Хятадын Иргэний нисэхийн удирдлагын газраас Бээжинг зорьсон олон улсын нислэгийг өөр хотод хүлээж авч байсан өмнөх журмыг цуцалж халдвар хамгааллын дүрэмд өөрчлөлт оруулан, хил нээгдсэн нэгдүгээр сарын 8-ны 00 цагаас эхлэн Бээжин рүү чиглэсэн олон улсын зорчигч тээврийн нислэгийг Бээжинд газардуулахаар боллоо хэмээн Хятадын агаарын тээврийн "Эйр Чайна" компани мэдээллээ.
Хамгийн сүүлийн нислэгийн төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус компани 17 улсаас Бээжин рүү шууд үйлдэх олон улсын нислэгээ сэргээжээ. Цаашид Бээжин чиглэлийн олон улсын бусад нислэгийг ч дэс дарааллаар нь сэргээх гэнэ.
Улаанбаатар Бээжин чиглэлийн нислэг энэ сарын 12-ны өдрөөс сэргэх бөгөөд Улаанбаатараас 16:45 цагт хөөрч Бээжинд 18:50-д газардах юм байна. Долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв гаригт нислэгтэй.