“Эрчим хүч-2” төслийн хүрээнд айл өрх бүрд 200,000-1,000,000 төгрөгийн үнэ бүхий хоёр тарифтай ухаалаг тоолуурыг үнэгүй суурилуулахаар болжээ. Ингэснээр иргэд шөнийн хэрэглээгээ хямд тарифаар тооцуулах боломжтой болохоос гадна хэрэглэгчдэд түгээж байгаа эрчим хүчний чанар, хүчдэл сайжрах юм.
Энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эрчим хүчний яам, Дэлхийн банкны санхүүжилттэй уг төслийн ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 хувьтай явж байна. Энэхүү төслийн хүрээнд хүчдэлийн уналттай найман цэгт шинээр дэд станц угсрах, 2344 ширхэг ашиглалтын шаардлага хангаагүй модон тулгуурыг төмөр бетон тулгуураар солих, өндөр нам хүчдэлийн нийт 125 км шугам шинээр солих, хэрэглэгчийн тоолуурыг ухаалаг тоолуураар солих ажлыг тус тус хийхээр төлөвлөжээ. Ийнхүү өрх бүр цахилгааны шинэ шугамд холбогдох тул кабель утсаа шинэчлэн бэлтгэл хангахыг Цахилгаан түгээх сүлжээ салбараас анхаарууллаа.
Дэлхийн банкны 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламж буюу нийт 54.4 сая ам.долларын санхүүжилттэй "Эрчим хүчний-2" төсөлд дөрвөн аймгийн төв, нэг дүүрэг, хоёр сумын төв хамрагдаж байгаагийн дотор Хэнтий аймгийн Хэрлэн сум, Бор-Өндөр сум багтаж байна. Төсөл 2017 онд эхэлсэн бөгөөд энэ онд дуусах аж.