Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Домгийн говь – Өмнөговь 100 км” уртын явган алхалтын хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа


Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор “Домгийн говь 100км” алхалт 2022.10.07-2022.10.10-ны хооронд Өмнөговь аймгийн явган алхалтын холбоо (www.facebook.com/OmnogoviWalking) амжилттай зохион байгуулав. Тус алхалтад Монгол улсын 9 аймаг, 9 дүүргийн 65 явган алхагчид оролцсон бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖГ, БТСГ, ЭМГ тус тус хамтран ажилласан юм.
Алхалт 1: Даланзадгад хотын төвийн аялал байлаа. Тус аялалаар Өмнөговь аймгийн бүтээн байгуулалттай танилцахын сацуу орон нутгийн музейтэй танилцав. Үлэг гүрвэлийн эх нутаг гэдгийг гэрчлэн харуулсан олон үзмэр, архелогийн олдворууд үнэхээрийн гайхалтай байлаа. Тус музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимтай, 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатайгаар иргэд олон нийтэд үзмэрээ дэлгэсэн билээ.
Музейн үзмэрүүдээс дурдахад Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газраас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжсийг тус музейд байрлуулсан юм. www.facebook.com/groups/MongolWalkers – Монголын явган алхалтын холбооны гишүүд, явган алхагчид анх удаа мэт үзмэр бүрийг нүд баясган, сэтгэл сэргээн үзэж сонирхож, тайлбарлагч бүсгүйн аманд орох нь холгүй асууж тодруулж, анхаарч байлаа.
311742613_5575251645886253_7586015448776058112_n Домгийн говь - Өмнөговь 100 км" уртын явган алхалтын хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
Алхалт 2: Ёлын амын алхалт. Ёлын ам нь Алтайн нурууны үргэлжлэл болох “Гурван сайхан” уулын зүүн сайхан ууланд орших бөгөөд Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг юм. Тус алхалтын удирдагч хөтөч тайлбарлагчаар “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ажилласан бөгөөд бид бүхэн алхах явцдаа ооч ёл, хималайн тас, шарга хайруулдай, алаг бужирга, идлэг шонхор, цармын бүргэд, хээрийн бүргэд, цасны богшоодой, начин шонхор, зээрд шонхор, улаан хошуут жунгаа зэрэг ховор шувууд, дагуур огдой, монгол огдой, шар чичүүл зэрэг мэрэгч амьтдыг тольдон хонин арцны анхилам үнэрт хар шаваг, молдав шимэлдэг, дэрсэн хор, далан хальс, тошлой, тавилгана зэрэг бут сөөгийг шүлжин намрын сэрүүхэн салхийг сөрөн алхсаар эхний өдрийн 35 км замыг өндөрлөв. Говийн өргөө жуулчны баазад отоглон монголын өнцөг булан бүрээс ирсэн алхагчид маань эхний өдрийн алхалтын үр дүнг хэлэлцэн танилцах үйл ажиллагаанд оролцов. Говь нутгийн гайхамшиг гэдгийг жинхэнээр мэдэрсэн явган алхагчдын сэтгэл ханамж дүүрэн, инээд хөөр, баяр баяслаар бялхсан сайхан өдөр байлаа.
4-1 Домгийн говь - Өмнөговь 100 км" уртын явган алхалтын хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
Алхалт 3: Өглөө эртлэн алхагчид маань босцгоов. Шөнөдөө их хэмжээний цас орж жуулчны баазын гэрийн хаалгыг даржээ. Гадагш гарахад цавцайсан цас говь талыг бүрхэж, цасан шуурга үргэлжилсээр. Алхагчид эргэж няцсангүй, цаг агаарын болон зам маршрут, алхагчдын сэтгэл зүйн байдлын талаар зохион байгуулагчид зөвлөлдөж, алхалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргацгаав. Энэ өдөр Өмнөговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн С.Батдэлгэрээр удирдуулан Монгол Алтайн нурууны үргэлжлэл, алдарт Арц богд уулын зүүн үзүүрт орших Булган сумын Дал багийн төвд байрлах заг үржүүлгийн төвтэй танилцан цааш Баян загийн мэдээллийн төв рүү алхацгаав. Цэнгэг агаар цэлийсэн цагаан цас, дээрээс ээх нар, дэргэд шахуу шулганалдах хөөндий, бор тодол, эвэрт болжмор, дэрсний ширгэмэлийг ажиглан сэргэлэн хөөрхөн туулайг хөөн гүйх манай багийн өвөрмөц гишүүн Рэтти /english setter үүлдэрийн нохой/-н хөгжилтэй дүрслэлийг харан алхах нь үлгэрийн мэт сайхан байлаа. Дун цагаан говь нутгийн өнгө юутай үзэсгэлэнтэй.
Алхалт 4: Үдээс хойш Улалзах Цонж /Flaming Cliffs Center/ мэдээллийн төвийн захирал С.Мөнхсайхан мэдээлэл хүргэн, архелоги, палентлогийн түүхийг үзүүлж, аялалд жинхэнэ амт нэмэхийн зэрэгцээ говь нутгийн алдарт амттай сайхан жимбийгээр дайлав. Улалзах Цонжийн брэнд-дэлгүүрийн лангууг хоосолтол алхагчид маань малгай, цамц, пудволк зэргийг худалдан авч, орон нутгийн аялал жуулчлалыг хэрэндээ дэмжив. Гадаадын олон жуулчид ирээд ч ингэж авдаггүй юм гэж гайхах мэдээллийн төвийн ажилтныг хараад сэтгэл баясч, жоохон ч атугай ийм сайхан газар орон, түүх, дурсгалын хайрлаж, хамгаалж байгаа хүмүүст тус боллоо гэж баярлацгаав. Үдээс хойш уртын алхалт үргэлжилж Улалзах цонжийн зүг алхсан бөгөөд алхагчид маань наран жаргах үеийн асаж буй улаан гал шиг харагдах цонжийг харан дуу алдан биширч байлаа. Баруун талдаа алтан шаргал наран жаргаж, зүүн талдаа шинийн 15-ны саран гарах үест Улалзах цонж гайхамшигтайгаар тодорч, үгээр хэлж, үзгээр бичишгүй үзэсгэлэнг гоог харуулав. Баянзагийн цонжуудын өдөр нь 20-50м байдаг бөгөөд 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эндээс олсон учир Монголын говь дэлхийд алдартай билээ. Дэлхийн томоохон нээлтүүд хийгдсэн, архелогчдын шүтээн болсон энэ газар оронд хөл тавиад түүхийн гэрч болон хөрст газар дээгүүр нь алхана гэдэг их хувь тавьлан гэлтэй.
3 Домгийн говь - Өмнөговь 100 км" уртын явган алхалтын хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
Алхалт 5: Бид цааш загийн шугуй руу алхан эртний хүмүүсийн суурьшин амьдарч байсан суурин дээр очин сартай шөнийн үзэмж, байгалийн өвөрмөц тогтоц, нэгнийхээ дулаан сэтгэлийг мэдрэн буцах замдаа Ази-Европыг холбосон домогт Цайны зам дээгүүр алхан энэ өдрийн алхалтыг дүүргэсэн билээ. Эгээ л дэргэд эртний хүмүүсийн сүр бараа, дүр зураг үзэгдэх шиг говь нутгийн эрчим энерги гайхмаар.
Алхалт 6: Хилийн цэргийн 0131-р ангийн ахмад Б.Цолмон-Эрдэнээр удирдуулан алхалтын хамгийн өвөрмөц хэлбэр болох элсний алхалтыг олон сая жилийн тэртээ Их бага Богд уул, Арц Богд уулын араар үргэлжилсэн одоо говийн Таван нуур хэмээн нэрлэгдэх Бөөн цагаан, Адгийн цагаан, Орог нуур, Таацын цагаан, Онгийн улаан нуурууд нэртэй болсон эртний тэнгис ууршин хатаж ширгэснээс доор нь байсан торгон элс говийн догшин салхи шуурганаар хуримтлагдаж үүссэн Молцог элсийн зүг хийсэн бөгөөд элс хүртэл алхах зайд заг, цагаан гоёо, сондуулыг ажиглан говийн чамин үзэмж салхи шуургыг сөрөн сүүлчийн өдрийн алхалтаа хийв. Алхах замд зээр, тэмээ, олон зүйлийн шувууд, амьтад тааралдах боловч олон зүйлийн эрдэнийн чулуу хөл дор хөглөрөх нь гайхам. Баян тансаг Монгол эх орны эзэд бид эх орноо хайрлаж, ирээдүй хойч үедээ үлдээх нь бидний эрхэм үүрэг юм.
2 Домгийн говь - Өмнөговь 100 км" уртын явган алхалтын хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
3 өдрийн турш цаг агаарын хэцүү бэрх шалгуурыг даван, нэг нэгэндээ туслан, нэгэн зорилгын төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэн “Домгийн говь 100км” уртын алхалтаа амжилттай дүүргэсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэе. Аялагчдын хамгийн чухал зүйл цэвэр ус билээ. Ивээн тэтгэсэн Өмнөговь аймгийн үйлдвэрлэгч “Далан булаг” хүнсий үйлдвэрийн хамт олонд баярлалаа. Мэдээж Өмнөговь аймгийн удирдлагууд, холбогдох газрууд, бодлогын болон үйл ажиллагааны байгууллагуудын оролцоо, БТСУХ, НЭМҮТ, ЭМЯ зэрэг үндэсний байгууллагуудын тус дэмээр энэхүү гайхамшигт аялал хэрэгжсэн юм. “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” үндэсний аяны хаалтын алхалт ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа. Нийт алхагчид маань амжилтын сертификатаа гардан авч, шилдэг оролцогчид, тасралтгүй 500 км-ийн алхалт хийсэн оролцогчид маань шагналаа гардан авч, хаалтын арга хэмжээнд чөлөө завсар гаралгүй үргэлжилсээр хамгийн өндөр цэг дээрээ өндөрлөв.
Дараагийн алхалтын сонин сайхнаар уулзацгаая. Та бүхэн www.facebook.com/groups/MongolWalkers – Монголын явган алхалтын холбоо ТББ-ын цахим групт зочилж, энэхүү алхалтад оролцогчдын сэтгэгдэл, аялалын сонин содон зургууд, мөн явган алхалтын ач тус, хувь хүний болон нийгмийн ач холбогдлын талаар олон чухал мэдээллийг хүлээн аваарай. Алхалт үнэ цэнийг бүтээнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ