Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвийн жолооч Б.Баяраагийн "Хишиг өдөр" тохиож, хамт олон нь хүндэтгэл илэрхийллээ. Ингээд түүнтэй хөөрөлдөж, сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улсад хэчнээн жил ажиллав. Яаралтай тусламжийн жолооч их онцлогтой болов уу?
-Би улсад 39 жил ажиллахдаа 22 жилийг нь түргэн тусламжийн тэр дундаа яаралтай тусламжийн жолоочоор ажилласан байна. Хүний амь, эрүүл мэндийг авран хамгаалах их үйлсэд тасралтгүй 22 жил ажиллахдаа алсын дуудлагад 700 гаруй, дотор дуудлагад 5000 гаруй удаа явжээ.
Түргэний яаралтай тусламжийн жолооч хүн цаг ямагт бэлэн байдалд байж, тангараг өргөсөн юм шиг ажил үүргээ гүйцэтгэж явдаг онцлогтой ажил шүү дээ.
Миний тухайд аймгийн Авто тээврийн 23 дугаар бааз, мөн аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 2003 оноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн албанд түргэний жолоочоор тасралтгүй ажиллаж байгаад одоо гавьяаныхаа амралтад сууж байна.
-Олон жил ажилласан хамт олон тань танд хүндэтгэл илэрхийлж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр сүүлийн гараандаа гарч, гавьяаныхаа амралтад суусан. Хамт олонтойгоо нэг тогооноос хоол идэж, жаргал зовлонгоо хуваалцаж явлаа. Эмч, сувилагч, асрагч нартайгаа хатуу хөтүүг туулж явлаа.
-Санаанд тод үлдсэн олон сайхан дурсамж байгаа байх?
-Сайн, муу олон юманд явлаа. Өвчтэй хүн гэдэг чинь хэцүү л дээ. Баянхараатад эх төрөх гээд бид яаралтай дуудлагад 5 эмч, 3 сувилагчтай 8-уулаа УАЗ 469 гэдэг машинтай явсан. Эмч нар маань эхийн эндэгдэл гарах гээд байна. Маш хурдан явах хэрэгтэй, тэнд хоёрын 2 хүний амь байгаа гээд их л яарч байв.
Тэгээд надад ерөөсөө хурдан л явах минь гэсэн бодол байлаа. Сүхбаатараас Баянхараат хүртэл 68 км газарт 35 минут л яваад очсон. Түүн дээр би Арангатын даваа руу 110 км цагийн хурдтай явсан байсан.
Очингуут эмч нар хувцсаа өмсөөд л гүйгээд орсон. Тийм үед би зүгээр байхгүй шүү дээ. Эм тариа, багаж төхөөрөмжийг нь зөөж өгдөг. Тэгж байтал эмч намайг хурдлаарай, эм тарианд яваарай гэсэн. Би ч эм зүйчийг нь маш хурдан гэрээс нь аваад, эм тариа аваад буцаж очсон. Тэгээд л эх, хүүхэд хоёрыг эсэн мэнд хүлээж авсан даа.
Манай эмч нар жолооч авхаалж самбаатай, онцгой байдалд ур чадвар гаргаж явсан учраас бид 2 хүний амийг аварч чадлаа. Бид 2 минут л хоцорсон бол дуусах байлаа гэж эмч нар ярьж байсан.
Дараа нь хурал дээр манай эмнэлэгт ийм л овсгоо самбаатай жолооч маш хэрэгтэй байгаа юм. Танд баяр хүргэе гэж байсан. Энэ бол 2009 оны намар байлаа. Тэр үед жаахан хяруу унаад цас орох гээд хялмайлсан намар цаг байсан.
Магтуулахын зэрэгцээ дараа нь даргадаа бас загнуулсан. Хэдийгээр чи хүний амь аврах гэж байсан ч гэсэн, наад машиндаа 7-8 хүний амийг тээж яваагаа мартаж болохгүй. Оросын машин хэдэн км-ийн хурдтай явж болох уу гээд загнаж байсан. /инээв/
-Түргэний жолооч хийхийн зэрэгцээ бараг эмчийн туслах болж явдаг юм уу даа?
-Эмчтэй зэрэгцээд л ордог, тариаг нь хүртэл найруулаад өгнө. Багаж хэрэгслийг нь дөхүүлж өгнө. Эмч хурдлаарай гэхээр нь сандраад л явчихдаг. Би олон ч юман дээр орж байсан. Бас Харгистайд 2 ихэр төрөх гээд дуудлага ирсэн. Бидний явах зам маш хүнд. Зудтай, даваа цастай, зам боогдчихсон. Голын эргээр явах гэхээр хавцал хадан дээгүүр мөстсөн болохоор маш хэцүү. Тэгээд яахав дээ явж л таарна шүү дээ. Ёстой л зүрх гаргаад л явсан. Миний өвдөг чичрээд л гарж байсан. Биднийг яваад очиход нэг хүүхэд нь гарчихсан. Нөгөө хүүхэд нь гараагүй байлаа. Эмч сандраад хурдлаарай, хүүхэд бүтэх нь байна шүү. Тариа задлаад өг, бас энэ заасан газарт дар гээд л. Би тариаг нь задлаад, бүх юмыг нь гаргаж бэлдээд өгдөг. Тэгж байтал хүүхэд нь гараад ирсэн. Бүгдээрээ баярласан.
-Саяхан эмч нартай хамт хагалгаанд орсон гэсэн үү?
-Тэгсэн. Г.Ганзориг, С.Цогоо эмч хоёртойгоо хамт хагалгаанд орж, гэрлийг нь барьж өгч тусалсан.
-Ингээд гавьяаны амралтаа эдлээд суух гэхээр юу бодогдох юм?
-Олон жил хамт ажилласан нөхдөө санана даа. Олон жил ажиллаад явж байхад хамт олон дотор маргаж, зөрөх юм гарна. Гэхдээ түүнийг юманд чинээ бодохгүй. Ажлын л төлөө юм чинь гээд дараа нь инээж хөхрөөд л хамт олноороо зөндөө л юманд нааш цааш явж байлаа.
Нэг л сэтгэл сонин, гавьяаныхаа амралтад гарна гэхээр сэтгэл догдлоод байдаг юм байна. Энэ өглөө би 4 цаг 29 минут гэхэд сэрсэн. Юу билээ ажлын цаг юу билээ гээд цаг харсан. /инээв/.
-Хишиг өдөр, ажлын сүүлийн өдрөө юу хийв?
-Ээлж биш болохоор 103-таа гараагүй. Алсын дуудлага ч гарсангүй. Гэхдээ дотроо эм тариагаа татах зэрэг ойр зуурын ажлууддаа явлаа.
-Та бас залгамж халаагаа бэлдсэн байна. Шавьдаа юуг эрхэмлэн захиж байна даа?
-Шавьдаа машинаа хүлээлгэж өгөх учраас машин тэргээ цэвэрлээд цэмцгэр болгосон. Б.Лхагвадорж гэдэг шижигнэсэн сайхан залууд ажлаа өглөө. Түргэний жолооч хүн тангараг өргөсөн эмч хүн шиг л ажилладаг, шуурхай, самбаатай байх ёстойг л захилаа.
-Таны хамт олондоо хэлэх үгийг дамжуулья?
-Ажлын хамт олондоо эрүүл энх, сайн сайхан, ажлын их амжилтыг хүсэн ерөөе. Та нартаа хайртай шүү. Та бүгдтэйгээ хэзээд хамт байна. Хэлж ярих, асууж зөвлөх юм байвал утсаар ч хамаагүй дуудаад асууж болно. Машин тэрэг болохгүй байгаа тохиолдолд би хүрч очоод чадах ядахаараа тусална аа л гэж хэлье. Хүндэтгэл илэрхийлсэнн хамт олондоо баярлалаа.