Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Macro Advisory: Монголын “7 С”


ЛОНДОН. /Macro Advisory/.
 Евразийн бүс нутгийн талаар бие даасан стратегийн зөвлөгөө өгөгч, макро түвшний дүн шинжилгээний тэргүүлэх байгууллага болох "Маcro Advisory"-гийн шинжээч Кристофер Уифер Монголын өнөөгийн асуудлуудаар тойм бичсэнийг хүргэж байна. Өнгөрсөн жилийн энэ үед Монгол Улс  өрийн дефолтын өндөр эрсдэлд орж хүндхэн ирээдүйтэй нүүр тулж байлаа. 
Тус улсын худалдааны гол түнш Хятад улс хилээ (ковидыг тэглэх бодлогын хүрээнд) үндсэндээ бүрэн хааж, Монголын экспортын хамгийн чухал хоёр бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн импорт буурсан юм.
 
Үүнээс гадна, 2022 оны дөрөвдүгээр сард засгийн газрын алдаа дутагдал, эдийн засгийн муу хэтийн төлөв байдалд бухимдсан иргэд эсэргүүцлийн жагсаал хийж байлаа. Тэр цагаас хойш эдийн засгийн төлөв ихээхэн сайжирч, улс орны санхүүгийн байдал ч нэлээд тогтворжоод байна. Одоо тус улс дефолт зарлах эрсдэлгүй болж, ойрын жилүүдэд гадаад өрийнхөө хэмжээг багасгаж, илүү таатай түвшинд хүргэх боломжтой болох юм.
 
Монгол Улсын ДНБ энэ жил хамгийн багадаа 6 хувиар өсөх (2022 онд 4.8 хувь,  2021 онд дөнгөж 1.4 хувь байсан) төлөвтэй байна. Харин сүүлийн хоёр жилд дунджаар 13 гаруй хувьтай байсан тус улсын инфляц энэ жил 10 хувиас доошилж буурна гэж таамаглаж байна.
 
Тэгвэл худалдааны тэнцлийн хувьд 4.5 тэрбум ам.доллар болж, 2021 оныхоос хоёр  дахин нэмэгдэх төлөвтэй байгаа бол төсвийн алдагдал ДНБ-ний 2.5 хувь болж (өнгөрсөн жил 3.6 хувийн төсвийн алдагдалтай байсан) буурахаар байна. Тус улсын өнөөгийн энэхүү эерэг төлөв байдлыг дараах “долоон С”-ээр нэгтгэн тоймлон дүгнэж болох юм.
 
China/Хятад: Бээжин ковидыг тэглэх хатуу бодлогоо цуцаллаа. Өөрөөр хэлбэл, Хятад улс хилээ бүрэн нээж, эдийн засаг сэргэх түүхий эдийн импортын урсгал чөлөөтэй болж байна гэсэн үг юм. Монголын экспортын 90 гаруй хувийг түүхий эд эзэлдэг бөгөөд нийт экспортын 80 хувь нь Хятад руу гардаг. 2021 болон 2022 оны намар хүртэл Хятадын хил хаагдсан нь тус улсын эдийн засагт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн. Харин одоо хил нээгдсэнээр төлөв байдал эергээр эргэхэд томоохон нөлөө үзүүлж байна. 
Copper/Зэс: Оюутолгойн гүний уурхайн олборлолт хэдийнээ (гуравдугаар сарын эхээр) эхэлсэн бөгөөд уурхайн зэсийн баяжмалын үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэх ёстой. Өмнө нь ил уурхайн үйлдвэрлэл жилд дунджаар 1.5 сая тонн байсан бол далд уурхайн үйлдвэрлэл дунджаар 3 сая тонн болох төлөвтэй байна. 
Энэ нь зэсийн үнэ өснө гэж таамаглаж байгаа цаг мөчтэй давхцаж байгаа юм. Салбарын олон шинжээчийн таамаглаж байгаагаар, ирэх гурван жил зэсийн үнэ хоёр дахин өснө.
 
Үнэ ийнхүү өснө гэж таамаглаж байгаагийн шалтгаан нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл хурдацтай өсөж байгаагийн зэрэгцээ (зэс нь цахилгаан дамжуулах хамгийн үр ашигтай, боломжийн арга хэвээр байгаа), дэлхий даяар цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл хүчээ авч байгаатай холбоотой. Мөн дэлхийн зэсийн илэрсэн нөөц дуусаж байгаатай холбоотой юм.
 
Coal/Нүүрс: Хятад улс нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станцуудыг үргэлжлүүлэн (2030 он хүртэл) нээж ашиглах бөгөөд энэ нь нүүрсний эрэлтийг нэмэгдүүлнэ. Гэсэн хэдий ч хориг арга хэмжээний улмаас Европын зах зээлээс шахагдсан ОХУ-ын олборлогчид нүүрсээ худалдахын тулд Азийн зах зээл рүү илүүтэй анхаарч байгаагийн улмаас үнийн хувьд дарамттай хэвээр байх төлөвтэй байна. 
Casinos/Казино: 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Засгийн газраас жуулчдыг татахын тулд олон төрлийн арга хэмжээ авч байгаагийн дотор нийт 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлжээ.  Энэ онд нийт 1.5 сая жуулчин, 2024 онд 2 сая жуулчин нэмж татах зорилт тавиад байна. Жуулчдыг олноор нь татах хүчин чармайлтын нэг хэсэг нь  казиног  либералчлах явдал юм. Казинотой холбоотой хуулийн төслийг парламентад өргөн барьсан бөгөөд одоо хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн дагуу Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо 1000 га талбай бүхий чөлөөт худалдааны бүсэд казиногийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох юм. Гэхдээ Монголын иргэд биш зөвхөн жуулчдад казино тоглохыг зөвшөөрөх бөгөөд ашгийн 40 хувийн татвар ноогдуулна. 1990-ээд оны томоохон дуулианаас хойш Монголд казино, мөрийтэй тоглоомын асуудал нэлээд маргаантай байсаар ирсэн. 
Corruption/Авлига: Нүүрсний мафи гэх дуулиан нь (одоогийн болон өмнөх засгийн газрын дээд албан тушаалтнууд, түүнчлэн парламентын зарим гишүүнийг нүүрсний экспортын хэмжээг хуурамчаар үйлдэж, нууцаар ам.долларын хулгай хийхээр хуйвалдсан гэж буруутгаж байгаа) төрийн байгууллагууд дахь авлигалд бухимдсан хүмүүсийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн юм.  
 
Өнгөрсөн оны 12 дугаар сард өрнөсөн олон нийтийн томоохон хэмжээний эсэргүүцэл засгийн газрыг уг асуудалд онцгой анхаарахад хүргэсэн билээ. Улмаар засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авахаа мэдэгдэж, шинэ хууль тогтоомж гарган 2023 оныг ”Авлигатай тэмцэх жил” болгон зарлаад байна. Эдгээр арга хэмжээ нь том хөрөнгө оруулалтыг, тэр дундаа үндэстэн дамнасан корпорацуудын хөрөнгө оруулалтыг татахад нөлөөлнө гэж найдаж байгаа аж.
 
 
Credits/Зээл: Нэгдүгээр сард засгийн газар шинээр евробонд (2021 оны зургаадугаар  сараас хойших эхний зээл) амжилттай  гаргаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт хийсэн байна. Ингэснээр ДНБ-тэй харьцуулсан өрийн ачаалал буурч, 2023 болон 2024 онд өр барагдуулахад илүү тааламжтай нөхцөл бүрдэнэ. Засгийн газрын гадаад өр 2022 оны эцэст 76 гаруй хувь байсан бол энэ жилийн эцэст 71 хувь болж буурна. Ингэснээр мөн тус улсын өрийн эрсдэлийн үнэлгээ энэ жил сайжирна. 
 
Civic society/Иргэний нийгэм: Тус улсын хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг боловч хүн амын нэлээд хувь нь ядуурлын буюу түүнээс доогуур түвшинд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд байгаль орчны асуудал мөн улам дордож, (өнгөрсөн жилийн “Нүүрсний мафийн” том эсэргүүцлээс өмнө) эдгээр асуудлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Иргэд одоо сул дорой, үр дүнгүй засгийн газар, төрийн байгууллагуудыг цаашид тэвчихгүй гэсэн ойлголт үүсээд байна. Нийгэмд үүссэн энэ ойлголтыг засгийн газар анхаарч байгаа бололтой. Тэгээд ч өмнөх жилүүдтэй харьцуулбал эдийн засаг, нийгмийн хөтөлбөрүүдэд илүү их мөнгө зарцуулах боломж бий. 
Гэхдээ энэ бүхэн зөвхөн ил байгаа “асуудлууд” юм. 
Нийгэм, улс төрийн тогтворгүй байдал дахин үүсэх эрсдэл байсаар байна. Дэлхийн Банкны мэдээлэлд дурдсанаар, тус улсын хүн амын 30 орчим хувь ядуурлын шугамаас доогуур түвшинд, дахиад 15 хувь нь уг шугамд тун дөхөж очсон түвшинд амьдарч байна. Ялангуяа албан тушаалтнууд төсвийн мөнгийг хулгайлж байгааг сонсоод хүмүүс маш их бухимдаж, цаашлаад жагсаал цуглаан хийх эрсдэл өндөр байна.
 
Зарим улс төрийн фракцууд иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг өрсөлдөгч нарынхаа эсрэг ашиглах гэсэн оролдлогууд бүтэлгүйтээд байгаа. 2022 оны эсэргүүцлийн жагсаалууд нь гол төлөв аль нэг намын талыг баримтлаагүй байсан бөгөөд цаашид ч ийм байх магадлалтай.
 
Энэ нь жишээлбэл, засгийн газар  нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг шийдэх амлалтаа биелүүлэхгүй эсвэл авлигын дуулиан шуугиан улам бүр даамжирвал засгийн газарт илүү аюултай нөхцөл байдлыг бий болгоно. Хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлчээр нүүрсний  мафийн дуулиан шуугианы тухай мэдээ иргэдийг маш ихээр хилэгнүүлж, 12 дугаар сарын дундуур тэд Улаанбаатар хотын төвд (мөн өөр хэд хэдэн дүүрэгт) хэдэн өдрийн турш жагссан юм. Шөнийн цагаар агаарын температур Цельсийн хасах 20 хэмээс доошилж буураад байхад ч жагсагчид  эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байсан нь тус улсын өнөөгийн нийгэм-улс төрийн тэнцвэр хэр зэрэг хэврэг болоод буйг нотолж байна.
 
Засгийн газрын хувьд одоо санхүүгийн хувьд илүү таатай нөхцөл бүрдээд байгаа бөгөөд экспортын өсөлтийн хэтийн төлөв ч өнгөрсөн оны мөн үеэс хамаагүй дээр харагдаж байна.
 
Өсөн нэмэгдэж буй экспортын болон татварын орлогыг хэрхэн зарцуулах вэ гэдэг нь хамгийн том асуудал юм. Байгаль орчны асуудлыг шийдэх, ядууралтай тэмцэх зэрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэд хэдэн салбар бий. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, шинэчлэх зорилтууд байгаа. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд өртөг их гарна. Өнгөрсөн үйл явдлуудаас сургамж авч, өнгөрсөн хугацаанд асуудал үүсгэж байсан цаг үеийн шаардлагад нийцүүлж зардал гаргахаасаа илүүтэй тогтвортой сэргэхэд чиглэсэн хөтөлбөрүүдэд анхаарна гэж найдаж байна.
 
 
Д.ОдонЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ