Аймгийн ЗДТГ, БШУГ хамтран “Хүүхдийн хоол” сэдэвт хэлэлцүүлгийг Баянхонгор хотноо зохион байгууллаа. Цэцэрлэг, сургуулийн захирал, нягтлан, хоол зүйч, эмч, тогооч, эцэг эхийн төлөөлөл, түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцон, хүүхдийн хоол хүнсний шим тэжээллэг байдал, хангамж, хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд болж буй тус хэлэлцүүлэг нь хүүхдийн хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын байгууллага дээрх хоол хүнсний үйлчилгээгээр дамжуулан нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэхэд талуудын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилготой.
Энэ сард тус үйл ажиллагааны “Үндэсний чуулган”-ыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах бөгөөд тус чуулганаар хэлэлцэх асуудлыг нэгтгэх, үр дүнтэй нэгдсэн бодлого шийдлийг гаргах зорилгоор орон нутгийн түвшинд аймаг бүр “Хүүхдийн хоол” сэдэвт хэлэлцүүлгийг ийнхүү зохион байгуулж байгаа аж.