Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчин заяандаа насаараа үнэнч яваа хүн


Эгэл гэдэг үгийг “Монгол хэлний тайлбар толь”-д  энгийн жирийн гэсэн утгатай үг гэжээ. Тэгэхээр хүний тухайд бол энгийн иргэнийг хэлж байна гэсэн үг. Хүмүүн төрөлхтний амьдрал гэдэг эгэл жирийн хүмүүсийн түүх билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин 2023 онд “Эгэл монгол” шинэ буланг нээн эгэл хүмүүсийн тухай хөрөг нийтлэлийг уншигчдадаа өргөн барьж байна. “Эгэл монгол” булангийн эхний дугаараараа нэгэн жаран илүүтэйд малчны хөдөлмөрөөр замнаж яваа Л.Чимэддорж хэмээх эрхмийн тухай сурвалжлав.  
Зөв яваа хүнийг заяа нь түшдэг 
Идэр есийн жаварт гунан үхрийн эвэр хуга хөлддөг гэсэн эцэг өвгөдийн үг бий. Мань мэт гадарлах нь 1970-80-аад он гэхэд ердөө аравдугаар сард л дүн өвөл болчихсон мал, хүнгүй зутардаг байлаа.  Гэтэл одоо өвөл болохоо бараг байжээ гэж хэлмээр санагдах болов.
 
Харин энэ өвөл арай л жиндүү цастай цан хүүрэгтэй байх шиг. Аргагүй ч биз. Балчир гурван есийн төгсгөл идэр гурван есийн эхлэл цаг.  Яг энэ үеэр бид утаа, түгжрэл, уур ундуутайхан нийслэлээсээ гарч Өвөрхангай аймгийн Бүрд сумыг зорьсон юм. Тэнд мал маллагааны мастер гэхээр нэг сайхан хүн бий гэж урьд нь сураг сонссон учир түүнтэй уулзахыг л хичээж яваа нь тэр л дээ.
 
Аяны зам цас ихтэй, цаас шиг цагаахан талыг нэвт сүвлэх засмал зам л зөвхөн харлах ажээ.
Өглөөгүүр хөдөлсөн бид үдшээр зорьсон айлдаа хүрсэн юм. Гэрийнхээ хойморт би эзэн нь гэсэн дүртэй ханхайх эр бол Л.Чимэддорж аж. Уулзах хүн маань ч мөн дөө. Тэрбээр аав, ижийнхээ уугуул нутаг хангай, говь хосолсон аараг толгодын дунд насаараа малаа гэж яваа нэгэн юм.
 
Түүнтэй уулзах үед яруу найрагч Ц.Чимэддоржийн минь туурвисан Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэжНамрын дунд сарын 15-ны тэнгэр ажигласанЦаг цагийн уртад төрхөө алдаж эвдрээгүй Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан гээд“Малчин” шүлгийн оночтой мөрүүд сэтгэлд урсаад орж ирэх.Тиймээ. Малчны тухайгаас өөр бодол энэ үед огт төрсөнгүй ээ. 
Мал маллагааны арга ухаан гэдэг бол монгол өв уламжлалын нэг цогц ухагдахуун юм шүү. Энэнийг л Чимэддорж гэдэг эрхмээс сонсох гэж яарсан. Цаг агаарын мэдээнд цас шуургатай хол газар явахаа азнаарай гэж байсныг ч төдийлэн анзаараагүй ээ. Үүнийг маань мэдсэн юм шиг гэрийн эзэн. Энэ их хөр цастай хүйтэн цагаар зөвхөн намайг зорьж ирлээ гэж үү дээ гэж нухацтайхан асууж байлаа. Би “тиймээ” л гэснээс өөрөөр буруу замаар будилж жаахан явснаа, унаа тэргээ цасанд тэгнүүлж саатсанаа аминдаа нуусан юм. 
Бид эднийд оройтож очсон болохоор “шөнөд оройгүй, шөлөнд дээжгүй” гэдгийг бодож уртхан яриа өрнүүлсэн юм. Малчин өвгөний үг яриаг сонсохуйд Чимэддорж гэж хэн бэ гэдэг нь ч ойлгогдож байлаа. Нутаг орондоо дэндүү элгэмсэг, амьдралдаа тохиолдсон алив бүхний хар бараануудыг нь мартаж цагаанаас нь ярих дуртай, хүн муулахыг цээрлэдэг нэг л сайхан хүн аж. Маш цөөн үгээр хэлэхэд тун тохьтой нэгэн юм.
 
Чимэддорж гэдэг хүний гадаад төрх, дотоод мөн чанар нь заяаны малчин гэх онцлогт нь багтаж байх шиг. Юм асуухад цөөн үгээр яг голыг нь олоод хэлчихнэ. Түүний имиж нь тэр юм даа гэж санагдав. Тэр өөрийгөө тодорхойлж хэлэхдээ балчир насандаа хургачин байсан бол идэр насандаа адуучин, дараа нь хоньчин гэгдэж явлаа даа. Нэг их сүрхий нь ч биш жирийн малчин байсаан гэж ярих зуураа нутаг усныхаа сайхныг магтан зөвхөн Бүрд сум биш Өвөрхангайн тухайд үүх түүх сөхөж хүүрнэх юм билээ. Бидний ярианд хэлээгүй үг, хөндөөгүй санаа бараг үлдээгүй байх шүү.
 
Тэр нэгэн зүйлийг чухалчлан хэлсэн нь малчны хөдөлмөрийг дутуу үнэлж “малаа дагасаар мал болсон” гэсэн үг нэгэн үед сонссоноо огт мартах гэж боддогоо биднээс нуусангүй ээ. Үнэндээ малчин гэдэг чинь Монголыг хэдэн зуунаар нь авч өргөн тээж яваа юм шүү дээ гэсэн хариу хэлнэ билээ.
 
Жаран жарны түүхийг малчин хүн л бүтээж яваа.Чимэддоржийн хувьд дал гаруй жил малынхаа буянд жаргаж малын хөлийн тоосыг тос болгож амьдарсан гэдгээ ярихдаа тэр 1940-өөд оны дунд болсон бичин жилийн аймшигт зудыг хүртэл гадарладгаа хэлж байна лээ. Тухайн үеийн түүх зузаалсан өнгө төрх балчирхан хүүгийн сэтгэл санаанд тодоос тод үлджээ гэж болно. Эндээс л бидний яриа бүрэн цэгцэрсэн дээ. 
 
Зүстэй хүний намтар баян 
Өвөрхангай аймгийн Бүрд сумын нэгдүгээр багийн малчин Лувсанчүлтэмийн Чимэддоржийнд өнжив. Их удаан ярилцсанаа дээр хэлсэн дээ. Түүний намтрын хуудсыг сөхвөл арван сайхан хүүхэдтэй айлын дээрээсээ гуравдахь нь гэнэ. Шилбүүр даахтай болсноосоо хойш малчин заяагаа түшсэн нэгэн юм. Ердөө 16 настайдаа нэгдлийн гишүүн болж, хөдөлмөрийн дэвтэр нээлгэжээ. Улсдаа хөдөлмөрөө үнэлүүлсэн нь тэр гэж хэлдэг юм билээ. Аав, ижий нь мал малын захтай айл байж удмаараа малчин явсан гэдэг. Иймээс хүүхдүүд нь бүгд л малчин болсон байгаа юм. 
 
Энэ тухай Чимэддорж ярихдаа: 
-Миний аав, ижий тийм их цойлсон ажилтай сүрхий малчин яваагүй л дээ.Гэхдээ цагтаа сум, аймгийн аварга, төлийн эзэн гэгдэж байсаан. Хамгийн гол нь үр хүүхэд бидэндээ өөрийн гэсэн тамгатай сүрэг малаа өвлүүлж мал маллах арга ухаанд сургасанд л тэдний минь гавъяа оршдог юм даа гэж хэлсээн. 
 
 
Чимэддоржийг эр цэргийн албанд мордож гурван жил албаа хаагаад ирэхэд аав нь өргөө цагаан гэр төхөөрч мал тасдаж өгчээ. Гал голомтоо бадраасан айл болов. Ханийнх нь нэрийг Л.Хорлоо гэдэг. Тэр хоёр дөрвөн хүү, гурван охинтой өнөр өтгөн бүлийн нэг юм. Тэдний тав нь удам залгасан малчин. Цөмөөрөө 1000 давсан малтай айлууд байгаа гэнэ. Яг л нутагтаа. Малчин Чимэддорж нэгдлийн гайгүй адуучин гэгдэж байсан тухайгаа дурсахдаа 
 
-Цэргээс ирээд нэгдлийн 100 гаруй адуу авч малласан. Аавынхаа хэлснээр л болсон доо тэр үед. Гайхалтай сүрхий адуучин ч байгаагүй ээ гээд. Гэхдээ л аймгийн аварга малчнаас эхлээд алдар цол хүртэж явлаа. Таван жил дараалан 100 гүүнээс 100 унага авч байсан. Эзэн хичээвэл заяа нь түшдэг гэдгийг л өөрийн туулж ирсэн зам мөрөөр төсөөлж боддог доо гэсэн юм.
 
Бүтэн 12 жил адуу маллаж хусан уургаа суналзуулан морин дэл дээр дарцаглаж яваад дараа нь  үхэрчин бас хоньчин болсон юм билээ тэр. Өнөөдөр тэрнийг улсын сайн малчин цаашлаад Монгол Улсын гавъяат малчин гэсэн алдар хүндийн эзэн гэж хэлдэг болж. Бүрд сумын алдартнуудын нэг гэж тооцдог. Энэ тухайд өөрийнх нь санааг сонсоход ямар нэг алдар цол хүртэх гэж бодож явсангүй. Мөрөөрөө малаа маллаж  байлаа. Гэтэл тийм нэр хүнд аяндаа ирдэг юм билээ дээ гэж байналээ.
 
Тийм дээ. Бидний дээд үеийнхэнд алдар нэрийн төлөө гэж зүтгэж явсан хүн бараг л байхгүй дээ. Нэр төрийг хөдөлмөрөөрөө олдог гэж ойлгодог. Тийм ард түмэн байлаа.  Гэтэл одоо ... юу хэлэхээ азная. Ярилцагч маань муу, алдаатай бүхнийг тойрч хэлдэг юм чинь. Элдэв юм хэлэх алдас болж ч магадгүйг ухаарав. Чимэддоржийн шүтээн гэвэл ердөө л мал. Тэр дотроос адууны тэнгэртэй явснаа бас дурсах юм билээ. Морь уяж хусуур бүсэндээ хавчуулан наадамдаж ч явж. Бас ч сумандаа айраг түрүүтэй явс­наа бусдаас тодхон хэлж байна лээ. Эрийн хийморь лундаа морьтойгоо цуг л яв­даг гэдэг дээ гэсэн үг нэмэрлэнэлээ бас. 
 
-Та цэргээс ирээд л гэр бүлтэй болж амьдралаа төвхнүүлсэн гэв үү дээ гэхэд  
-За тийм дээ гэх зуур нь эхнэр Хорлоо нь юуны тийм дээ гэж хэмээн бидний ярианд оролцож “бид хоёр чинь нэг голынх. Үүнийг цэрэгт мордохоос нь өмнө дотносож дассан юм шүү. Яг үнэн гэвэл Чимэддорж гэдэг залууг цэрэгт мордоход би бие давхар үлдсэн гэж хэлээд авав. 
 
(Түүний хэлсний хойно монголоороо сэтгэн бодоход энэ хоёр маань залуудаа хонины хишиг өдөр тааруулж бэлчээрт уулзаж сэтгэлийн үгээ хэлэлцэхдээ нутгийнхаа хадаг шиг тэнгэр дор дөрөө, ганзага харшуулан эмээл дээрээ хайраа түшилцэж явж дээ гэж зураглан бодвой.) 
 
Чимэддорж гэдэг эрхмийн үгээр хэлж үзгээр бичээд баршгүй баян намтраас жаахан хэсгийг нь сорчилж авлаа л даа. Мөн л “Малчин” шүлэгт хэлсэнчлэн аугаа гэдгээ мэддэггүй аугаа нэг нь л малчин юм даа. Чимэддорж мэт. Монголын уламжлалт мал маллагаа гэж хамгийн нандин өв
 
Өвгөний хэлсэн үг бүхэн алт мэт 
-Та нутаг усныхаа тухай жаахан тодруулж хэлнэ үү? 
-Аав, ижийнхээ захиасыг дагаж л энэ уугуул нутагтаа намтраа зузаалж насаа элээж явна даа. Манай нутаг зүйрлэшгүй сайхаан.Манай энэ байгаа газрыг У булан гэдэг. Жаахан хойшлоод зусч намарждаг өгөөжтэй сайхан нутаг маань гэвэл “Ногоон дов” . Малын соргог бэлчээртэй уул ус нь тэгшхэн өвөг дээдсийн минь бидэнд өвлөж үлдээсэн газар. Хойгуураа уулс нь хүрээлж алсхандаа Батхаан уул сүүхийж наашихнаа Их, Бага Монгол уул, Монгол элс хэмээх манхан манай нутгийг чимдэг. Ийм л сайхан нутагтаа хүн мал нь жаргалтай байдаг юм даа. 
 
-Нутаг усаараа бахархах нь сайхан хэрэг. Тэр тусмаа та нутагтаа их ээнэгшиж дасжээ дээ? 
-Тэгэлгүй яахав. Уул усны бахархам сайхнаас гадна үүх түүхийн гэрч болсон газар манайд цөөнгүй шүү дээ. Тухайлбал, Монгол Улсын нийслэлийн анх гал голомт болсон “Ширээ цагаан нуур” гэдэг газар байна. Яг манай уугуул нутагт “Аав, ижий минь ч энэ газрыг шүтэж хайрлаж явсан. Өнөө гэхэд албан ёсоор биднийг харж хамгаалж бай гээгүй ч эргэж тойрч л явдаг юм. Нутгийн бидний үүрэг тийм.
 
-Ширээ цагаан нуурт анхдугаар богд Занабазарт өндөр гэгээн цол өргөмжилж даахийг нь үргээх ёслол үйлдсэн. Шар бүст өргөө барьж өгсөн гээд л түүх өгүүлдэг дээ? 
-Тийм дээ. Тэр Их, Бага монгол гэх хоёр уулын хооронд  “Ширээ цагаан нуур гэдэг чинь байгаа юм.Бүр 1639 онд гэдэг байхаа. Түшээтхэн Гомбодоржийн хүү Занабазарыг таван настай байхад нь богд хэмээн алдаршуулан, шар бүстэй өргөө барьсан гэдэг юм. Энэ үйлийг нийслэл Улаанбаатарын тулгын чулууг тулсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм билээ. Жил бүрийн аравдугаар сард нийслэлийн удирдах хүмүүс ирж ёслол үйлддэг уламжлалтай. Энэ жил гэхэд түүх оршоосон гэрэлт хөшөөний нь өмнө богд Занабазарын суугаа дүрийг залсан даа.
 
-Танай суманд бас Монгол Улсын төв цэг гэж бий биз дээ? 
-Сумын төвөөс урагших нь хаш цагаан суваргатай нэгэн буйд газрыг төв цэг гэдэг. Манай нутгийнхан үүгээрээ бахархаж байдаг. Төв цэг гэдэг бол улсын гал голомт юм л даа. Тэгвэл бас нийслэлийн маань тулгаа тулж анх галаа асаасан газар нь “Ширээ цагаан нуур”. Энэ бүхнийг Бүрдийнхэн бид л хамгаалж харж хандаж яваа. Том хувь заяа шүү. 
 
-Өндөр гэгээн Занабазар хаа төрсөн гэдэг билээ? 
-Төрсөн газар нь Есөнзүйл сумын Булаг гэдэг газар төрсөн гэдэг. Өндөр гэгээний хүүхэд ахуй цагтай тэр нутаг салшгүй холбоотойг түүх “хэлдэг” Сэрүүн булгийнхаа усыг ээ хө рашаан чинээ санасангүй дээ гэж “Бурхан бумбын орон” гэдэг дуунд гардаг даа. Есөн зүйл сумын музейд  Өндөр гэгээний живхний нь үнс байдаг гэдэг. Энэ мэтээр нутаг орон, уул устай холбоотой юмыг гадарлалгүй яахав. Түүх мэдэхгүй хүн сармагчинтай адил гэсэн үг хүртэл байдаг биз дээ.
 
-Ер нь Бүрдийнхэн галаа манаж суудаг гэж хэлж болохнээ дээ? 
Тийм шүү.
 
-Бид шөнө дүл болтол ярихдаа эхлээд түүх жаахан хөндлөө. Одоо мал малчныхаа тухай жаахан ярина байгаа даа? 
-Тэгье л дээ. Сэтгэл  санаанд хамгийн ойр дөт юм тэр болохоор мал гэхээр өвгөн чинь юм юм хэлнэ шүү дээ. Асуу. Асуу...? 
-Бүрд сум аймгийнхаа 19 сум дотор томоохон гэгддэг юм билээ. Юугаараа том юм бэ? гэж асуух гэсэн юм
 
-Нутаг нь гэвэл уул ус тэгш сайхан нутаг. Үүнийгээ дагаж малаар баян гэж болно. Адуугаар, хониор бол аймагтаа л даа. Нийт мал нь 244 мянга гэсэн тоо харагддаг. Би уул нь ус тэгш нутаг гэж хэлсэн дээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд мал их өсч бэлчээрийн хомсдол бий болсон гэдэг нэг үнэн бий. Бас байгаль цаг уурын өөрчлөлтөөс болоод өвс ургамлын бүтэц муудсаан. Уг нь Бүрд сумын нутагт 55 овог, 170 төрлийн 370 гаруй зүйлийн ургамал ургадаг гэдэг байлаа. Энэ хэллэг одоо таарахгүй болсон байхаа.
 
-Та мал маллагаандаа чухам юуг эрхэмлэдэг вэ? 
-Аав, ижийнхээ үлгэр жишээ, зааж сургасан арга ухаанаар л явж ирсэн дээ. Би тэгдэг ингэдэг. Надад тийм ч туршлага бий гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ гаднаас харсан хүнд ажиглагдах юм бий биз. Тийм болоод ч сайн малчин, гавъяат гэгдэх хэмжээнд хүрсэн гэж болох байлгүй дээ. Би адууг гэхэд эр чадлын хүчээр биш аргаар л малладаг байлаа. Аль ч төрлийн малыг зөөлөн хандаж, өөртөө ээнэгшүүлж авах л чухал байдаг. Тэгж малласан адуу гэхэд уналга эдэлгээнд сайн болдог. Малд чинь хүнээс дутахааргүй сэтгэл гэж бий. Тиймээс аргаар малласан мал эзэндээ их дасна.
 
-Өөрөө аль хэр уургач байв даа? 
-Онцгой юмгүйхэн. Унаагаа санасан цагтаа юүлчихнэ ээ. Нэг онцлог гэвэл аргаар хандаж малладаг болохоор манай адуунаас гараар баригддаг нь олон байлаа.
 
-Эмнэг их сургасан уу? 
-Сургасаан. Тэхдээ юу юугүй чихдэж цоровдож байгаад мордоод булгиулах гол нь биш эзэндээ дасгах арга, хөдөлгөөн их чухал. Зарим нь булгиж л байдаг. Залуу байхад тэр нь тээртэй биш сайхан л санагддаг байсан.
 
-Морь уядаг байв уу? 
-Унаач хүүхэд хайх биш. Дөрвөн хүүтэй хүн чинь. Нэг хэсэгтээ морь уясаан. Айраг түрүү авч байсан үе ч бий.
 
-Энэ уламжлалыг чинь хүүд нар чинь дагаж байна уу? 
-Бага хүү Ч.Отгонбаяр моринд илүүтэй орчихсон хүн. Хурдтай ч болсон. Сүхбаатар, Хэнтий чигээс хурдан удмын даага, шүдлэн, бас азарга ч авчирсан.
 
-Эндээс ургуулаад асуухад танай суманд шилмэл омог, үүлдрийн мал байдаг уу? 
-Дээхнэ үед бол байсан л даа. Нэгдэл тарснаас хойш малын үүлдэр угсааг сайжруулах ажил саарсан тал бий. Манай суманд “Батхаан” хонь гэж байлаа. Махны чиглэлийн омог юм даа. Увс аймгаас ууцан сүүлт гэдэг хонь авчирч байсан. Манайхан тэр хонийг “салаа сүүлт” гэж нэрлэх. Манайх хүртэл хуцыг нь авч байсан юм. Бас Баяндэлгэрийн улаан ямаа л их өссөн дөө. Говь гурван сайхны “Донь” үүлдрийн тэр хар ямааг ч нэг хэсэг маллалаа. Төл нь гэж хоорондоо ялгагдахгүй гөлөг шиг хар юм гарна. Танигдахад хэцүүхэн мал байсан шүү.  
-Та болоод өөрөөс чинь өмнөх үеийн малчид өнөөгийн малчдын малдаа хандах арга барилд хэр ялгаа харагддаг вэ? 
-Ялгаа ч бий л дээ. Өнөөгийнхөнд малдаа үнэхээр өөриймсөг үнэн сэтгэлээсээ ханддаг нэг хэсэг байна. Тэгтэл мал миний хувийн юм чинь яаж ч байсан яахав гэх нөгөө хэсэг бий. Гэхдээ мал өсч байна аа. 1970, 1980-аад онд гэхэд нам, засгаас малыг 25 саяд хүргэе гээд л зорилт тавьдаг. Биелэдэггүй 21,22 саяд байдаг байсан. Тэгвэл мал хувийн өмч гэдэг ч нөлөөлсөн байх. Мал их өслөө. Өнгөрсөн жилийн мал тооллогоор манай улс 71,1 сая мал тооллууллаа гэв үү дээ. Мал бол үнэхээр монголын үндсэн баялаг юм л даа. Нөгөө талаар мал маллагааны аргад суралцах нь тааруу болчихож дээ гэж л бодогддог. Миний хувьд өөрийн малчин болсон хүүхдүүдээ л хэлэх юмаа хэлж сануулж байдаг юм.
 
-Өөрт чинь би тэндхийн тийм баатрыг ийм аваргын туршлага авч хэрэглэсэн гэсэн юм байдаг уу? 
-Бараг л үгүй юм шг. Яахав сонин хэвлэл, радиогоор ийм арга туршлага байна гэсэн л байдаг байлаа. Миний хувьд аав, ижийгийнхээ хэлж заасан, биеэрээ хийж харуулсныг л чиг замаа болгодог доо. Тэдний туршлагыг ингэж ашигласан гээд хэлэх юмгүй шиг 
 
-Отор нүүдэл гэж их хийх болж...? 
-Тиймээ. Тэгэхээс аргагүй. Манай энэ нутаг гэхэд өвс, ургамал нь тачирхан учир яльгүй цас ороход л бэлчээргүйддэг юм. Энэ жилийн өвөл гэхэд харж байгаа биз дээ. Цас ахиу орсноос отор хэрэгтэй болсон. Манай хүүхдүүдээс зарим нь малаа бодтой богтой нь хамж аваад хойшоо Цээлийн нутагт оторлож яваа. Хөгшин бид хоёр өвөлжөө, хаваржаагаа харах маягтай хоцроод байгаа нь энэ.
 
-Өнөөгийн малчид сайхан амьдарч байна гэж болно. Энэ талаар таны бодол...? 
-Яахав. Малынхаа буянаар болж л байна. Гэхдээ малаас гарах мах, сүү, арьс шир бүгдийг үнэ оруулах юм бол бүр ч сайхан болно байх. Тэгсэн цагт 500 малтай ч мянган малтайгаас илүү амьдарч болно гэж би төсөөлдөг.
 
-Мал аж ахуйн бүтээгдэхүүн үнэгүйдсэн нь юуных вэ? 
-Энэ бол шуудхан хэлэхэд төр, засгийн алдаа юм даа. Өмнөх нийгмийн ололттой бүхнийг шахам ад үзэж тэр сайхан үйлдвэрүүдээ устгасны буруудлыг би хэлж байна л даа. Малын арьс, шир, ноос гэхэд хот суурингийнхны автобусанд төлдөг 500 төгрөгт бараг хүрэхгүй байгаа. Иймээс малчдын амьдрал төдийлэн дээшлэхгүй байна. Алдаа биш гэж үү.
 
-Бас мал аж ахуйтай холбоотой өв уламжлал, соёл их алдагдлаа гэж ярьдаг даа? 
-Тийм. Малаа маллахдаа морь, тэмээгээ унах нь эрс ховордсон. Энэ ч яахав техникийн эрин үе гэж бодъё. Уршиг нь адуунаас эхлээд эмнэг догшин болж байна. Тарга тэвээрэг тааруу авч байна. Малчин бид гэрэл цахилгаанаар дутахгүй боллоо. Гэртээ зурагтаа үзээд сууж байна. Энэ бол хөгжил л дөө. Гэхдээ үүнээс илүүтэй өв соёл харамсмаар алдагдах  юм.
 
-Энэ талаар нэг жишээ хэлэхгүй юу? 
-Айлууд айл саахалт буухаа байчихаж. Үүнээс болж алдагдсан уламжлал байна аа.  Орой бүр хурга ишгээ ялгаад саахалт руугаа саах зөрүүлэх гэж сайхан уламжлал огт алга. Хөдөөгийн залууст энэ нь уулзаж танилцах, хөгжилдөх нэг боломж байсан юм шүү дээ. Хурга ишиг зөрүүлэх тэр уламжлал цагтаа өнөөгийн хэлээр шоу наадам л болж байж дээ.  Гурав, дөрвөөрөө айлсчихаад малаа ээлжилж хариулахаас эхлээд өдөр тутмын ажлаа хамтарч хийдэг уламжлал бас алдагдсан.
 
-Замд танайхыг сураглахаар “Бороо” Чимэддоржийнх уу гэх юм. Тэгэхээр нь таныг бороо оруулдаг юм уу. Бас бороог зайлуулдаг хүн юм болов уу гэж бодлоо. Сонирхолтой юм шиг...? 
-Бороо гэдэг нь цол, хоч биш ээ. Манай дүү нар намайг “Бор ах” гэдэг юм. Түүнийг нь нутгийнхан тосч аваад “Бороо” болгож нэршүүлсэн юм л даа.
 
-Та түрүүнд би амьдралдаа хэн нэгний арга туршлагыг авч хэрэглэж байсангүй гэж хэлсэн. Өөрөө тэднээс дутахгүйгээр ажилладаг байсан гэсэн үг үү? 
-Тийм биш ээ. Завханы Ц.Намхайнямбуу, Дундговийн Б.Дашзэгвэ, Сүхбаатарын адуучин С.Шарбанди нарын баатруудын арга туршлага гэдгийг уншиж сонсож л байлаа. Судлаад хэрэгжүүлээд байсангүй. Нутаг орон нь онцлогтой  байгаль цаг агаар, өвс ургамал нь манай нутгаас өөр тийм газрын малчдын арга ажиллагаа бидэнд зарим нь таарахгүй тал ч бий. Харин манай суманд Д.Чулуунбат гэж мундаг хоньчин байлаа. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдсон билүү тэр хүн. Бас М.Цэдэндамбаа гэж хоньчин манай бригадад байсан. Тэдний хэлж ярьж байгаа арай өөр сонсогддог байв даа. Энэ бол миний л бодол.
 
Танилтай хүн талын чинээ гэдэг 
Бидний яриа энэ хүрээд завсарлав. Гэхдээ басхүү орхигдуулсан, мартаж санаад асууж амжаагүй юм зөндөө л байсан байх. Шинэ танил маань бөх гайгүй сонирхдог, үздэг юм билээ. Бөхийн тухай ярихаар улсын цолтнуудыг бол нутаг нугаар нь мэдэх янзтай. Энэ нь ч аргагүй байх. Бүрд сумыг хүчитний өлгий гэж болохоор Домогт аварга Их монгол Шаравжамц энэ сумынх. Түүний удам залгаад гарч ирсэн улс, аймгийн цолтнууд ч олон юм. Чимэддорж өөрөө барилдаж байгаагүй ч бөх найзуудтай. Өөрийн аймгийн харъяат дархан аварга Д.Цэрэнтогтох, Дундговийн бөх, улсын начин Ц.Улаанхүү нартай их зузаан найзууд байлаа гэдгээ хэлж байналээ. Улсын заан Ё.Ишгэн Хужиртынх, улсын начин Д.Даваасүрэн тэр Их монгол Шаравжамцын удмын С.Дэмбэрэлсамбуу гээд сайхан бөхчүүд байсан тухай зурвасхан ярьсан юм.Тэд Бүрдийнх байжээ.
 
Бас Монголын яруу найргийн нэгэн том төлөөлөгч Дэндэвийн Пүрэвдоржийн уугуул нутаг нь Бүрд. Тиймээс энэ хүнийг таньдаг мэддэгээ хэлж байв. Үнэхээр Д.Пүрэвдорж гэхээр нутгийнхан нь байтугай Монголд мэдэхгүй гэх хүн байхгүй байх шүү.
 
Хөдөөгийн амар амгалан гэж тун таатай байдаг даа. Гэхдээ хахирхан өвөл, хавар болоод гантай цагийн аашийг давна гэдэг амархан ажил ердөө ч биш. Малчин хүн цас, бороо, аагим халууныг үл ажран өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл борви бохисхийх завгүй байдаг. Үүнээс малч удмынхан маань хальширч буцаж явсангүй ээ. Тийм малчны нэг нь Л.Чимэддорж  түүний үр хүүхдүүд ажээ. Түүний хэлсэн нэг нандин үг бий.
 
-Бид үр хүүхдүүддээ мөнгө хөрөнгө үлдээх нь гол биш хүн шиг явах, бусдын дайтай хөдөлмөрлөх, олон найз нөхөдтэй болгох л чухал гэсэн юм. Ингээд  тэднийхээс мордох зуур сэтгүүлч миний бодолд таана, хөмүүлийн үнэртэй цэнхэр салхиар илбүүлж малынхаа бэлчээрт жаргаж, өсөн дэвжиж , өөдлөн яваа малчин заяаг монгол хүнд бурхан л оноож дээ гэсэн бодол төрж байлаа. Малчин заяа мөнхийн заяа билээ.
 
 
Дуламын ЦэрэннадмидЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ