-ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, “Нүүрсний сонсгол” тойрсон асуудлаар ам нээв. Тэрбээр улстөрчид нам харгалзахгүй хэн хэн нь, нэг нэгнээ барьцаалчихсан явдал нь “Нүүрсний хулгай”-г эцэслэхэд хамгийн том тээг болж байгаа гэдгийг тодотгожээ-
Хотын дарга Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байхад түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Нохойд барьдаг мод” гэж нэрлэдэг байлаа. Тэгвэл Х.Нямбаатарын ажлыг авсан өнөөгийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХУУЛИЙН ИЛД нь болж ажиллаж байгаагаа тодотгожээ.
Тэрбээр “Би өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд сайд болсон. Намайг ХЗДХ-ийн сайд болохоос өмнө Ерөнхий сайд ам асуусан. Хулгайтай тэмцэхэд хамт зогсож, нүүрсний сонсголыг хийж чадах уу гэсэн. Энэ бол улс төрийн даалгавар юм. Тиймээс би Ерөнхий сайдын хуулийн илд нь байна гэж хэлсэн. Хуулийн илд гэдэг нь болохгүй хүний толгойг цавчина л гэсэн үг” хэмээн ярьжээ.
Өөрөөр хэлбэл, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, “Нүүрсний сонсгол” тойрсон асуудлаар ам нээсэн байна. Түүний ярьснаар бол улстөрчид нам харгалзахгүй хэн хэн нь, нэг нэгнээ барьцаалчихсан явдал нь “Нүүрсний хулгай”-г эцэслэхэд хамгийн том тээг болж байгаа аж. Түүнчлэн "Нүүрсний сонсгол"-ыг ахалж явуулснаараа улс төрийн хүрээнд, ялангуяа нам дотроо олон дайсантай болсон гэдгийг ч дурдсан байна. Учир нь, “Нүүрсний сонсгол”-ыг хоёр үе шаттай зохион байгуулж дууссаныхаа дараахан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “Маргаашнаас эхлэн нүүрсний мафи над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд гурван тэрбум төгрөгийн төсөв /Үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан/ гаргаад байна” хэмээн бичиж байлаа.
Харин нэвтрүүлгийн үеэр "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дуудагдсан ч ирээгүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай харилцаа муу, тааламжгүй байгаа гэдгээ хэллээ. Гэхдээ тэдний хооронд ямар нэгэн шүүх, цагаагийн асуудал байхгүй. Нөгөө талд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг хуулийн байгуулагад өгч, өөрийнхөө нэр төрийг цэвэрлэж авна гэдгээ ч хэвлэлд ярьсан байдаг.
Харин тэр “Нүүрсний сонсгол”-ын хамгийн том гэрч гэдгээ шүүх хурлынхаа үеэр зарлаж, өнгөрсөн долоо хоногт шүүхээс таван жил есөн сарын ял авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн талаар огт ам нээсэнгүй. Заримдаа чимээгүй байх нь хүртэл хариулт, байр суурь гэж хэлж байгаа харагдав.
Түүнээс гадна УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзсан Ж.Мөнхбат, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, "Женко" Х.Баттулга нарыг сонсголд дуудсан ч ирээгүй шалтгааныг нь "хэн нэгнийг барьцаалчихсан, хэн нэгэнд барьцаалагдчихсан"-тай холбож тайлбарлана билээ.
Ямартай ч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийгөө МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “хуулийн илд”-ээр ажиллаж байгаагаа тодотголоо. Өөрөөр хэлбэл, болохгүй хүний толгойг цавчих эрхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгсөн нь үнэн бол тэр илдэнд намаас нь хэн хэн өртөх нь бараг л уншигдаж байна даа.