Ховд аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлын нэг бол ирэх оны төсөв юм. Тус аймгийн Засаг дарга 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 онд баталсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 2024 оны төсвийн төслийн тухай илтгэл танилцууллаа. Улмаар төлөөлөгчдийн саналыг тусган, 2024 оны орон нутгийн төсвийг хэлэлцэн баталлаа.
Ирэх оны төсвийг боловсруулахдаа “Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих” уриалга баримталж, энэ чиглэлд олон ажил хийхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал, иргэдийн аюулгүй байдлыг хангахад зориулж бүх сумыг камержуулна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл өсөж торниход нь зориулж “Шим тэжээл” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн хүүхдийн инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэх STEM тоглоомыг бүх цэцэрлэгт олгох ба хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдүүлэх зорилго бүхий "Ховд BOX" номын сан байгуулах аж.
Үүнээс гадна залуу малчдыг дэмжих, нийтийн орон сууцанд амьдардаг айл өрхийг ухаалаг тоолуураар хангах, эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төв байгуулах, сургууль, дотуур байр болон эрүүл мэндийн байгууллагын нэн шаардлагатай засвар үйлчилгээг хийх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг өргөн цар хүрээтэй олон ажилд санхүүжилт зарцуулахаар төсвийн ангилал тус бүрээр тооцоолсон байна. Мөн онцлоход энэ жил Ховд аймгийн бүх өрийг барагдуулжээ. Өөрөөр хэлбэл, хоёр жил дараалан төсөв дээр өмнөх жилүүдэд хуримтлагдсан цахилгаан, дулаан, усны төлбөрийн өр, зээл байсныг төлж барагдуулсан байна.