Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тайландаас Москвагийн чиглэлд нисэж байсан хувийн онгоц Афганистанд осолджээ


Тайландаас хүнд өвчтөнийг ОХУ-ын нийслэл Москва хот руу тээвэрлэж явсан хувийн нисэх онгоц Бямба гарагт зүүн хойд Афганистаны ууланд осолджээ.
Тайландын Паттая хотын ойролцоох Утапао нисэх буудлаас хөөрсөн захиалгат нислэгийн онгоц Энэтхэг, Узбекистанаар дамжин Москва хүрэх байсныг Оросын нислэгийг удирдах газар өчигдөр мэдээлсэн байна.
Онгоцонд хоёр зорчигч, нислэгийн багийн дөрвөн гишүүн нийт зургаан хүн зорчиж байжээ. Ослын дараа тэдний дөрөв нь амьд үлдэж, хоёр нь амиа алдсан байна.
Ням гарагт аврагчид нийслэл Кабул хотоос зүүн хойд зүгт 250 км зайтай орших Бадахшан мужийн алслагдсан нутгаас амьд үлдсэн дөрвөн хүнийг олжээ.
“Онгоцонд явсан зургаан хүний дөрөв нь амьд олдлоо. Тэд биедээ янз бүрийн гэмтэл авсан байна. Үлдсэн хоёр хүний хувь заяа тодорхой болсон” гэж Афганистан дахь ОХУ-ын элчин сайдын яам мэдээлсэн юм.
Амьд үлдэгсдийг аврах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаагаа Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгджээ.
РИА агентлагийн мэдээлснээр дээрх нисэх онгоцоор Паттаяагийн эмнэлгээс хүнд өвчтэй ОХУ-ын иргэн эмэгтэйг тээвэрлэж байсан гэнэ.
Эмэгтэйг хувийн бизнес эрхлэгч нөхөр нь дагалдаж явжээ. Нислэгийг захиалж, төлбөрийг төлсөн энэ хүн бас ОХУ-ын иргэн байсан байна.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр тэд өмнөд Оросын Волгодонск хотын оршин суугчид байжээ.
Онгоцны нислэгийн багийн гишүүд бас Оросын иргэд байсныг зарим эх сурвалж тодруулсан байна. Осолдсон онгоц нь 1978 онд Франц улсын Dassault Aviation компанид үйлдвэрлэсэн Falcon 10 загварын агаарын хөлөг байжээ. Шатахуун багассан тул Тажикистаны нисэх буудалд газардах гэж буйг онгоцны нисгэгч радио холбоогоор мэдэгдсэнийг ОХУ-ын нислэгийг удирдах газар баталсан байна.
Гэвч төлөвлөсний дагуу газардаж амжилгүй онгоцны хоёр хөдөлгүүр дараалан унтарснаар ууланд унасан гэнэ.
Онгоц Афганистаны агаарын орон зайг дамжин өнгөрөх төлөвлөгөөгүй байсан ч “техникийн шалтгаанаар замаасаа хазайсан байж болзошгүй” гэж ослыг шалгаж буй Талибаны мэргэжилтнүүд дүгнэжээ.
Онгоцыг эзэмшигч Оросын агаарын тээврийн “Атлетик Групп” нэртэй жижиг компани одоогоор ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
 
Эх сурвалж: Associated Press
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ