Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн бариа заслын сувилагч ажлаа хийж байхдаа тархидаа цус харваж, УБ-т яаралтай хүргэгдэн иржээ. Өвчтөн өчигдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тархины мэс засалд орсон бөгөөд одоогоор бүрэн ухаан ороогүй, өөрийн амьсгалтай, зүүн талын гар, хөл саажсан байдалтай байгаа юм байна.
Тухайн сувилагчийн нөхөр эхнэрийгээ асрахаар Улаанбаатарт ирж, эмнэлэгт сахиж байгаа ба гэрт нь 6-15 насны дөрвөн хүүхэд зутруухан үлдсэн байна.
Эмнэлгийн эмч, ажилтнууд, тэр дундаа бариа заслын сувилагч өндөр ачаалалтай ажилладаг. Магадгүй ажлын ачаалал нь харвалтын шалтгаан болсон байж болзошгүй юм.
Уг асуудлаар бид Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас тодруулахад "Биеийн байдлыг нь асууж байгаа. Ер нь хүнд байгаа. Ар гэрийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Судалъя. Ажлын ачааллаас үүдэж даралт харвасан эсэхийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын хурлаар хэлэлцэнэ" гэв.
Эмнэлгийн эмч, ажилтнууд бусдын эрүүл мэндийн төлөө өндөр ачаалалтай ажиллаж, өөрсдөө эрүүл мэндийн асуудалтай тулгарч буй олон тохиолдлын нэг энэ болж байна. Тухайн сувилагчийн эрүүл мэнд болоод түүний нийгмийн байдалд эмнэлгийнх нь удирдлагууд хэрхэн анхаарч буй талаар бид үргэлжлүүлэн мэдээлнэ.
https://tsahiur.mn/n/s/13816