Соёлын яамнаас санаачлан орон даяар зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар”аяны нээлтАрхангай аймагтэнэ сарын 4-ний өдөр боллоо. Аяны нээлтийн хүрээнд "Хангайн цом" яруу найргийн наадам, "Хангайн залуус" концерт,зохиолч, уншигчдын уулзалт,зурагчин Э.Батхүүгийн "Хангайн өнгө" гэрэл зургийн үзэсгэлэн,"Арын сайхан хангай" дижитал үзэсгэлэн болон номын үзэсгэлэн худалдааг эл өдөр зохион байгууллаа.
"Соёлын бүтээлч сар" аяныг нээж Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид хэлсэн үгэндээ “Энэ онд Архангай аймгийн 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Архангай аймгийн зүгээс уран бүтээлчидтэйгээ мөн аймаг, орон нутгаас төрөн гарсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, спортын алдартнууд, бизнесийнхэн гээд бүхий л салбарынхантайгаа хамтран тухайн салбарын холбогдох үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.
Өнөөдөр “Соёлын бүтээл сар” аяны нээлттэй давхцан “Хангайн цом” яруу найргийн наадам болж байна. Энэ жил бид энэ ХДТ-аа наадмаа зохион байгуулж байгаа бол ирэх 2024 онд 600 хүний суудалтай шинэ ХДТ-т дараагийн “Хангайн цом”-оо зохион байгуулна гэсэн зорилготой ажиллаж байна. ХДТ-ын шинэ барилга ашиглалтад орохоор одоо үйл ажиллагаа явууж буй энэ барилгыг соёл урлаг руу чиглүүлсэн “Хүүхдийн ордон” болгохоор ирэх оны төсөвт хөрөнгийг нь тусгаад явж байна” хэмээн тэмдэглэн хэллээ.
Энэ жилийн “Соёлын бүтээлч сар”-ын аян соёлын засаглал ба эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт,дижитал шилжилт ба шинэ боломж гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Архангай аймгийн 19 суманд нийт 68 соёлын бүтээлч ажлыг зохион байгуулахаар төлөвлөн,үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Аймгийн Соёл урлагийн газраас иргэд, хүүхэд залуусыг “Соёлын бүтээлч сар”-ын аянд хамтран оролцохыг уриалж байна.