Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сайд асан З.Мэндсайхан ирэх сонгуулиар Ховдод нэр дэвшихээр бэлдэж, С.Бямбацогт, Л.Цогзолмаа нар сандарч эхэллээ


Сонгуулийн тов наашлах сургаар ирэх сонгуульд нэр дэвшихээр горилогчид тойргоо услаад эхэллээ. Одоогийн Их хуралд суугаа гишүүдийн олонх нь Сар шинийн баяр далимдуулж, ул боов, тавгийн чихэр тарааж яваа бол, шинээр нэр дэвших сонирхолтойнууд нь машин дүүрэн өвс, тэжээл ачаад малчдыг тойглоод эхэлсэн бололтой.

      “Өвлийг Мэндсайхан даваарай” гэх пайзтай, тэвшээ дүүртэл өвс, тэжээл ачсан ачааны машинууд Ховдыг зүглэх болов. Угтаа бол ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан сонгууль болох сургаар төрөлх нутаг Ховд аймгаа тойглохоор хөдөлсөн нь энэ. Малчидтай уулзаж, марзайтал инээсэн зургаа өөрийн цахим хаягтаа нийтэлж, шуудай шуудайгаар нь өвс тарааж буйгаа олон нийтэд зарласан байх. Тэрбээр цахим хаягтаа таван өдрийн өмнө “Мэндсайхан сангаараа дамжуулан малчдадаа буцалтгүй тусламж болгон олгож байгаа 25 тонн 1000 шуудай тэжээл Зэрэг сумын 690 малчин өрх, 20 тонн 800 шуудай тэжээл Дөргөн сумын 456 малчин өрх, 20 тонн 800 шуудай тэжээл Манхан сумын 650 малчин өрх, 15 тонн 600 шуудай тэжээл Цэцэг сумын 270 өрхүүдэд хүргүүлэхээр буулаа” хэмээн нийтэлжээ. Үргэлжлүүлэн Эрдэнэбүрэн, Буянт, Мөнххайрхан, Дуут, Алтай, Үенч, Мөст, Булган сумдаар орсноо ч дуулгав.
        Ийн З.Мэндсайхан сайдын суудлаас хууль тогтоогч болох төлөвлөгөөтэй тойргоо услах ажилд ханцуй шамлан орж, ирэх сонгуульд хүч үзэхээ ил тодоор илэрхийлэв.
        Үүнтэй зэрэгцээд Ховдын тойргийнхон хоорондоо “жийлцэж”, хуучин гишүүд нь сандарч эхэлжээ. Тус аймгаас УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүдийн нэг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт ирэх сонгуульд өнжих үү, үгүй юү гэдэг дээрээ дэнсэлж байгаа гэнэ. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтай хуучин гишүүдийнхээ халааг үргэлжлүүлж байгаа нь С.Бямбацогт. Түүнийг тасралтгүй гурван удаа сонгогдохоос өмнө УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд тус тойргийнхон үнэнч байсан гэдэг.
     Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл Ховд аймгаас тасралтгүй таван удаа Их хуралд сонгогдож, 2012 оны сонгуулиар Ховдын 16 дугаар тойрог хоёр мандаттай болж, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл намын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдсэнээр С.Бямбацогтод түүний “эрх” шилжсэн байдаг. Д.Дэмбэрэлийн буухиаг ч тэр амжилттай үргэлжүүлсэн.

       Гэвч сүүлийн үед Хөшөөтийн уурхайтай холбоотой асуудлаасаа болоод түүний нэр хүнд тойрогтоо унасан гэх цуу яриа ч бий. Түүнчлэн Ховд аймагт хамаатан саднаараа бүхэл бүтэн бүлэглэл бий болгож, төрийн албыг төрлийн алба болгосон баримтууд ч байдаг.

      Түүнчлэн Боловсрол шинжлэх ухааны сайд асан Л.Цогцолмааг Ховд аймагт нэр дэвшүүлнэ гэсэн хүлээлттэй байсан ч өнгөрсөн удаагийн сонгуулиар нэг шат ухрааж, авч үлдсэн. Гэвч ирэх сонгуулиар ч дахин өнжөөх дээрээ тулсан ч байж мэдэх нь. Учир нь, МАН Ховдын Засаг дарга Х.Болормааг “крандаж” тойргоо тордох боломж олгосон гэхэд болно.

       Ц.Цогзолмаагийн тухайд МУБИС-ын Ховд аймаг дахь салбар сургуульд багшилж байснаас гадна, аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, ИТХ-д мэргэжилтэн, эмэгтэйчүүдийн зөвлөлийг тус тус ахалж байсан туршлагатай нэгэн. 2016 оны сонгуулиар тус аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Гэвч энэ удаад залуу гишүүддээ тойргоо алдаж мэдэх нь.

       Төрлөх нутагтаа төрийн бус байгууллагаараа дамжуулж, хандив өргөж яваа З.Мэндсайханы хувьд төрийн албаны хишгийг хангалттай эдэлж яваа нэгэн. Тухайлбал, З.Мэндсайхан 2015 оноос хойш долоон жил төрд дарга хийсэн намтартай. Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаас эхлээд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажилласан. Үндсэндээ У.Хүрэлсүхийн Засгийн газарт “битүү морь” болж орсон сайд нарын нэг байв.
      Түүнийг сайн улстөрч гэхээс илүүтэй морь уядаг гэдгээр нь  олон илүүтэй мэдэх биз. Тухайлбал, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, "Босоо хүлэг" галын гишүүн бөгөөд түүний хонгор морь 2018 онд Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяраар айргийн дөрөвт, дараа жил нь буюу Ардын хувьсгалын 98 жилээр зургадугаар байрт тус тус орж байсан. Түүнчлэн Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяраар сартай хүрэн азарга нь 10 дугаар байранд орж, хурдалсан байдаг.
      Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй хурдан удмын адуугаараа толгой цохидог улстөрчийн нэг. 2020 оны ХОМ-тэй  477 сая төгрөгийн үнэлгээтэй 280 адуу, 25 хурдан удмын адуу, 92 үхэртэй гэж мэдүүлсэн байдаг. Төрийн алба хашихын хажуугаар тэрбээр хувийн бизнесээ ч цэцэглүүлээд амжсан нэгэн. З.Мэндсайхан “Нью сувагт констракшн” ХХК, “Магнат ай эрс монголиа” ХХК, “Вүүл ховд” ХХК-д тус бүр хувьцаа эзэмшдэг бөгөөд сайдаар ажиллаж байх хугацаандаа түүгээрээ дамжуулж төрийн тендерийг ч түүсэн баримт байдаг.
      Тухайлбал, З.Мэндсайхан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсоноосоо есөн дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 29-нд өөрийн “Ньюсувагт констракшн” ХХК-иараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 5.6 тэрбум төгрөгийн тендер авч амжжээ. Энэхүү 5.6 тэрбум төгрөгийн “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын V секцийн өргөтгөл, барилгын угсралтын ажил”-ын тендерт нэрээр авсан баримт бий.
        Ийн ХХААХҮ-ийн сайдаас буусан З.Мэндсайхан нутгийн иргэдийн ая талыг засаж, ирэх сонгуулиар Их хуралд суух алсын бодол тээчихсэн өвс, тэжээлээ машин, машинаараа нь тарааж явна.

https://ergelt.mn/news/35/single/30229


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ