
Жеффри Эпштэйнтэй холбоотой байсан нь батлагдсан, Их Британийн сайд асан Петр Мандэлсоны хоёр байранд нэгжлэг хийжээ.
Сайд асныг хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал зах зээлд нөлөөлөхүйц эмзэг, төрийн мэдээллийг Жеффри Эпштэйнд дамжуулсан байж болзошгүй гэжээ.
Мөрдөн шалгалтыг өнгөрсөн мягмар гарагт эхлүүлсэн. Петр Мандэлсон "Би гэмт хэрэг үйлдээгүй, ашиг олох зорилго агуулаагүй. Эпштэйнтэй холбоо харилцаатай байсандаа харамсаж, маш их зовж зүдэрсэн эмэгтэйчүүд, охидоос уучлал хүсэж байна" гэжээ.
Тэрээр одоо 72 настай. АНУ-ын Хууль зүйн яамны дэлгэсэн баримтууд дунд түүний цахим шуудангууд байжээ. 2008 онд илгээсэн цахим шууданг Петр Манделсон Ерөнхий сайд Гордон Брауны Худалдааны сайд байхдаа илгээжээ. Тэрээр Их Британийн Сангийн яам банкны ажилтнуудын урамшууллаас татвар авах төлөвлөгөөний талаар бичсэн байна.
Цахим шуудан илгээснээс хоёр хоногийн дараа тэд уулзжээ. Эпштэйнээс ирүүлсэн мэйлд "Жэми Сангийн сайд Алистрэйр Дарлинг руу дахин залгах уу?" гэж асуусан байна. Жэми гэдэг нь АНУ-ын JP Morgan банкны гүйцэтгэх захирал Жэми Димон юм.
Хариуд нь Сангийн сайд руу дахин залгаж, бага зэрэг айлгахыг санал болгосон цахим шуудан илгээсэн байжээ. Мөн тэрээр Эпштэйнд 500 тэрбум еврогийн аврах ажиллагааны талаар мэдээлжээ. Энэ нь еврогийн ханшийг хамгаалах зорилготой, Европын холбооноос хэрэгжүүлсэн ажил юм.
Их Британи энэ ажиллагаанд оролцоогүй ч Сангийн сайд нь энэ асуудлаар Брюселийг зорьсон үед дээрх мэйлийг илгээжээ. Хэрэв Лорд Петр Мандэлсон төрийн албан хаагчийн үүргээ умартаж, хууль зөрчсөн нь нотлогдвол бүх насаар нь хорих ял онооно.
Эх сурвалж: BBC







