
Украины арми даваа гарагт /2026.02.09/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин Покровскийг бүрэн хяналтдаа авахаар байлдсаар байна гэжээ. Донецк бүсийг бүхэлд нь хяналтдаа авах зорилготой тул Москвагийн хувьд Покровск нь ач холбогдол өндөр хот. Сүүлийн саруудад Украины арми 1,200 км урт фронтын шугам дээр ОХУ-ын давшилтыг зогсооход бэрхшээлтэй тулгарч байна. Гэхдээ ОХУ-ын арми маш удаан урагшилж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн АНУ Украиныг энхийн хэлэлцээнд хүр хэмээн шахаж байгаа билээ.
Киев дахь Украины Зэвсэгт хүчний ерөнхий штаб даваа гарагт мэдэгдэл хийхдээ Покровск хотын хойд хэсгийг цэргүүд нь хянасан хэвээр байгаа гэжээ. Мөн ойролцоох Мирноград хотыг хамгаалж байна хэмээсэн юм. Москва өнгөрсөн жил Покровскийг эзэлсэн гэж мэдэгдсэн ч Киев үүнийг нь үгүйсгэсэн. Хэрэв Покровск хот унавал 2024 оны эхээр Авдеевка хотыг оросууд эзэлснээс хойших хамгийн том ялалт болно. Одоогийн байдлаар ОХУ Украины газар нутгийн 20 орчим хувийг эзэлсэн байгаа. Үүний ихэнхийг дайны эхний жил эзэлсэн юм. Шинжээчдийн хэлж буйгаар ОХУ 2023 оны эхээс хойш Украины газар нутгийн 1.3 хувийг л нэмж хяналтдаа авчээ.
Эх сурвалж: Reuters







