Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хамгийн олон ямаатай Баацагаан сумынхны буйд амьдрал


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Баацагаан сумын Товгор багийн малчин С.Иринагийнх 500 гаруй ямаа төллөжээ.
Баянхонгор аймгийн Баацагаан сум энэ жил Монголын хамгийн олон ямаатай сумаар шалгар­чээ. Өнгөрсөн өвлийн мал тооллогоор 145,757 тоо­ны ямаа тоолуулжээ. Энэ нь Баацагаан сумын нийт малын 80 гаруй хувийг эзэлж байгаа юм байна. Монголын хамгийн олон ямаатай сумын амьдрал хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар өнгөрсөн долоо хоногт Баацагаан сумыг зорьсон юм. Баян­хонгор аймгийн төвөөс 150 гаруй километрийн цаана орших уг суманд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт очсон юм. Байдраг голоос эх аван 99 булаг шандаар сэл­бэгдэх Бөөн цагаан нуур сумын төвийн ар шилэнд мэлтэлзэх ажээ. Харин Бөөн цагаан нуурын урд хөндий харгана, дэрсэн дунд Баацагаан сум орших ажээ. Замд нүд, хамар, ам нь гарсан ноо­сон малгай өмссөн хэн болох нь танигдахгүй залуу, алчуураар нүүрээ боож, нарны шил зүүсэн эмэгтэй хоёр мотоцикль­той давхиж яваа хараг­дав. Тэд хоёр шуудай дүүрэн ноо­луур ганзагалсан харагдана. Сууж явсан машины замаар хөндөлсөн тоос татуулан зогсдог юм байна. Тэгснээ жолоочтой мэнд мэдэлцээд "Аймгаас ирж байна уу. Ноолуур ямар үнэтэй байх шиг байна" гэж асуух аж. Харин жолооч "57 мянган төгрөг болоод буучихсан байна лээ. Удахгүй дахиад буух юм гэсэн. Өнгө ялгаж авч байгаа гэнэ лээ" хэмээгээд гурил, будаа өөр бусад ахуйн барааны үнэ, ханшийн талаар мэдээлэл солилцоод амж­лаа. Ингээд цааш хөдөллөө. Зорьж яваа сумынхан одоо л ямаагаа ид самнаж байгаа гэх мэдээг хамт явсан залуу дуулгав. Баянхонгор аймгийнхан зуны эхэн сар гарч буй өдийд ямаагаа бүрэн самнаж дуус­даг байна. Ямаагаа орой самнаж буй шалтгаан нь энэ хавар цаг агаар хүйтэн байсантай холбоотой аж.
АНХ УДАА АРДЧИЛСАН НАМ ЯЛЖЭЭ
Ингээд Баацагаан сумын төвд нар баруун тийш хэвийж, Улаан аргалант уулын шилээр орж байх­тай зэрэгцэн очлоо. Говь нутгийн буйд суманд хөл хөдөлгөөн бага аж. Хаа нэгтээ мотоцикль, ма­шинтай хүмүүс тааралдах ажээ. Сумын Засаг даргатай уулзлаа. Засаг даргын ажлаа аваад арав гаруй хонож байгаа гэх 30 эргэм насны залуу угтаж уулзсан юм. Түүний алдрыг Ж.Ганбат гэдэг юм байна. Баацагаан суманд анх удаа Ардчилсан нам ялж, сумынхаа иргэний бүртгэлийн мэргэжилтэн байсан Ж.Ганбат Засаг дарга бо­лоод байгаа нь энэ аж. Гэхдээ нэлээд хэл ам болж байж сая нэг юм тамгаа хүлээж авсан юм байх. Сумын Засаг дарга Ж.Ганбаттай мэнд мэдэлцээд Баацагаан сумын аж амьдралын талаар сурвалжлах гэж яваагаа дуулгав. Тэгсэн "За манай суманд гоц гойд үйл явдал болоогүй байна. Ирэх жил сум байгуулагдсаны 90 жилийн ой болно. Өнөтэй сайхан өвөл болж, хавар ногоо эрт гараад, мал но­гоондоо цадаад сайхан байна. Малчид яг өдийд ямаагаа самнаж байгаа. Энэ жил ноолуур үнэтэй байна. Өнгөрсөн жил 40 мянгаар арай гэж өгч байсан бол энэ жил 60 мянгад өгч байна. Бүр 70 мянган төгрөгт хүрсэн" хэмээн бид хоёрын яриа мөн л ноолуурын үнэ ханш руу яваад орчих аж. Баацагаан сум гурван мянга гаруй хүн амтай аж. 963 айл өрхтэй гэх албан мэдээ байна. Долоон багт хуваагдсан байдаг бөгөөд нутгийн иргэдийн ихэнх нь малчин. Малчдын амь­жир­гаагаа дээшлүүлдэг амин зуулга нь ямаа ажээ. Сумын Засаг даргатай уулзчихаад сумын төвтэй танилцлаа. Засаг даргын Тамгын газрын зүүн талд Соёлын төв барьж байгаа харагдана. Хоёр давхар соёлын төв энэ жилдээ багтаж ашиглалтад орох аж. Мөн спорт заал ашиглалтад оржээ. Энэ мэт бүтээн байгуулалтын ганц нэг ажил тэнд эхэлжээ.

Энэ нутагт Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн төрж, өссөн. Уншигч та алдарт "Хүрэн морь" найраглалаар нь андахгүй мэдэх биз ээ. Ч.Лхамсүрэн гуайн эдэлж хэрэглэж байсан зүйлсээр бай­гуулсан музей сумын төвд байх. Уг нь музейн барилгын гадна талд хаяг байсан гэнэ. Саяхан болсон салхинаар уначихсан гэнэ. Тэгээд хаягийг нь шороо, бороонд нор­гохгүй гээд барилгын дотор оруул­чихаад байгаа гэв. Түүнчлэн Хувьсгалт тэмцлийн ахмад зүт­гэлтэн Ш.Өөдөс, Г.Пунцаг, хошууч генерал Н.Паль, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн, П.Пүрэв­сүрэн, гавьяат жүжигчин Х.Пүрэв­дорж, улсын идэр шаламгай начин П.Нямжанцан, улсын начин А.Но­ров нарын төрж өссөн нутаг. Баа­цагаан сумаар УАЗ 469, пургон, хаа нэгтээ суудлын жижиг тэрэг давхих аж. Гэхдээ сумын айлууд бүгд шахуу урд хөршид үйлдвэрлэсэн мотоцикльтой юм билээ. Өмнөговь аймгийг бодвол сүүлийн үеийн загварын үнэтэй машин унасан хүн их ховор. Суманд жийп унадаг таван хүн байдаг гэсэн. Хүүхэд хөгшид, эр эм гэлтгүй л мото­цикльтой сүлжилдэн давхих аж. Бүр хоорондоо уралдах залуус ч тааралдаж байсан. Хүүхдийн цэ­цэрлэгтээ 28 сая төгрөгийн их засварын ажил хийсэн байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнгээ засварлаж усан оргилуур шинээр барихаар Сумын хөгжлийн сангийн мөнгө­нөөс төсвийг нь батлаад гаргачих­жээ. Зулзаган улиас тарьсан цэцэр­лэгт хүрээлэнд таван хошуу малын хөшөө байх аж. Мод тарьсан цэцэрлэгт хүрээлэн дундуураа явган хүний зам тавиад гэрэлтүүлэг хийхээр болжээ.
"ПОКЕР" ТОГЛОДОГ ГАЗРЫГ НЬ ЦАГДАА НАР ХААЖЭЭ
Нутгийн залуусын цуглардаг газар яваад очлоо. Тэр нь бил­лъярдны газар. Бөөн залуус цуг­ларчихсан бооцоотой тоглож байгаа харагдлаа. Тэдгээр залуус хонио хотлуулчихаад ирсэн гэсэн. Өвөл, хаврын салхинд хүрэн бор царайтай болсон залуус хоорон­доо элдвийг хөөрөлдөж баг болон хуваагдчихаад тоглох ажээ. Гурван баг болон хуваагдсан залуус 30 мянган төгрөгөөр бооцоо тавиад 90 мянга болгоод тоглох аж. Тойрч тоглоод олон хожилтой нь 90 мян­ган төгрөг авах гэнэ. Өндөр биетэй залуу шааригнуудыг бүгдийг нь цохиод оруулчихав. Эхний той­рогтоо ялалт байгуулаад дараа­гийн багийн залуустай тоглох ажээ. Биллъярд тоглож байгаа залуусын ихэнх нь сайн тоглох аж. Ганц зугаагаа гаргаж байгаа тоглоом болохоор өдөр шөнөгүй энд тог­лож өнгөрөөдөг болжээ. Уг нь сумын төвийн урдхан талын цагаан байшинд "покер" тоглодог газар нээгдсэн гэнэ. Мөрийтэй даалуу, хөзөр тоглодог нөхөр байшингийн­хаа нэг өрөөг гаргаад сандал, ширээ тавиад хөзөр тоглодог бай­сан юм байх. Тэгснээ сүүлдээ өргөжөөд сумын Засаг даргын Тамгын газрынхан, сургуулийн багш нар, хөдөөний малчин залуус хүртэл мөрийтэй "покер" тоглодог болжээ. Энд нутгийн залуус бор­лонгоор мөрийтэй тоглодог болсон байжээ. Ийн хууль зөрчсөн асуудал босч ирээд сумын цагдаа арга хэмжээ авч хаасан байна. Ноолуу­рын ченжүүд сумын дэлгүүрийн үүдэнд орой болтол зогсох аж. Малчид өдөржин ямаагаа самнаж, малаа хариулж байгаад орой хонио хотлуулчихаад сумын төв орж ирэн ноолуураа тушаадаг болжээ. Ингэж бага багаар өдрийн самнасан ноолуураа шөнө тушааж байгаа шалтгаан нь ноолуурын үнэ өнгөрсөн жилийнх шиг шалдаа уначихаж магадгүй гэсэн айдас. Ийн орой ирсэн малчин залуус ноолуурынхаа мөнгөнөөс архи, пивонд илүүчилж, тэр хавийн дэл­гүүрүүдэд орлого оруулна. Зарим нь эхнэр, хүүхдээ сундалчихсан, ноолуурын хэдээ өвөртлөөд буцаж байв.

ГУРВАН УДАА НЭМЭГДСЭН БАРАА НУТГИЙН ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧДОГ

Гурван мянга гаруй хүн амтай энэ суманд 30 гаруй хүнсний дэл­гүүр байх аж. Ихэнх нь аймгийн төвөөс бараагаа татдаг. Аймгийн төвийнхөн "Нарантуул" захаас ихэнх хүнс болон бараа, бүтээг­дэхүүнээ татдаг гэсэн. Баацагаан сумын иргэдийн гар дээр хүнс болон бараа, бүтээгдэхүүний үнэ гурав нэмэгдэж сая нэг юм гар дээр нь очдог байна. "Нарантуул" захын наймаачид үйлдвэрийн үнэ дээр нь хэдэн төгрөг нэмээд Баянхонгор аймгийн захын наймаачдад худал­даалдаг байна. Харин хотоос авчирсан бараан дээрээ замын зардал ашгаа нэмээд сумынханд худалдаалдаг аж. Сумын дэл­гүүрийн эзэд ачааны зардал ашгаа нэмээд иргэдийн гарт хүргэдэг байна. Улаанбаатар хотын захын дэлгүүрт 1200 төгрөгийн үнэтэй "LD" гэсэн тамхи 1800 төгрөгөөр худалдаалж байна. 1.5 литрийн "Гоё" ундаа 2500 төгрөг, Ерөөл архи 7500 төгрөг гээд л үнэ нь цуврах ажээ. "Цагаан гол" дэлгүү­рийн худалдагч Г.Болормаатай уулзлаа. Тэрээр "Манай сумынхан ямаагаараа л амьдарч байна. Ямааны ноолуураар бүтэн жи­лийнхээ идэж уух, өмсөж зүүх зүйлээ худалдан авдаг. Ихэнх нь дэлгүүрүүдэд зээл тавьдаг юм. Хавар ноолуураар эргүүлээд мөн­гийг чинь өгнө гээд л зээл тавина шүү дээ. Цагаан сараар гэхэд ихэнх малчин манайхаас зээл авсан. Нийт 20 гаруй сая төгрөгийн зээл авсан. Эхнээсээ төлөөд бай­гаа" гэв. Түүнээс аймгаас авчирсан бараан дээрээ хэдэн төгрөг нэмдэг вэ хэмээн асуулаа. Тэгсэн "20-30 хувийг нэмээд л зардаг. Ачааны мөнгө, ашиг ороод тэгж таардаг. Хотод 2500 төгрөгийн үнэтэй таав­чиг энд 4500 төгрөг болоод иргэ­дийн гар дээр очиж байна. Хятад мотоциклийн сэлбэг гэхэд их үнэ­тэй. 50 мянган төгрөгийн дугуй 70 мянган төгрөгөөр малчид худал­даж авдаг юм. Бид ашгийн бай­гууллага болохоор үнээ нэмдэг юм. Харин малчид, иргэдэд өндөр үнэтэй хүнс, бараа бүтээгдэхүүн ирдэг болохоор амьдралд нь хүнд тусдаг гэж боддог" хэмээн ярив. Хамгийн олон ямаатай сум иймэр­хүү дүр төрхтэй угтсан юм. Нутгийн иргэдийн амьдрал ч тийм сайн биш юм билээ. Баянхонгор аймгийн ихэнх суманд алт гарч "нинжа"-гийн хөлд дарагдсан байдаг. Баацагаан сумын хувьд одоогоор уул уурхай нээгдээгүй. Амар жимэр буйд, хөл хөдөлгөөн эрс бага юм. Баацагаан сумын хамгийн олон ямаатай айл болох С.Ирина гэх айлыг зорилоо. Тэднийх өнөө жил 1103 ямаа тоолуулжээ. Замд тааралдах айлуудын гадаа ихэнх нь хонь, цөөн ямаа байгаа мэт харагдах аж. Гэвч ойртоод очихоор бүгд цагаан ямаа байх бөгөөд цөөн хэдэн улаан ямаа байгаа нь хо­лоос хонин сүргийн дунд тав, аравхан ямаа бэлчиж яваа мэт харагддаг ажээ.
-МЯНГА ГАРУЙ ЦАГААН ЯМААТАЙ С.ИРИНАГИЙНД ОЧЛОО-

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор багийн малчин С.Ирина гэх эмэгтэй энэ жил 1400 гаруй мал тоолуулжээ. Үүнээс 1103 ямаа тоо­луулж сумандаа хамгийн олон ямаатай айлаар тодорчээ. Гурван хүүтэй­гээ амьдардаг тэрбээр Баацагаан сумын ба­руун­тайгаар нутагладаг юм байна. Хөх толгой гэх газарт хаваржаан дээрээ зусч байгаа гэдгийг нут­гийн иргэдээс сонсоод өглөө эртлэн сумын тө­вөөс хөдөллөө. С.Ирина малчны гэрт очих гэж нэ­лээд хэцүүддэг юм байх. Сул элс, хад асга ихтэй учир орос ах нарын үйлд­вэрлэсэн машин л мянга гаруй ямаатай айлын гадаа очдог гэх. Жалга өгсөөд л яваад байх аж. Бидэнтэй хамт сумын Малын үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэр­гэжилтэн С.Батхүү, багийн Засаг дарга, бага эмч хамт явсан юм. Тов­гор багийн малчид сумаа­саа 70-80 километрийн хол байдаг учир багийн­хаа айлуудаар тэр бүр ороод байдаггүй гэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд сумын төв дээр ойрд ирээ­гүй учир бага эмч тэдний биеийг үзэж, ураг эрүүл саруул бойжиж бай­гаа эсэхийг үзэх зо­рил­готой.

Харин багийн Засаг дарга Г.Энхцэцэг өрх бол­гонд харилцах дэвтэр тараах ажлаа амжуулж яваа юм. Малын үржил, бүртгэл мэдээлэл ха­риуц­­сан мэргэжилтэн С.Бат­­хүү замдаа сум орон нут­гийн талаар та­нил­цуу­лаад ам хуурайгүй яваа. "Бөөнцагаан нуур чинь эх оронч нуур шүү дээ. Уг нь мөрөн болох байсан юм гэсэн. Зуун гол, булаг шанд нийлээд цутгах юм бол мөрөн бол­дог гэсэн. Манай Бөөн цагаан нуу­ранд 99 гол горхи, булаг шанд нийлж энэ их усыг бий болгож байгаа. За­луу­даа ах нь Бөөнцагаан нуурыг шинэ мотоцик­лиор тойрч үзсэн. 110 километр бол­дог юм билээ. Малчид зун боло­хоор нуурынхаа эр­гийг бараадаад буучихдаг юм. Монголдоо төдийгүй дэлхийд ховор ургамал болох чихэр өвс,гоёо бо­лон говийн ургамал цул­хир, дэгд, лидэр зэрэг жимсгэнэ, эмийн төрлийн ургамал ихтэй" хэмээн ярих аж. Тэгсэн бидний ярианд багийн Засаг дарга Г.Энх­цэцэг оролцож "Батхүү ахаа, ямаа согтоодог өвс чинь ур­гаад л байгаа юу" хэмээн асуух аж. Тэгсэн С.Батхүү гуай "За манай нутагт нэг сонин өвс ургадаг болчихоод байгаа юм. Голын ширэг зүлгэн дээр ургадаг юм. Хүн харахад зү­гээр л өвс шиг харин ямаа идэхээрээ согтчихдог юм. Гуйвж дайваад л яваад бай­на. Хаашаа ч хамаагүй эр­гүүтсэн хонь шиг явна. Тэр өвснөөсөө өөр төрлийн но­гоо идэхгүй" гээд хортой өвсний талаар яриа хэсэг өрнөв. Бөөнцагаан нуурын урд талд мянган шувууны үүр гэх газрын талаар ярив. Бу­лагтай, заг, зэгсээр хүрээ­лүүлсэн газарт нэг давхар байшингийн дайны өндөртэй шувууны үүр байсан гэнэ. Тэнд зундаа мянга гаруй шу­вуу өндөглөдөг байж. Тэгсэн 2001 оны зун ган болоод цангасан тэмээнүүд өнөөх үүр байгаа газрын булагнаас ус уух гээд тэр хавийг сүйт­гэчихсэн гэнэ. Тэр зунаас хойш тэр хавиар шувуу үзэг­дэхээ больж, зүлэг нь хатаж, булаг нь ширгэсэн юм байх. Сумын аялал жуулчлалын бүс нутаг гэгдэх Муруй хад хэмээх хад асга дундуур яв­лаа. Тэг­сэн ишгээ дагуулсан хоёр янгир бидний явж байсан уул өөд бэлчиж харагдлаа. Ма­шины бараанаар уулын амь­тад үргээд алга болох ажээ. Муруй хадан дунд ирвэс, янгир, аргал, хар сүүлт, бөхөн, шилүүс зэрэг ан амьтан, хой­лог, ёл, шонхор, хөх дэглий, хотон, тоодог зэрэг олон төрлийн жигүүртэн шувууд байдаг гэнэ.

МОТОЦИКЛЬ УНАСАН ХОЁР ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ БИДНЭЭС ЗУГТААГААД, БИД АРААС НЬ ХӨӨГӨӨД...

Ийн явсаар хадан хавцал дундаас гарч явтал зорьж буй айлын өвөлжөө хадан дунд тааралдав. Говь нутгийн мал­чин айл гэхэд их том саравч­тай аж. Мөн хоёр ч модон амбаартай. С.Батхүү тэдний нууц өвөлжөөг үзүүлдэг юм байна. Мянга гаруй бог багтах боломжтой байгалийн хадан хашаа байх аж. Өвөлжөөнөөс харахад тэнд чулуун хашаа байгааг харах боломжгүй нууцлаг газар байгалийн ха­шаа байх аж. Говь нутагт мод банз олдохгүйн зовлон бий. Хашаа хороо барих асуудал хүнд гэсэн үг. Тэгтэл энд байгалийн малын хашаа бай­гааг мянга гаруй ямаатай С.Ирина гуайнх ийн ашигла­жээ. Өвөлжөөнөөс доош уруудаж, малын жимээр явж байтал хоёр мотоцикльтой хүн доошоо тоос татуулан явж байгаа харагдлаа. Араас нь энэ хавиар ямар айлууд буу­гаад байгааг сураглах санаа­тай явсан чинь нөгөө мото­цикльтой хоёр чинь "зугтаа­чих­даг" юм байна. Бид араас нь нөгөө хоёрыг элдэж гар­лаа. Нөгөө "Ховор хүмүүс" гээд уран сайхны кинон дээр морьтой залуу даргаасаа айгаад зугтаадаг даа. Тэрэн шиг л юм болох шахлаа. Арай гэж араас нь гүйцэж зогсоо­сон чинь тогоон чинээ гэдэс­тэй хоёр эмэгтэй байж таа­рав. Бүр Товгор багийн залуу малчдын гэргий зургаа, найм­дугаар сард төрөх хоёр эмэг­тэй байдаг юм байна. Бага эмч "Та нар чинь яаж байна аа. Гэдсэн дэх хүүхэд чинь зүгээр үү" гээд балмагдсан амьтан машинаас буугаад ирэв. Тэд "Сумын мал эм­нэлгийн УАЗ байхаар нь ичээд зугтаачихсан юм. Гэрт хийх ажил олдохгүй уйдаад байхаар нь айл хэсч яваад та нарт баригдчихлаа" гээд инээл­дэцгээн, бие биеэ нуд­раад авав. Багийн эмч эмэгтэй гэрт нь очиж нарийн үзлэг хийхээр зорьж байгаагаа хэ­лэн зорьсон айлаасаа ха­зайн Далан түрүү гэх газар руу явлаа. Энхтөр гэх залуу малчны гэрт очлоо. Тэрбээр эхнэрээ айл хэсэх хооронд ямаагаа самнаж байжээ. То­гоон чинээ гэдэстэй хоёр эмэгтэй ч эмчийн үзлэгт хам­рагдаад загнуулж байгаа харагдлаа. "Төрөхийн өмнөх шинжүүдийг сайн цээжил гээд хэлсэн. Та хоёр зөндөө зааж өгч байхад их эмчийн нүүрэн дээр мэдэхгүй гээд хүн байдалд хийгээд байх юм" хэмээн ярих нь сонсогдов.

ЯМААГАА УЛАМ ОЛОН БОЛГОХЫГ ХҮСДЭГ
Ингээд зорьж буй айл руугаа хөдөллөө. Бидний сууж яваа машин арай гэж багтахаар хадан дундуур сүлжиж хайрга, элсэнд хий эргүүлэн явсаар их үдийн алдад зорьсон айлынхаа барааг харлаа. Гэрийнх нь гадаа их олон цагаан ишиг байх аж. Ишигнүүд дунд цөө­хөн хэдэн л улаан ишиг байв. Тэдний хаваржсан газарт эрт ногоо гарсан болоод тэр үү, мал өнгө зүс сайтай ногоон­доо цадчихсан байгаа хараг­дана. Зүүн талын толгод дундуур цагаан ямаа туусан морьтой хүн айсуй. 50 эргэм насны хүрэн бор царайтай эмэгтэй бидэнд нохой хорьж өгсөн нь С.Ирина байв. Тэд­нийх таван хүүхэдтэй юм байна. С.Баатархүү энэ жил 30 хүрч байгаа. Эхнэр авч амжаагүй гэнэ. Харин дунд хүү С.Түвшинжаргал 25 нас­тай энэ зун тусдаа гарч, хурим найр хийхээр төлөвлөж бай­гаа гэсэн. Хамгийн бага хүү болох С.Төгсгэрэл ямаандаа явжээ. Хотод байдаг хоёр охиных нь нэг нь хоёр хүүх­дээ дагуулж ирээд, ямаа сам­наж өгч байгаа хэмээн аар саар зүйл ярилаа. Ямаа жил­бэтэй байсан болохоор ишиг­нүүд амархан торнисон юм байх. Таван хошуу малаас хамгийн ажиллагаа анхаарал шаардаж, төлөө өгдөг малыг ямаа, тэмээ гэж хөгшид ярьдаг. Тэр тусмаа ямааны төлийг хаваржин өглөө орой­гүй эхэд нь тавьж өгөх ажил­тай. Мөн жаахан хүйтэн үед ямаа ишиглэвэл хурдхан дулаан гэрт оруулахгүй шууд л бээрчихдэг амьтан. Их ажил­лагаатай малыг мянга гаруй болгон өсгөж үржүүл­сэн мянгат ямаачин С.Ирина­тай ярилцлаа.

-Энэ жил хэдэн ямаа ишиглэсэн бэ. Ямаагаа самнаж дууссан уу?

-500 гаруй ямаа ишиг­лэлээ. Өчин ишигний гарзгүй сайхан төл хүлээж авлаа. Өнгөрсөн жил хур бороо ихтэй, өвс ногоо сайхан ургаж өвөл өн болсон болохоор төл авахдаа нэг их ядарсангүй. Цаашид ямаагаа өсгөөд байх санаатай байгаа шүү. Манай гэр бүлийн амьжиргааны гол үүсвэр ямаа болоод байна. Ямааг ад үзэх хүмүүс байдаг л юм. Гэхдээ үр ашиг ихтэй амьтан шүү дээ. Говийн су­мын нутагт ургаж байгаа өвс их шим тэжээлтэй байдаг. Мах нь хангай газрын ямаа шиг сэрүүдээд байхгүй. Хони­ны мах шиг л илчлэг ихтэй. Сүүлийн үед мах нь үнэд ороод байгаа. Ямааны арьс мөн л үнэтэй. Хавар ноолуу­раараа малчин бидний жи­лийн хэрэгцээг хангачихдаг юм. Манайх Бөмбөгөрийн улаан ухна, Шинэжинстийн залаа цагаан ухнын үр удамтай. Ноолуурын хувьд ярих юмгүй сайн. Бусад айм­гийн эр ямаанаас гардаг ноо­луур манай борлонгоос гарна шүү дээ. 300 гаруй килог­рамм ноолуур гарсан. Түүний­гээ аймагт тушаачихсан.

- Ямаа ч их ажиллагаа­тай мал шүү дээ. Энэ дайнд хүргэхэд хэдий хугацаа орсон бэ?

-Ямаанаас төл авна гэдэг их хүнд гэдгийг малчин бүр л мэддэг. Хавар нойр, хоолгүй хэдэн өдөр гүрийж байгаад л төлөө бүрэн авна. Ганцаас газар дүүрдэг гэдэг шүү дээ. Нэг төл ч байсан бойжуулаад авах юм сан гэж бодоод хи­чээдэг юм. Энэ гурван хүү­гийн­хээ ачаар өдий зэрэгтэй явна. Манай хөгшин өөд бо­лоод таван жил болж байна. Энэ суманд 1992 оны үед төрсөн ах, дүү гурван мянгат малчны нэг. 2001 оны зуд­наар олон малнаасаа 80 гаруй ямаатай, цөөн хэдэн үхэртэй үлдсэн. 2001 оноос хойш өсөөд мянга гарчихаад байна. Цаашид ч гэсэн өсгөх бодолтой байна.

-Ноолуурынхаа мөнгийг хүүхдүүддээ хуваана, идэж, уух юмаа бэлдэнэ гээд л хуваарилж өгнө биз. Аймаг, сумын төвийн залуу­сыг хараад байхад архинд их үрдэг бололтой?

-Хотод байгаа хүүхдүүд­дээ мөнгө явуулна. Бас хүүхдүүд зүүн талаас хурдан удмын адуу худалдаж аваад 20 гаруй адуутай болсон. Буянт малынхаа үр шимээр хүнээс юм гуйхгүй сайхан л амьдарч байна. Бидэнд ду­таг­дах гачигдах зүйл байхгүй. Хэрэгцээтэй бүхнээ худал­даад авчихаж байна. Гурван хүүгээ удахгүй унаажуулах санаа байна. Тэгээд ноо­луурынхаа мөнгийг хадга­лаад байгаа. Гайгүйхэн хэр тааруу машин авч өгөхөөр бодоод байгаа. Хаваржаа зуслан дээрээ чингэлэг тавьчихсан. Бүх зүйлээ тэнд хураачихаад гэртээ цомхон суудаг юм. Гурван хүүтэйгээ хамт малаа өсгөх гэж зүт­гэсний эцэст сайхан л амь­дарч байна. Хотод дээд сур­гууль төгсчихөөд худалдагч хийж байгаа хүмүүс байж л байна. Манай гурван хүүхэд арван жилийн боловсролтой. Гэсэн ч хэнээс ч дутахааргүй явна. Хөдөөд сайхан амьд­рал байгаа гэдгийг танай сониноор дамжуулж залуу­чуу­дад хэлмээр байна. Хөдөө нэртэй төвд амьдарч байгаа залууст хийх ажил байхгүй, хариулах мал байхгүй болохоор цагийг биеэ зовоож өнгөрүүлж байгаа юм даа гэж боддог юм гэв.
С.Ирина гуайн гурван хүү хурдан моринд их хорхойтой гэнэ. Сүхбаатар, Хэнтий чиг­лэлийн адуу худалдаж аваад байгаа юм байна. Тэднийх Шинэжинстийн залаа цагаан ухнатай болоод ч тэр үү ямаан сүргийн ихэнх нь ца­гаан ямаа байх аж. Зундаа ямаагаа саагаад цагаан идээг нь хотод байдаг ах, дүү нар­таа өгч явуулдаг аж. Биднийг ийн ярилцаж байтал бага хүү болох С.Төгсгэрэл цагаан ишиг тэвэрчихээд ороод ир­лээ. Тэгснээ "Хээр хэвтчихээд босохгүй юм. Чацга алдаад байгаа юм шиг байна" хэмээн бидэнд хандаж ярив. С.Ирина гуай "Цагаан гоёо аваад ир. Жижиг малын чац­ганд сайн шүү дээ" хэмээн шууд л нөгөө ишгээ эмчилж гарлаа. Гэрийн ойролцоо байх худаг дээр ямаан сүрэг ирсэн байгаа харагдлаа. Ямаан сүргийн ихэнх нь цагаан ямаа байх нь сонин харагдах ажээ. Дэрийсэн эвэртэй сэрхнүүд сүргийн чимэг гэгддэг нь яалт ч үгүй үнэн юм аа. Сүрлэг гэж жиг­тэйхэн. Тэдний гурван хүү ямаагаа услахаар гарав. Мян­га гаруй бог усална гэдэг амаргүй ажил юм. 25 литр ус ордог том ховоогоор гүн худ­гаас ус татах аж. Шатахуунаар ажилладаг мотор нь эвдэр­чихээд ийн гараар малаа усалж байгаа аж. Олон ямаа өвлийн цагт хэвтэр алдаад бууц нь дош болж хөлдөөд хажуугийн өвөлжөөнөөс бууц зөөх нөсөр ажил тэднийг угтдаг гэсэн. Мөн хонь цөөтэй болохоор зуны цагт ямаа салхидаад тогтдоггүйг ч хууч­лав. Хөх толгойн хойд талын хадат ууланд ямаагаа ха­риул­даг байна. Хадан дунд сэрүүхэн, шимтэй ногоо урга­даг жинхэнэ ямааны нутаг юм байна. Мянга гаруй малтай С.Ирина гуайнх их даруухан аж төрдөг айл юм. Тэд бусад мянгат малчин шиг үнэтэй машин унаагүй. Туслах мал­чин аваагүй. Бүгд л өглөө­нөөс үдшийн бүрий болтол ма­лынхаа араас явсаар өдрийг өнгөрөөдөг. Тэд­ний амнаас "Хүн хөдөлмөр­лөх хэрэгтэй" гэх үгс гарах ажээ. Тэднийх зун, хавар, намар ногоо хөөгөөд хэд хэ­дэн удаа нүүдэг. Олон нүүдэг болохоор отрын байдалтай аж төрж байна лээ. Гэрийнхээ гадаа байх чингэлэгт томоо­хон тавилга, төмпөн шанага эд зүйлсээ хураачихсан байх ажээ. Мянгат ямаачных да­руухан, эгэл амьдарч байна, буйд талд.
<<Үргэлжлэл бий
Э.Хүрэлбаатар
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ