Казахын ард түмний ардын урлагийн нэг төрөл болох харилцаа дууны /айтыс/ олон улсын тэмцээн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнийг яруу найрагч, зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн П.Мурат агсны мэндэлсний 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах ба нийтдээ 30 сая төгрөгийн шагналын сантай аж.
Харилцаа дууны олон улсын тэмцээнд Монгол Улс, БНХАУ-ын ШУӨЗО, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын авьяастнууд оролцож өрсөлдөнө. Ташрамд дурдахад, "айтыс" нь казах түмний эртнээс уламжлагдан ирсэн харилцаа дууны хэлбэртэй язгуур урлаг юм. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүйгээр тухайн байдал, баяр ёслолын агуулгад нийцүүлэн санаанаасаа зохион домбордож дуулна. Найрагчид тухайн баяр, ёслолын тухай хэлэлцэж мэтгэлцэхээс гадна нийгмийн ололттой ба дутагдалтай талыг ч мөн дуундаа илэрхийлж гаргадгаараа онцлогтой.