Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Энхболд: Баривчилгаа бүрийг шүүх мэдэж байх ёстой. Гэвч баривчилгааны 73 хувийг шүүх мэдэхгүй өнгөрч байна


ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой ярилцлаа.
-ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэлээс хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал анхаарал татаж байгаа. Тэр дундаа сэжигтэн, яллагдагчийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг явдал маш өндөр хувьтай байна. Гэхдээ үүнийг ярихын өмнө сэжигтэн, яллагдагч ямар эрхтэй байдаг юм бэ, тэдний эрхийг яагаад чухалчлах ёстой талаар тодруулахгүй юу?
-Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудлаар дөрвөн ойлголтыг хөндөж оруулсан. Тодруулбал, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих болон ганцаарчлан хорих ял эдлүүлж байгаа практик, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ гэсэн хүний эрх чөлөөг хязгаарладаг онцгой арга хэмжээний талаар энэ удаагийн илтгэлд онцолсон.
Ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрх, ялангуяа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг хангах асуудал Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүрэг байдаг.
Хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харахад гэмт хэргийг нотлохын тулд эрүүдэн шүүдэг, үүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирдог бүдүүлэг хүний эрхийн зөрчлийн дунд хэдэн зуун жил явж ирсэн байдаг. Үүнээс татгалзаж, гэмт хэрэгт холбогдсон хүнийг ямар ч тохиолдолд төр гарцаагүй нотолдог байх ёстой, ингэхдээ эрүүдэн шүүж биш мөрдөн шалгах ажиллагааны тактик арга зүйгээр гарцаагүй нотолдог байх ёстой гэдэг зарчмыг хэрэглээд хэвшсэн. Энэ зарчмын агуулга нь нэгдүгээрт, гэм буруугүйд тооцох, хоёрт, мэтгэлцэх, гуравт, хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэсэн хүний эрхийн үндсэн зарчмууд бөгөөд эдгээрийг Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудууддаа зааж өгсөн.Нөгөө талаас гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэг талд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч буюу нэг хүн, нөгөө талд мөрдөх байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэсэн дөрвөн том тогтолцоо ажиллаж байдаг. Тийм учраас энэ том тогтолцооны өмнө тухайн хүнд бүхий л арга хэрэгслээр өөрийнхөө эрх, ашиг сонирхлоо хамгаалах бололцоог олгох ёстой. Энэ үүднээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг хуулиар тодорхойлж, хангах зайлшгүй шаардлага тавигддаг.
-За, илтгэл рүү оръё. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа нийт баривчилгааны 99 хувийг эзэлж байгаа нь тогтоогдсон байна. Үүний ард хүний эрхийн зөрчил байна гэж хардаж байгаа. Зөв үү?
-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ЭХХШТХ-д сэжигтнийг баривчлах хоёр төрлийг хуульчилсан. Нэгд, шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах, хоёрт, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах гэсэн хоёр төрөл. Эндээс сүүлийн үед анхаарал татаад байгаа асуудал нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа маш их байна. Энэ нь бараг 98-99 хувьтай байна гэдэг шүүмжлэл гарч байгаа. ХЭҮК-ын судалгааны дүгнэлтээс үзэхэд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагааг яах аргагүй 98-99 хувьтай хэрэглэсэн болох нь харагдсан.
Гэхдээ 99 хувийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах гэдэг ойлголт нь ямар ч хүний эрхийн хяналтгүйгээр хэрэгжиж өнгөрдөг процесс гэсэн үг биш юм. ЭХХШТХ-д хэрэв сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж байгаа бол баривчилсан даруйд прокурорт мэдэгдэж, прокурор тухайн мөрдөгчийн тогтоолыг шүүхэд хүргүүлэн, шүүх 24 цагийн дотор энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр ямар ч хяналтгүйгээр явагдаж байна гэж үзэх нь учир дутагдалтай. Учир нь гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс тухайн үед нь гарцаагүй тохиолдолд баривчлаад, баривчилсан тогтоолыг нөхөж прокурорт мэдэгддэг тогтолцоо явж байгаа юм. Эндээс харахад шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах гэдэг нэр томъёо нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн олон улсын пакт, Үндсэн хуулийнхаа зарчимтай нийцэж байна уу, үгүй юу гэдгийг эргэж харах шаардлагатай. Дээр нь шууд харахад хууль зөрчсөн шинжтэй томъёоллыг тусгасан байна гэж ХЭҮК дүгнэж байгаа.
-НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг шүүхийн шийдвэргүй баривчилдаг явдал 99 хувьтай байна гэж нийтэд зарласан. Комиссын шалгалтын үр дүн ч үүнийг баталсан байсан шүү дээ?
-Өнгөрсөн оны аравдугаар сард НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг ажиллаад 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр хавтгайруулан баривчилж байна гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Комиссоос энэ удаагийн судалгааны үр дүнгээр үнэхээр бодитой хавтгайруулан баривчилж байгаа асуудал байна уу, үгүй юу гэдгийг тогтоох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр цагдан хорих төвд сүүлийн гурван жилд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаад суллагдсан 864 кейс дээр нэгбүрчлэн дүн шинжилгээ хийж үзсэн. Ингэхдээ шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан тохиолдол бүрийг хууль бус гэж дүгнэх боломжгүй. Харин үүн дотор хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, процессын ажиллагааг хуулийн дагуу явуулахгүйгээр баривчлах ажиллагааг явуулсан тохиолдол 60 орчим хувьтай байна гэж тогтоогдсон.
-Мөрдөгчид яагаад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагааг илүү сонгоод байдаг юм бол. Нийт баривчилгааны 99 хувь нь бүгд оргон зайлахыг завдсан, баримт нотолгоогоо устгах эрсдэлтэй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдалтай байна гэж харагдаад байна. Гэхдээ амьдрал дээр арай тийм биш биз дээ?
-Монгол Улсад жилд 71 мянга орчим хүн гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдож шалгагдаж байна. Эдгээрээс 2020 онд 798 хүнийг баривчилсан. 2021 онд 821 хүнийг баривчилсан. 2022 онд 1075 хүнийг баривчилсан. 2020 онд баривчилсан 798 хүнээс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан нь 793 буюу 99 хувь нь болчихоод байгаа юм. Гэхдээ энэ нь нийт гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хавтгайруулан баривчлаад байна гэсэн үг биш шүү дээ. Олон нийт энэ талаас нь хараад байж болзошгүй. 71 мянган хүний 99 хувийг баривчилна гэвэл зах замбараагүй юм болно. Энэ баривчилгаа нь Монгол Улсад жилд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нийт хүний 1-1.5 хувийг эзэлж байгаа юм.
Комиссын хийсэн судалгаанаас тэд эрхийн эсрэг гэмт хэрэг дээр 46.3 хувь, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт 16.1 хувь нь баривчлагдсан байна. Эндээс харахад Монгол Улсад хамгийн түгээмэл үйлдэгддэг гэмт хэргүүд дээр баривчилгааг хийж байна дүгнэж болно. Яг кейсүүдийг уншаад үзэхээр баривчлахаас аргагүй нөхцөл байдалтай хэргүүд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан ажиллагааны 80 орчим хувийг эзэлж байгаа юм. Харин 20 орчим хувь нь магадгүй шаардлагагүй үед баривчилчихсан юм биш биз, эсвэл нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, сэжиг таамгаар, хэн нэгэн хүний нэрлэн зааснаар баривчилсан байхыг үгүйсгэхгүй байдал илэрч байгаа. Үүн дээр ХЭҮК баривчлах ажиллагааны дөрвөн үндэслэлийг нарийвчлаач гэдэг шаардлагыг тавьж байгаа юм
-Хойшлуулшгүй ажиллагаа гэх үндэслэлээр ихэнхдээ баривчилдаг юм байна. Энэ нь хэт ерөнхий байгаагаас хүний эрх зөрчигдөх байдал гарч болзошгүй гэж та бүхэн дүгнэсэн байсан уу?
-Жишээ нь, хойшлуулшгүй тохиолдол гэдэг бол хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол сэжигтнийг баривчилж болно гэж үздэг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад зааснаар баривчлах үндэслэл нь хэт ерөнхий байж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, дураараа тайлбарлаж хэрэглэх бололцоог олгохгүйгээр хуульчилсан байх ёстой. Бидний судалгаагаар хойшлуулшгүй тохиолдол хэт ерөнхий шинжтэй байна, энэ нь хүнийг шаардлагагүй тохиолдолд баривчлах хандлага байж болзошгүй байна. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч шууд заасан гэдэг үндэслэл нь өргөн хүрээнд байж болзошгүй. Учир нь тэр хүн тэр гэмт хэргийг үйлдсэн гэж хэлэхээр шууд баривчлах үндэслэл бүрдээд байгаа учраас үүн дээр тодорхой хязгаарлалтыг тогтоож өгөөч гэдэг шаардлагыг тавьж байгаа.
-Илтгэлд ажлын бус цагаар болон оройн цагаар баривчилдаг явдал нэлээд өндөр хувьтай дурдагдсан байсан. Бас л хүний эрхийн зөрчлийн нэг хэлбэр гэж харж болох юм?
-Ажлын бус, шөнийн цагаар баривчилсан статистик өндөр харагдаж байгаа нь үнэн. Энэ нь магадгүй үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шинж чанар, онцлогтой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Учир нь нийт баривчилсан тохиолдлын 46 хувь нь хулгайлах гэмт хэрэг, 16 хувь нь хүний амь нас эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, найман хувь нь хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг, 12 хувь нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Судалгаанаас харахад шөнө оройн цагаар үйлдэгдсэн байдаг. Энгийнээр ярихад баар ресторанд согтууруулах ундаа хэрэглэдэг, гараад зодолддог, нэгнийхээ эрүүл мэндэд хутга мэс хэрэглэж гэмтэл учруулдаг. Хууль сахиулагчид тэр үед нь таслан зогсоож баривчилж таарна. Хулгайлах гэмт хэрэг гэхэд аль болох хүнийг унтаж амарч байх үед, эзгүй байхад удаа дараагийн хулгай хийх нөхцөл үүсдэг учраас баривчилж байгаа цаг хугацаа нь тэгж таарч байж болзошгүй. Түүнээс гадна ХЭҮК-т хүний нэр, хаяг, ажлын газар, оршин суугаа газар нь тодорхой байгаа, дуудсан цагт асуудалгүй хүрэлцэн очих боломжтой хэргийн холбогдогч нарыг заавал ажлын бус цагаар, гэр орноос нь, эсвэл өөр газарт байхад нь баривчлах хандлага гараад байна гэдэг гомдлыг ирүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид мөрдөх байгууллагуудаас тайлбар дүгнэлтүүдийг гаргуулж авсан. Ямар төрлийн гэмт хэрэг вэ гэдгээс хамаарч мөрдөн шалгах байгууллагуудын нарийн тактикийн асуудал байдаг юм билээ. ХЭҮК кейс бүр дээр ингэж болохгүй гэж зөвлөх нь хуулиар хязгаарлагдмал.
Харин бид олон улсын гэрээ конвенци, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг дээдэлдэг дэлхийн улс орнуудын сайн туршлага, практикуудыг нэвтрүүлэх талаар зөвлөмж өгч байгаа. ХБНГУ, Франц, Япон зэрэг улс орнуудад тодорхой хязгаарлалтуудыг зааж өгсөн байдаг. Хэрэв сэжигтэн оршин суугаа хаяг нь тодорхой, оргон зайлах бодит үндэслэл байхгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг байвал аль болох ажлын бус цагаар баривчлахгүй байх, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс хамаарал бүхий хүмүүст сэтгэл зүйн болон бусад дарамтыг учруулахгүй байхаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах зохицуулалтуудыг хуульчилж өгсөн. Үүнийг бид судалж ЭХХШТХ-д хязгаарлалттайгаар оруулж өгөх нь хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцнэ гэж дүгнэж байгаа.
-48 цагийн баривчилгааны талаар тодруулахгүй юу. Баривчилсны дараа 24 цагийн дотор үргэлжлүүлэх эсэхийг шийдэх ёстой гэдэг. Гэвч олон нийтэд ил болсон кейсүүд дээр 48 цаг баривчилна гэдэг ойлголт хэвшмэл харагддаг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?
-2017 оны ЭХХШТХ-ийн нэг дэвшилтэт заалт бол сэжигтнийг баривчлах дээд талын хугацаа 48 цаг гэсэн нь өмнөх хуультай харьцуулахад хугацааг богиносгосон зохицуулалт болсон. Гэтэл судалгааны явцаас харахад 50 орчим хувь нь заавал 48 цаг тулгаж асуудлыг шийдвэрлэдэг, эсвэл сэжигтнийг сулладаг хандлага байна. Гэтэл ЭХХШТХ-ийн үзэл баримтлал нь аль болох богино хугацаанд, хамгийн цаад тал нь 48 цаг шүү гэдэг үзэл санаагаар бичигдсэн. Бүр сэжигтнийг баривчилсан даруйд үндэслэл нь хууль ёсны эсэхийг шүүх 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Бүр тодруулбал, 24 цагийн дотор шүүхийн хяналтанд энэ үйл ажиллагаа орсон байх ёстой, шүүх суллах, эсвэл 48 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргаж байх хуультай.
Гэтэл энэ хуулийн заалт практик дээр төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Үүнтэй холбоотойгоор магадгүй 48 цаг хүртэл байх ёстой гэдэг хандлагууд гараад байхыг үгүйсгэхгүй. Цаашид баривчлах ажиллагааны 48 цаг гэдэг бол туйлын заавал байх ёстой цаг биш, аль болох богино хугацаанд үргэлжлүүлж цааш нь цагдан хорих уу, эсвэл өөр таслан сэргийлэх арга хэмжээ авах уу гэдгийг шүүх нэн даруй шийдэж байх ёстой. Ийм үзэл санааг ЭХХШТХ-д хуульчилчихсан. Энэ нь хүний эрхийн зарчмын хэм хэмжээндээ нийцсэн нэлээд дэвшилттэй зохицуулалт. Харин хэрэгжилт хангалтгүй байна гэж Комисс дүгнэж байгаа.
-Хууль хүчний байгууллагуудын хүний эрхийн мэдрэмж, хандлагын асуудал сүүлийн үед ихээр хөндөгдөж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хэд, хэдэн асуудал гарч ирж байгаа юм. Нэгд, хуулийнхаа үзэл санааг бүрэн ойлгож, хэрэгжүүлэхгүй байна. Хоёрт, хүн хүчний нөөц дутагдал, ажлын зохион байгулалттай холбоотойгоор хуулийг тэр бүр дагаж мөрдөхгүй байна. Ялангуяа шүүх ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд ажиллахгүй байгаатай холбогдуулаад мөрдөх байгууллагууд, прокуророос нэн даруй шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн энэ шийдвэрүүдийг хянаж шийдвэр гаргах ажиллагаа удаашралтай байгааг засах шаардлагатай.
Түүнээс гадна мөрдөх, хяналт тавих, шүүх эрх мэдлийн албан хаагчдын хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, ялангуяа хүний эрхийг хязгаарлаж байгаа энэ арга хэмжээ маш онцгой төрөл. Баривчилгааг эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх ёстой юм. Хэрэглэсэн тохиолдолд аль болох шуурхай шийдвэрлэх ёстой гэдэг хандлага дутмаг байна уу гэж харагдаж байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй, мөн алба хаагчдын энэ талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх нь зүйтэй. Дээр нь иргэд өөрсдийнхөө эрхийг хамгаалах чиглэлээр, хэрэв өөрийг нь хууль зөрчиж баривчилсан гэж үзэж байгаа бол энэ талаар гомдол мэдээллээ гаргадаг соёл хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай.
-Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж та хэллээ. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ. Эцсийн дүндээ энэ нь монгол хүний эрх, эрх чөлөөний чухал асуудалтай холбогдож байгаа шүү дээ?
-Баривчилсан тогтоолыг прокурор нэн даруй шүүхэд хүргүүлнэ. Шүүх тухайн асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Эндээс үзэхэд сэжигтнийг баривчилж байгаа тохиолдол бүрийг шүүх мэдэж байх ёстой болно. Ингэж байж шүүхийн хяналт бүрэн тогтоно. Гэтэл өнөөдөр манай практикаар шүүх баривчилгааны 73 орчим хувийг мэдэхгүй өнгөрч байна. Үүнийг арилгах ёстой. Яагаад мэдэгдэхгүй байна вэ гэхээр сэжигтнийг баривчилсан тогтоол шийдвэрийг шүүхэд хүргүүлэхгүй байх тохиолдол түгээмэл байна. Угтаа хуулиараа заавал хүргүүлж шүүх шийдвэрээ гаргаж байх ёстой.
Түүнчлэн 48 цагийн хугацаа дуусаад дараа нь суллах тухай асуудал яригддаг. Комиссын хийсэн судалгаанаас үзэхэд нийт сэжигтний 864 кейсийн 231-ийг шүүгч сулласан. 529 нь прокурор тогтоолоор сулласан, 102-ыг нь хорих ангийн дарга сулласан, байна. Эндээс харахад баривчлагдсан хүмүүсийн 73 орчим хувийг шүүхээс бусад субьектууд сулласан гэсэн үг. Нэг ёсондоо ийм тооны кейс шүүхэд хянагдахгүй байна гэсэн утга. Уг нь бүх суллах ажиллагааг шүүх шийдвэрлэсэн байх ёстой шүү дээ.
ХЭҮК-оос Иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, гадаадын сайн туршлагуудыг судалж үзэхэд ийм тохиолдол дэлхийн улс орнуудад гардаг. Үүнийг яаж зохицуулдаг вэ гэхээр хэрэв шүүгчид мэдэгдээгүй бол яагаад мэдэгдээгүй тухай шалтгаанаа үндэслэл бүхий тайлбартайгаа тухайн арга хэмжээг хэн, ямар албан тушаалтан, хэзээ хэрэгжүүлсэн бэ гэдгийг 30 хоногийн дотор шүүхэд нөхөж мэдүүлдэг процесс явагддаг юм байна. Ийм эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгөх нь хүний эрхийг хангаж хамгаалахад ач холбогдолтой гэж дүгнэж байгаа юм.
-Сүүлд нь нэг зүйл тодруулахад баривчлагдсан иргэд өөрийг нь ямар хэрэгт холбогдуулж шалгаж, баривчилж байгааг мэддэггүй. Зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс өөрийнхөө мэдээллийг авдаг гэж ярьсан байсан. Сэжигтэн яллагдагчийн эдлэх эрх баривчлагдах үеэс эхлээд зөрчигддөг юм биш биз?
-Иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуульд сэжигтнийг баривчлах үед нь ямар хэрэгт холбогдсон болон баривчилж байгаа шалтгаан үндэслэлийг заавал тайлбарлана гэдэг. Ингэснээр тухайн хүн ямар хэрэгт холбогдсоноо мэдэх, мэдсэнээр баривчилгаа нь хууль ёсны болон хууль бус гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч шүүхэд гомдол гаргах эрхийг нь баталгаажуулдаг. Тодруулбал, баривчлах ажиллагааны явц ил тод бөгөөд таныг ийм хэрэгт холбогдуулж, ийм үндэслэл байгаа учраас баривчилж байна гэдгийг маш тодорхой, мэддэг хэлээр нь баривчлах ажиллагааны явцад тайлбарлана гэдэг олон улсын зарчим бий. Үүнийг ЭХХШТХ-д тусгачихсан. Энэ эрхийн хэрэгжилт хэр зэрэг байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Зарим тохиолдолд ямар хэрэгт холбогдсон талаар танилцуулга, мэдэгдэх ажиллагаа учир дутагдалтай байна гэдэг нь тодорхой болсон. Энэ нь хүний эрхийг хангах соёл, хандлагатай шууд холбоотой.
АНУ-д маш алдартай кейс байдаг. Мирандагийн зарчим гэж. Баривчлах үед нь ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг өөрт нь өгөөгүйгээс ганцхан тэр процессын алдаанаас болж хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан алдартай түүх. Тухайн хэрэгт баривчлагдсан шалтгаан нөхцөлийг нь тайлбарлаагүй учраас тухайн хүнд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж шүүх дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ бол дэлхий нийтэд хүний эрхийг хангах зарчимд том хувьсал авчирсан тохиолдол юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ