явсан. Хөдөө очиход маш хүнд, жижиг тэрэгтэй очиход замгүй байтугай замтай газраар ч явахад хэцүү байсан. Арай гэж гэрээсээ нэг, хоёр км-ийн зайнд очиж, гэр лүүгээ алхаж харьсан.
-Танай аав, ээжийн тухайд мал маллаад хэр удаж байгаа юм бэ?
- Манай аав, ээж 21 жил мал маллаж байгаа хүмүүс байдаг. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багийн малчид.
-Яг нөхцөл байдал нь ямархуу байсан юм бэ?
-Ерөнхийдөө тэжээлийн морь ч явахад хүнд болоод, сүүлдээ хонио явган хариулсан. Хонио бэлчээрт гаргахаар идэх юм байхгүй. Бүр хүрз бариад гарч байлаа. Хэсэг газар ухаад л харлуулаад нөгөө хэдийгээ дөхүүлж байсан.
-Муугаар бодоход хэрвээ хаврын энэ уртад үлдсэн цөөн хэд нь үгүй болбол зээлээр дахиж мал авах уу эсхүл хот руу орж ирж ажиллах уу?
-Нэгд, дахиад зээл авах боломж гарах уу. Бараг гарахгүй байх. Хэрэв зээл гарлаа гэхэд мал зарах айл ч үлдсэнгүй шүү дээ. Тэгэхээр хаанаас авах юм бэ. Манай нутгийн тухайд төмөр зудтай гэж байгаа. Зун гэхэд юу ч үгүй болох учраас одоогоор айлууд малаа мөнгөнд л 10, 20, 30, 40, 50, 100-аар нь явуулж байх шиг байна. Ченжүүдэд 40 мянган төгрөгөөр ачуулаад байж байна. Энэ чинь 100 мянгаар хонио зардаг байлаа гэж бодоход малын 40 хувийн л үнэлгээ шүү дээ. Нэг талаараа шулж байгаа асуудал.
-Тэгээд танайх хот, сум руу дөхөх болов уу?
-Одоогоор манай гэр бүлийнхэн хотод харин манай аав л хэдэн мал дээрээ байна. Аав маань цас ханзрахаар адуу малынхаа араас яваад, үлдсэн хэд байгааг нь цуглуулна гэж байгаа. Тэгчхээд адуутай айлд адуугаа, үхэр байвал үхэртэй айлд, хонь ямаагаа өөр нэг айлд нийлүүлчхээд л гялс л хотод орж ирж ажил хийх төлөвлөгөөтэй байна даа.
-Малчид өөрсдөө бэлтгэлээ олигтой хангаагүйгээс л болж малаа зудад алдаж байна гэх хүмүүс байгаа шүү дээ. Үнэхээр малчид бэлтгэлээ муу хийгээд байдаг хэрэг үү?
-Хотынхон мэдэхгүй байж магадгүй. Газар дээр нь очоод үзэх юм бол хашаа хороо нь өвлийг давах хэмжээний гайгүй дулаалгатай барьсан байдаг. Шууд салхи нэвтрэх хэмжээний юм барина гэж юу байх вэ дээ. Энэ жил яасан бэ гэхээр урьд өмнөх жилүүдээс маш хүйтэн жил байсан болохоор бууц хөлдсөн. Бууц хөлдөнө гэж сонсож байсан байх. Тэгж бууц хөлдсөн гэхээр хөлдүү зүйл дээр мал хэвтэж байна л гэсэн үг. Ер нь хүйтнээс л болж үхээд байна.
-Өвс тэжээлээс илүү хүйтнээс болсон гэсэн үг үү?
-Үгүй ээ, шууд тэгж хэлж болохгүй. Хүйтэн дээрээс цас их орсон болохоор мал өвсөө идэж чадахгүй нэг хэсэг нь өлдөж үхэж байна. Нөгөө хэсэг нь хүйтнээс болоод бээрч үхэж байна. Орой бэлчээрээс дөрвөн мөч нь хөлдчихсөн л мал ирж байна. Бид нар тэрийг нь гэртээ оруулж байх жишээтэй.
-Шуурганаас болоод малаа бэлчээхгүй хэдэн хоногоор байлгаж байсан шүү дээ. Танайх ойр ойрхон л хашаалаад байв уу?
-Манайх намайг очсоноос хойш шуурганаас болж хоёр хоног малаа бэлчээгээгүй. Хэдэн боодол өвс хаяж өгөөд ч нэмэргүй байсан. Яагаад гэхээр мал өөрөө бэлчээрт гарч байж хүч тэнхээ ордог. Тэрнээс зогсож, нэг газар хоригдож байгаа мал бол хүч тэнхээ ордоггүй юм билээ.
-Ойр хавийн айлуудынх ч бүгд хиарсан уу?
-Яг бүгд хиарсан гэхэд хэцүү. Ядаж 20-30 “юм”-тай үлдсэн. Ингэж цөөхөн юмтай үлдчихээр түүнийгээ өөрсдөө хариулах хэцүү, болих хэцүү. Тэгээд айл амьтантай нийлүүлээд байж байна.
-Өр зээлийн тухайд хэр хэмжээний зээлтэй вэ, намар хэчнээн төгрөгт өвс тэжээл авав, сая дахиад зээл авч өвс тэжээл авсан уу?
-Намрын бэлтгэлд нийтдээ 3-4 сая төгрөгөөр л өвс тэжээлээ бэлдчихдэг юм. Энэ жил ч ялгаагүй л дээ. Банкнаас зээлтэй болохоор намар цөөн хэдэн малаа хийгээд өвлийн бэлтгэлээ хийсэн. Гэхдээ тэр өвс, тэжээл нь аль эрт дууссан. Тэгээд дахиад авсан гэсэн үг.
-Хэр хэмжээний?
-Дахиад хоёр, гурван сая төгрөгний өвс тэжээл авсан. Тэр нь ч дуусаж байгаа байх.
-Тэгэхээр хаврын урт үед үлдсэн хэдийгээ авч үлдэхийн тулд дахиад л өвс тэжээл авч таарна байх даа?
 -Ядаж шөлний юмтай үлдэх талаар бодох л байх даа.
-Малчдын бизнес бол мал шүү дээ. Тэгэхээр малаа зудад алдчихаар эдийн засгийн хувьд ямархуу байдалд байна?
-Миний хувьд арванхоёрдугаар сард хөдөө явж, гуравдугаар сард хотод ирсэн. Тэгээд гурван сар гаруй ажлаа салгардуулаад, орхичихоор ямар ч газар буцаж авдаггүй л юм байна. Одоо ажилгүй, ажил хайгаад л байж байна. Ер нь, хэцүү байна.
•     •     •
Д.ЭрдэнэбаатарД.Эрдэнэбаатар

Малчдын сэтгэл санааг ойлгох нь..

-Саяхан хөдөө орон нутгийн иргэд зудад малаа алдсан учир сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөр ажиллана гэдэг мэдээлэл тархахад иргэд малчид, монголчууд сэтгэлийн хат сайтай, бараг сэтгэлзүйчдэд зөвлөгөө өгнө гэх зүйлийг яриад байгаа. Монголчууд тийм сэтгэлийн хаттай хүмүүс хэрэг үү?
Клиникийн профессор, Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар: Монгол хүн гэхээс илүү хүн гэдэг утгаараа ярих нь зүйтэй байх. Хэчнээн хүчтэй хүн байсан ч гэсэн хүүхэд нь гэнэт нас барвал яах вэ. Малчин хүнд өөрийн мал нь хүүхдээс өөрцгүй болчихсон байдаг. Тэр нь ганц биш хэдэн зуугаараа байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж ойлгож байгаа, тэгж бичиж байгаа хүмүүс хэзээ ч малчин хүний сэтгэлзүйг мэдэхгүй л гэсэн үг. Малчин хүн хүчтэй ч хүн л байхгүй юу. Тэр хүнд жаргал, зовлон, ядрах, гутрах, хямрах бүх зүйл бий шүү дээ. Насаараа өсгөсөн, бараг аав ээжээс нь өвлөж ирсэн, амьдралынх нь нэг хэсэг болчихсон хэдэн мал нь хэдхэн цагийн дотор хэдэн зуугаараа хиараад байхгүй болох юм бол яах вэ. Сэтгэлзүйн хувьд, эдийн засгийн хувьд, амьдралын хэв маягийн хувьд, үнэт зүйлийн хувьд энэ чинь гамшиг шүү дээ. 2009, 2010 оны зудын үеэр тодорхой хэмжээний малчид сэтгэлзүйн асуудлаас болж амиа хорлож байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар тухайн үед орон нутгаар явж байлаа. Өнөөдөр тухайн үеийг бодвол сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, засал хийх хүний тоо харьцангуй олон болсон. Гэхдээ энэ жилийн хувьд 2009, 2010 оныхоос илүү хүнд болж байна. Тэгэхээр ямар ч хүнд сэтгэлзүйн зөвлөгөө, засал хэрэгтэй байдаг юм. 

https://itoim.mn/a/2024/03/18/society/mxg
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ