Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Газар хөдлөлтийн 7 бүс дунд амьдрах НИЙСЛЭЛЧҮҮД ба БИД ГАМШИГТ БЭЛЭН ҮҮ!


Бүгд найрамдах Турк улсын газар нутагт 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 50 мянга гаруй хүн амь насаа алдаж, нэг хотын байшин барилга бүхэлдээ нурж, сүйдсэнийг уншигч та тод санаж байгаа байх. Тус гамшигт үйл явдлын аврах ажиллагаанд олон улс, үүнд Монгол Улсаас тусламжийн баг очиж ажилласан билээ.
Тэгвэл өвөлдөө -30 хүрч хүйтэрсэн тэсгим өвлөөр Турк улсад болсонтой адил газар хөдлөлт манай улсад болбол бид яах вэ? Үүнийг та өөрөөсөө асууж үзээрэй. Учир нь дээрх шиг хор хөнөөл өндөртэй газар хөдлөлтийн гамшиг Монголд тохиолдохгүй гэх баталгаа байхгүй.
Монгол оронд тохиолдож байгаа гамшигт, аюулт үзэгдлээс хамгийн анхаарал татаж байгаа нь газар хөдлөлтийн гамшиг бөгөөд газар хөдлөлтийн давтамж, хүч нь нэмэгдэж, энэ тал дээр бид бэлтгэл, бэлэн байдлаа сайжруулах шаардлага үүсэж байгааг албаны хүмүүс онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хил орчмын бүсэд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл 118,900 удаагийн газар хөдлөлт болсон. Тэр дундаа 3,5 буюу түүнээс дээш магнутын хүчтэй газар хөдлөлт 1628 удаа бүртгэгджээ. Дээрх хугацаанд мөн 6 магнитутын хүчтэй газар хөдлөлт 3 удаа болсон байна.
Тиймээс ч Монгол Улс газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэх эрсдэл маш өндөртэй улсын тоонд орж байгаа нь бидний санаа зовох асуудал зүй ёсоор болжээ.
Тухайлбал Монгол Улсын хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байдаг. Үүн дээр нэмэгдээд Японы Нагоя их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод 2018 онд шинэ хагарлыг тогтоожээ.  Энэ хагарлыг Японы  эрдэмтэд гурван жилийн турш судалгаа хийсний дүнд илрүүлсэн байна. Энэ нь Налайхаас өгсөөд Богдхан уулын араар буюу хот дундуур дайрч, Найрамдал зусланг өнгөрч таарч байгаа хагарал бөгөөд одоо Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтарсан судалгааны ажил явагдаж байгаа аж.
Тэгэхээр зөвхөн нийслэл Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн долоон бүс байна.
Тэгвэл нийслэлд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 404 удаа газар хөдөлсөн. Үүнээс нэг магнитудын хүчтэй газар хөдлөлт 234, 1-1.9 магнитуд 148, 2-2.9 магнитудын газар хөдлөлт 18, гурваас дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байна.
 
ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ҮГ
Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат “Нийслэл орчимд үүсээд буй хүчтэй газар хөдлөлтийн голомтуудад үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос баруун тийш 50 км-ийн зайд 80 км гаруй урттай хагарал байгаа нь тогтоогдсон. Уг хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Харин бид ийм хэмжээний гамшигт бэлэн биш байгааг Японы эрдэмтдийн хийсэн судалгаа харуулж буй. Ийм хэмжээний хүчтэй хөдлөхөд Улаанбаатар хотын нийт барилгажилтын 20-30 хувь нь ямар нэг байдлаар эвдрэх, нурах эрсдэлтэй. Мөн гэр хорооллын бүс ихтэй, ил гал түлдэг, цахилгааны шугам сүлжээний зохион байгуулалт зэргээс шалтгаалаад гал түймрийн аюул үүсэж болзошгүйг судалгаанд дурдсан” гэв.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Судалгаагаар Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 47 орчим хувь нь 7 хүртэлх балл, 50 орчим хувь нь 8 хүртэлх балл, 9 хүртэлх баллд 2 орчим нь нэрвэгдэх эрсдэлтэй байна. Тэр дундаа Улаанбаатар хотын барилгажсан хэсэгт 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход нийт барилгажсан хэсгийн 48 хувь, гэр хорооллын 81 хувь нь нурж эрсдэх өндөр эрсдэлтэй. Тэр дундаа Улаанбаатарын нийт хүн амын хувьд төвийн суурьшлын хэсэгт амьдарч байгаа иргэдийн 48 хувь, гэр хорооллын иргэдийн 38 мянган хүн амь насаа алдах өндөр эрсдэлтэй байна” хэмээв.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан газар хөдлөлтийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа тухай онцолж, эрсдэл гамшгаас сэргийлэх, мөн хөрсний суулт, нуралт зэрэг хүчин зүйлийг тооцоолж барилга байгууламж барих чухлыг онцолсон.
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШИГ БА ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ
Турк улсад болсон газар хөдлөлтийн хор уршига /2023 он/
Сүүлийн үед байгаль, цаг уурын гамшиг, улс хоорондын геополитик асуудалтай уялдан дэлхийн улс орнуудын стратегийн хувьд “Сөрөн тэсвэрлэх чадавх” гэдэг шинэ ойлголт ихээр яригдах болжээ.
“Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ийн суурь үндэс нь ард түмэн гэж ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тодорхойлсныг эхэнд тэмдэглэе.
Тэрээр Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулж болох хоёр нөхцөл байдгийг хэллээ.
Нэгдүгээрт дайн байлдаан буюу гадна талаас түрэмгийлэл үйлдээд тухайн улс орны үндэсний аюулгүй байдлыг доголдуулан, тусгаар тогтнолыг алдагдуулж, газар нутгийг нь булаах, хяналтдаа авах.
Нөгөө талаар дайны сүйрлийн түвшинд хүргэдэг аюул занал бол байгалийн гамшиг буюу газар хөдлөлт.
Украин дахь дайны нөхцөл байдал
Нэгдсэн үндэсний байгууллагын Эдийн засаг, нийгмийн газраас хийсэн судалгаагаар Монгол Улс 2050 он гэхэд нийт хүн амын 77 хувь орчим нь Улаанбаатар буюу хот суурин газарт төвлөрч суурьшина гэж үзжээ. Гэтэл энэ бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүс болсныг дээр өгүүлсэн.
Тэгвэл бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл иргэд газар хөдлөлтийн аюул осол, гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар тодорхой мэдээлэлтэй байх шаардлагатай. Цаашлаад аливаа хүнд нөхцөл байдлыг сөрөн тэсвэрлэх чадварт сэтгэл зүйгээ бэлдэх нь нэн чухал аж.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Иргэд газар хөдлөхөд ядаж гартаа барих гар чийдэн, гурав хоногийн ус, хоол хүнстэй байдаг дадал зуршлыг бий болох хэрэгтэй. Цэцэрлэгийн насны хүүхдээс эхлээд сургууль, бүх албан байгууллагуудад газар хөдөлбөл яах вэ гэдэг ойлголтоор мэдлэгээ дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай.
Гашуун үнэнийг хэлэхэд өнөөдөр онцгой байдлын алба гар утсан дээр явж байгаа. Гар утсанд хууртагдаж байна. Өнөөдөр үүрэн телефоны сүлжээ тасрахад Монгол орон даяар холбоо барих боломжгүй болно. Ах дүү, хамаатан садан чинь хаана юу болж байгааг мэдэх аргагүй. Энэ асуудлыг ч шийдэх шаардлагатай. Тиймээс зарлан мэдээлэх системийг сайжруулах, хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх, дадлага туршлагатай боловсон хүчнийг бэлтгэх, цаашлаад бид гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилж амжиж мэдээлэх системийг бий болгох ажлуудыг хийх шаардлагатай” гэв.
Улаанбаатарын хэмжээнд гамшиг болоход мэдээлэл хүргэдэг зарлан мэдээллийн дохионы ердөө 30 хувь нь ажиллаж байна. Энэ нь нийт нийслэлчүүдийн 30 хувьд л хүрнэ гэсэн үг.
Газар хөдлөлтийн аюул занал нь нэг дор маш олон хүний амь насыг авч одож, бүтээн байгуулсан бүхэн хог болон үлддэгийг бид Туркийн газар хөдлөлтийн жишээнээс харж болно.
Түүнчлэн хор хөнөөл нь ялангуяа ядуу буурай улс орны эдийн засаг болон ард түмний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, хэвийн амьдралд орох хугацаа ганц хоёр сар, жилээр хэмжигдэхгүй. Энэ үед л тусгаар улс хэвээр тэсэж үлдэх үү, амьдралаа дахин босгож чадах уу гэдэг асуудал иргэдийн ухамсар, зохион байгуулалтаас шалтгаалдаг байна.
Аливаа гамшиг, ослын үед улс орон, ард түмэн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаа алдахгүй байх нь юу юунаас чухал гэдгийг албаны хүн онцоллоо.
Бригадын генерал Б.Ууганбаяр “Асар хүчтэй байгалийн аюулыг тэсвэрлэхэд нэг өдөр, нэг 7 хоног, сарын дараа бид хэвийн амьдралдаа орно гэж бодож байгаа бол хэзээ ч үгүй. Бидэнд асар их зовлонг  урт хугацаанд тэсэж гарах шаардлага гарна.  Японы газар хөдлөлтөд өртсөн иргэдээс одоог хүртэл контейнерт амьдарч байгаа хүмүүс байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй оронд тийм байхад манай улсад бол үгүй.  Тэгэхээр ийм хүнд үеийг яаж давж гарах вэ, ямар тогтолцоог бий болгох вэ, чадавхаа яаж бий болгох вэ, газар хөдлөлтийн эхний 48 цагийн дотор хариу арга хэмжээ авах, зохион байгуулалтад орох асуудал чухал. Дээр нь ийм нөхцөлд улс үндэстний эв нэгдэл  маш чухал байдаг” гэв.
Гамшгийн үеийн зохион байгуулалт, эв нэгдэл ямар чухлыг Япон болон Гаити улсын жишээн дээр тун ойлгомжтой байдаг.
Гаитид 20 жилийн өмнө газар хөдлөлт болоход зохион байгуулалт,  иргэдийн дэг журам сул байснаас эмх замбараагүй байдал үүсэж, зэвсэгт  бослого гарч, улмаар тус улс өнөөг хүртэл өндийгөөгүй байна. Харин Япон улсад 2011 онд газар хөдлөлт, цунами давхацсан том гамшиг болсон. Тэр үед иргэд нь мэдээлэлтэй ухамсартай байж, нэгдсэн зохион байгуулалтад орж чадсанаар тус улс өдгөө ямар байгааг уншигч та бэлхнээ харж байгаа.
Япон улсад 2021 онд цунами, газар хөдлөлтийн гамшиг болов.
Ингээд энэхүү бичвэрээ Бригадын генерал Б.Ууганбаярын “Эв нэгдэлтэй, соёлтой, хариуцлагатай, ухамсартай, зовлон бэрхшээл тохиолдсон ч шүд зуугаад даваад гарч ирдэг ийм ард түмэнтэй улс орон ямар ч дайн, ямар том гамшиг байсан давж гардаг. “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэдгийн цаана маш олон агуулга байгаа. “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ийн суурь үндэс нь ард түмэн” хэмээх үгээр өндөрлөе.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ