
Монголчууд эрт цагаас дөрвөн улиралдаа тохируулан байгаль дэлхийтэйгээ зохицон нүүдэллэн амьдарч, мал аж ахуй эрхэлж ирсэн ард түмэн. Тэр дундаа адуугаа “молор эрдэнэ” хэмээн дээдлэн шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд үүнтэй салшгүй холбоотой өв соёлын нэг нь сур, суран эдлэл, хазаар, ногт, чөдөр, ташуур зэрэг адууны хэрэгслийг сураар урлан хийж ирсэн уламжлал үеэс үед уламжлагдан хадгалагдсаар өнөө цагтай золгожээ. Энэхүү уламжлалт урлалыг орчин цагт шинэ өнгө төрх, арга барилаар үргэлжлүүлэн хөгжүүлж, залуу үедээ өвлүүлэн таниулж яваа хүмүүсийн нэг нь 23 настай Д.Жамбажанц юм.

Тэрээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул бөгөөд өвөө нь сураар эдлэл урладаг, харин аав нь хазаар, ногт зангидаж суухыг харж өссөн нь түүний сэтгэлд энэ урлалын үрийг багаас нь суулгасан гэмээр. Ийнхүү тэр бага наснаасаа сураар эдлэл хийхийг сонирхож, өөрийн гараар туршин оролдсоор энэ урлалтай жинхэнэ утгаараа нөхөрлөж, анхны бүтээл болох дурангийн гэрээ зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан хийсэн ч уг эдлэлийг нь хүмүүс сонирхож эхэлсэн нь түүнд урам өгч, ур чадвараа улам ахиулах хүч болсон байна. Тэр цагаас хойш суран эдлэлийн төрөл бүрийг туршиж, сүлжээс, хийц бүрийг өөрийн арга барилаар боловсронгуй болгосоор өнөөдөр морины хазаар, хударга, жолоо, цулбуур, бүс, дурангийн гэр зэрэг олон төрлийн бүтээлийг урладаг болжээ.

Түүний урласан суран эдлэлүүд зөвхөн Монголд төдийгүй ОХУ, Өвөр Монгол, Европын зарим оронд хүртэл хүрч, захиалга тасардаггүй. Уламжлалт хийцийг хадгалсан атлаа орчин үеийн шийдэл, шинэ өнгө төрхийг шингээсэн нь түүний бүтээлийн гол онцлог бөгөөд төрөл бүрийн тоног ашиглан эрэгтэй, эмэгтэй гоёлын бүс зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүн урлаж эхэлсэн нь олон хүний сонирхлыг татсан байна.
Жамбажанц зөвхөн урлаач байхаар хязгаарлагдсангүй. Тэр өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж, сурах хүсэлтэй хүмүүст зам заасан багш болж, “Гүрж сүлжээс” суран эдлэлийн сургалтыг цахимаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монголын өнцөг булан бүрээс хүмүүс энэ сургалтад хамрагдаж, зарим нь сурсан мэдлэг дээрээ тулгуурлан өөрийн жижиг бизнесийг эхлүүлж, нэмэлт орлоготой ч болжээ.

Түүний хэлснээр суран эдлэл хийж эхлэх үед нь зааж чиглүүлэх бичлэг, сургалт бараг байсангүй. Тиймээс өөрийн туулсан зам, гаргасан алдаан дээрээ үндэслэн сураа хэрхэн сонгохоос эхлээд сүлжээс бүрийг алхам алхмаар тайлбарласан хичээлүүдийг бэлтгэж, суралцагчдад аль болох ойлгомжтой, хялбар аргаар хүргэхийг зорьдог.
Өнөөдрийн байдлаар түүний сургалтад хамрагдсан шавь нарын тоо 1000 гаруйд хүрчээ. Тэр шавь нартайгаа зөвхөн багш, сурагчийн харилцаагаар бус, туршлагаа хуваалцаж, бие биеэ дэмждэг хамт олны уур амьсгалыг бүрдүүлэхийг чухалчилдаг бөгөөд суралцагчдаа идэвхжүүлэх зорилгоор төрөл бүрийн уралдаан, арга хэмжээ зохион байгуулж, шилдэг суралцагчдаа шалгаруулдаг уламжлалтай.

Түүний сургалт нэг удаа төлбөр төлөөд хязгааргүй хичээл үзэх боломжтой. “Хүн ер нь үнэгүй зүйлд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Харин өөрөө хөрөнгө зарцуулсан зүйлдээ илүү хариуцлагатай ханддаг” хэмээн тэр ярьсан юм.
Түүний шавь нарын дунд зөвхөн эрчүүд бус, эмэгтэйчүүд ч бий. Тухайлбал, Аяанаа хэмээх шавь нь сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан үсний уут, ээмэг, толгойн гоёл зэрэг суран эдлэлийг өөрийн гараар урлан гоёох болжээ.

Өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа Жамбажанцын хувьд суран эдлэл бол зүгээр нэг гар урлал биш. Харин Монгол ахуй, нүүдэлчин соёлын амьдралтай салшгүй холбоотой үнэт өв юм. Тэр өөрийн сурсан мэдсэн бүхнээ бусдад харамгүй хуваалцаж, уламжлалт урлалыг өвлүүлэн үлдээхийг зорьдог билээ. Ийнхүү 23 настай залуугийн гараас төрсөн суран бүтээлүүд төдийгүй түүний бэлтгэсэн олон шавь нар ч Монголын уламжлалт урлалын галыг бөхөөхгүй асааж, цаашид улам дэлгэрүүлэх итгэлийг төрүүлсээр байна.

Ч.Юмчирдулам







