http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөд Солонгосын нэгэн тосгонд сүүлийн 17 жилд анх удаа хүүхэд мэндэлжээ


Өмнөд Солонгосын Юнха-мёон тосгонд сүүлийн 17 жилд анх удаа хүүхэд мэндэлж, цорын ганц бага сургуульд нь дөрвөн сурагч шинээр элсэн оржээ. Хүн ам нь жил ирэх тусам буурч буй тус тосгоны хувьд энэ хоёр зүйл нь маш ховор тохиолдол юм.
БНСУ-ын Хонсон хошууны албаны хүмүүс мягмар гарагт /2026.03.25/ мэдээлэхдээ, Камбожоос ирсэн цагаач Срэйдани болон түүний нөхөр Жон Хэ Док нар гуравдугаар сарын 19-ний өдөр Ён Жүн нэртэй хүүтэй болсон байна.
Орон нутгийн иргэд энэ мэдээг баяртайгаар хүлээн авч тэмдэглэжээ. Юнха-мёоны албаныхан тосгон даяар баярын лоозон, самбар хадсан байна. Нэгэн самбар дээр дээр "2026 онд Юнха-мёонд ирсэн онцгой бэлэг. Жон Хэ Док болон Срэйдани нарын хүү Жон Ён Жүн мэндэлсэнд баяр хүргэе" гэж бичжээ.
Энэ сард тус тосгоны бага сургуулийн нэгдүгээр ангид дөрвөн сурагч шинээр элсэн орсноор нийт сурагчдын тоо 17 болсон байна. Энэ хоёр үйл явдал нь тус улсад нүүрлээд буй хүн ам зүйн хямрал бүс нутгаас хамаарч хэр ялгаатай байгааг харууллаа.
Юнха-мёон тосгоны хүн ам сүүлийн арван жилийн турш тасралтгүй буурч байгаа юм. Тоон мэдээллээс үзвэл, оршин суугчдын тоо 2015 онд 2,628 байсан бол 2022 онд 2,197, 2023 онд 2,153 болж буурчээ. Хүн амын тоо 2024 онд 2,057 болж, өнгөрсөн оны долоодугаар сард 1,991 болсон байна.
Гуравдугаар сарын 19-ний байдлаар тус тосгонд 1,134 өрх, 1,954 оршин суугч бүртгэгджээ. Гэхдээ Хонсон хошуунд Юнха-мёоноос илүү бага хүн амтай нэг тосгон байдаг аж.
Юнха-мёон тосгоны дарга Шим Сон Жа хэлэхдээ, 17 жилийн дараа анх удаа хүүхэд мэндэлж, шинэ сурагчид элссэн нь бүх бүс нутгийн хувьд маш их баяр баясал авчирсан явдал боллоо гэжээ.
Тэрбээр нэмж "Юнха-мёоныг хүүхэд өсгөхөд таатай, хүн бүрийн амьдрахыг хүсдэг газар болгохын тулд захиргааны зүгээс чадах бүхнээ хийх болно" хэмээсэн юм.
Өмнөд Солонгос бол дэлхий дээрх хамгийн бага төрөлтийн түвшинтэй улс. 2025 онд тус улсын төрөлтийн түвшин 0.8 байсан нь 2024 оноос өссөн үзүүлэлт юм. Гэхдээ хөгжингүй орнууд хүн амынхаа тоог тогтвортой барихын тулд төрөлтийн түвшин 2.1 байх ёстой гэж мэргэжилтнүүд үздэг.
Эх сурвалж: Korea Times
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ