Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 1 гр өтгөн ялгадсанд 16 сая вирус, 1 сая бактери байдаг гэжээ. Зөвхөн бохир жорлонгоос үүдэлтэй долоон төрлийн гэдэсний халдварт өвчин манай улсад бүртгэгдсэн байдаг ажээ. Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрх энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж, Нийслэлийн хөрсний 88%-д нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувь нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байдаг талаар болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн гэр хороолол, хөрс, хатуу шингэн бохирын менежментийн эргэн тойронд мэдэж болно.
Харин аймгийн хөрсний бохирдлыг судалсан судалгаа байхгүй. Хуучнаар, Мэргэжлийн хяналтын газар байхдаа тогтсон цэгээс хөрсний дээж авч, бохирдлыг гаргаж байсан ч одоогоор тогтмол хийгдсэн, нэгдсэн дүн шинжилгээ алга.
Жорлон тоолоход...
Агаар сансрын зураг ашиглан 2022 онд нийслэлд тооллого хийхэд 144992 ширхэг нүхэн жорлон тоологджээ. Байршлын хувьд гүний усанд нөлөөлөхүйц, голын ус, ундны усанд ойрхон, тухайн бүсүүдийн хүн амын нягтаршил зэргийг харгалзан дөрвөн бүсээр ангилсан. Голын хамгаалалтын бүс, орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхүйц 9400 орчим нүхэн жорлон байна. Дунд зэргийн сөрөг нөлөөтэй 41 мянга, захын буюу харьцангуй бага сөрөг нөлөөтэй 71 000 нүхэн жорлон байна.
Архангай аймгийн хэмжээнд жорлон тоолсон нэгдсэн судалгаа байхгүй тул нийслэлийн адил гүний ус, ундны усанд нөлөөлөх нөлөөллийг харах боломжгүй юм. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас гэр хороололд 15396 нүхэн жорлон, 5798 угаадасны нүх, стандартын шаардлага хангасан соруулдаг 824 жорлон байна гэсэн тоон мэдээллийг өглөө. Эрдэнэбулган сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн тус суманд 4000 гаруй модон жорлон байгааг мэдээлэв.
2022 оны Статистикийн мэдээллээр Архангай аймагт 16198 малчин өрх, сумын төвд 5167 өрх, аймгийн төв Эрдэнэбулган суманд 6364 өрх байна. Аймгийн төвийн өрхөөс орон сууцны айл өрх, төвийн нэгдсэн шугамд холбогдсон өрхөө хасаад 5350 өрх байна. Дээрх тооноос дүгнэн харахад малчин өрхийг намаржаа-өвөлжөө, хаваржаа-зуслан гээд багадаа 2 жорлон хэрэглэнэ гэж үзээд нэмбэл аймгийн айлуудад 42913 модон жорлон байгаа гэж баримжаалж болно.
Үүн дээр аж ахуйн нэгж, хөдөөгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төр захиргааны байгууллагууд гээд нарийн тооцоо гаргавал модон жорлонгийн тоо 50,000 руу дөхнө. Гэвч бидний нийтлэлийн зорилго жорлон тоолох биш тул энд хүрээд орхиё.
Жорлон буулгав...
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заагдсан "Гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттайгаар стандартын шаардлагад нийцүүлэх" зорилт болон “Алсын хараа 2050" Монголын урт хугацааны хөгжлийн бодлогот заасан агаар болон орчны бохирдлыг бууруулах үндэсний бодлогыг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор “2023-2025 оныг Монголд Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан, Нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, Улсын тусгай хамгаалалттай газар, Сав газрын захиргаануудад БОАЖ-ын Сайдын 2023.02.28-ны 02, 03, 04 дугаартай “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд 2023 оны 3 дугаар сарын байдлаар 21 аймгийн стандартын бус 909 жорлонг буулгажээ.
Дээрх ажлын хүрээнд Архангай аймгийн Өгийнуур, Тариат, Өндөр-Улаан, Хангай, Цэнхэр сумдад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, ШТС-ын нийт 138 нүхэн жорлонг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Хангай сумын Ноёнхангай рашааны 2 нүхэн жорлон, Өндөр – Улаан сумын нутагт орших Чулуутын гүүрний дэргэд үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын стандартын бус 5 нүхэн жорлонг буулган халдваргүйтгэл, ариутгал хийсэн байна.
Жорлон барив...
Архангай аймаг нь аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлээ болгосон, аяллын гол бүс нутаг билээ. Үүний улмаас жуулчид буудаллан амардаг рашаан ус, голын ай сав газар болон жуулчны баазуудад био, эко жорлон нэвтрүүлэх чиглэлийг аймгийн Засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газраас зааварлажээ.
Энэ хүрээнд жорлон шинэчлэх ажлууд шат дараатай хийгдэж байна.
⦁Хангай сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанаар Ноёнхангай халуун рашаанд стандартын соруулдаг эко жорлон байршуулах санал оруулж, сумын урсгал зардлаас 3.000.000 төгрөг зарцуулан, 2 тасалгаатай, 2 суултуур бүхий жорлон барьжээ.
⦁Цэцэрлэг сумын Мухар хужиртын рашаанд 8*6 харьцаатай 2,4м өндөртэй байшин бүхий эрэгтэй-2, эмэгтэй-2, тусгай хэрэгцээт хүний болон хүүхдийн суултуур бүхий 6 тасалгаа, 2 угаагууртай 1 ариун цэврийн байгууламжийг Маргад-Оюу бюлдинг ХХК 2023 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэжээ.
⦁Өгийнуур сумын Өгий нууранд аялал жуулчлалын чиглэлээр эко гэр ажиллуулдаг иргэд стандартын шаардлага хангасан 15 жорлон шинээр барьсан.
⦁Эрдэнэбулган суманд Эко жорлон үйлдвэрлэлийн чиглэлээр И.Саруул гэх залуу үйл ажиллагаа явуулаад дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Түүний санал болгож байгаа эко жорлонгийн шийдэл нь нүхийг битүү цементээр цутгасан соруулдаг жорлон бөгөөд одоогоор 500 орчим айл өрх эко жорлон хийлгээд байгаа бөгөөд 2 сая төгрөгийн өртөгөөр борлуулдаг ажээ.
Эко жорлон үйлдвэрлэгч иргэн И.САРУУЛ: - Хөрсний бохирдол үүсгэж байгаа гол шалтгааны нэгийг модон жорлон гэж боддог. Үүнийг шийдэх арга зам эрэлхийлэн байгальд ээлтэй био жорлон үйлдвэрлэх санаа төрөөд хийж эхэлсэн. Анхны жорлонгоо гэртээ зориулж хийсэн. Миний хийж байгаа эко жорлонгийн хувьд нүхээ ухаад, ёроолыг цементээр цутгаад, хана хэсгийг цементэн цутгамал саваар шийдсэн. Дүүрвэл соруулна. Одоогоор 500 гаруй жорлон хийгээд байна. Хөрсний бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд жуулчны бааз, амралтын газар, эко гэрүүд өнгөрсөн зун жорлон ихээр хийлгэсэн.
Тайлбар: Иргэн И.Саруулын үйлдвэрлэдэг соруулдаг жорлон суурилуулж байгаа нь.
Нүхэн Жорлонгүй Архангай болно гэдгээ “зарлав”
Архангай аймаг нь төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг аялал жуулчлалын салбарт манлайлан харуулж байгаа жишиг аймаг юм. Түүхт 100 жилийн ойгоо контейнер ашиглаж хувийн хэвшлийн барьсан цэнгэлдэх хүрээлэнд хийж, энэ зун Аяллаа Архангай гэсэн аялал жуулчлалын хөтөлбөрийг санал болгоод чамгүй амжилт олсон. 2023 оны Аялал жуулчлалын салбарын Шилдэг эвентээр АРА комплекс-Аяллаа Архангай хөтөлбөр шалгарахад нөлөөлсөн байхуйц нэгэн шийдэл нь наадамчдад зориулсан эко жорлон байсан.
Зуны турш “АРА” комплекст долоон цэгт зургаан тасалгаа бүхий ариун цэврийн хуурай байгууламж хоёр, дөрвөн тасалгаа бүхий хуурай жорлон хоёр, соруулдаг эко жорлон 30 гаруйг ажиллуулж, эко жорлонг олон хүн цугласан эвент дээр хэрхэн ашиглаж болохыг харуулсан. Энэ шийдлийг саяхан зохион байгуулсан, 30,000 хүн цугласан өвлийн эвент Winterland ice festival-д бас ашигласан.
Тайлбар: АРА комплексийн эко хуурай жорлон
Зураг: АРА комплексийн эко хуурай жорлон
Архангай аймгийг “Нүхэн жорлонгүй аялал жуулчлалын бүс” болгох зорилгыг тодорхойлж, байгальд ээлтэй эко жорлонгийн шийдлийг аймгийн хэмжээнд нэвтрүүлэхээр Засаг даргын тамгын газар болон “Дулаан Эрчим” ХХК-ны хооронд гэрээ байгууллаа. Ингэснээр 100 жилийн ойгоо тэмдэглэсэн тус аймаг ойрын жилүүдэд нүхэн жорлонгүй аймаг болох хөгжлийн бодлогоо бүх нийтэд зарлаад байна.
Энэ талаар Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ч.БАТНАЙРАМДАЛ өгүүлсэн нь:
- Архангай аймгийн ЗДТГ-аас "Эртний нүүдэлчдийн өлгий" аялал жуулчлалын холбоо, "АРА Комплекс"-той хамтран аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүн, маршрут, тулгарч буй асуудлуудад шийдэл, санал дэвшүүлэх болон салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар хэлэлцэх зорилготой "Аяллаа Архангай 2024" аялал жуулчлалын үзэсгэлэн, форумыг өнгөрөгч 9-р сарын 29-өөс 10-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан. Форумд аймаг, орон нутгийн удирдлагууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тур оператор компаниудын төлөөлөл 200 гаруй хүн оролцож:
- “Хорхог” буюу жуулчдын хоолны асуудлууд, тэдгээрийг шийдэх нь
- “Фургон” буюу тээвэр ложистикийн асуудлуудыг шийдэх нь
- “Модон жорлон” буюу зочдын тав тухтай байдлыг хангах шийдлүүд гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгардаг нэн чухал асуудлууд, тэдгээртэй холбоотой хэрэгжих шинэ санаачилгуудыг ярилцлаа.
Өвлийн аялал жуулчлалын эвент “Winterland ice festival”-д энэ жил эко жорлонг ажиллуулсан нь амжилттай болсон. Малчин айл өрхүүд өвөл, зунгүй ашиглах боломжтой, тээвэрлэн зөөвөрлөхөд хялбар, ногоон зээлээр худалдаалах хуурай био жорлонг Архангай аймгийн жуулчин хүлээн авах бүх айл өрхүүдэд нийлүүлж, нүхэн жорлонгоос бүрэн татгалзах санаачилгыг өрнүүлсэн нь ажил хэрэг болоод явж байна.
2024 онд Архангай аймаг бүх гэр буудлуудаа нүхэн жорлонгүй, "Био-00"-той болгох шийдвэр гарган, ажил нь ийнхүү эхэлжээ. Амралтын газрууд нь бүгд боловсон жорлонтой, одоо гэр буудлууд жорлонгоо шийдчихвэл зуун хувь эко жорлонтой болох юм.
Тайлбар: Малчдад зориулсан эко жорлон
Аяллаа Архангай аялал жуулчлалын цогц хөтөлбөрөөс 2024 онд малчин айл өрхүүд өвөл, зунгүй ашиглах боломжтой, тээвэрлэн зөөвөрлөхөд хялбар, ногоон зээлээр худалдаалах хуурай био жорлонг Архангай аймгийн жуулчин хүлээн авах бүх айл өрхүүдэд нийлүүлж, нүхэн жорлонгоос бүрэн татгалзах санаачилгыг эхлүүлээд байна. Аймаг, сумын төвийнхэн үүнд нэгдэж жорлонгоо өөрчилье...
Ц.Өнөрцэцэг
Энэхүү нийтлэлийг Internews Earth Journalism сүлжээний дэмжлэгтэй хөтөлбөрийн хүрээнд нийтлэв.