
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. Хөвсгөл аймагт 11 сартай хүүхэд өвчний улмаас нас барсан бол, Хэнтий аймагт энэ сарын 21-нд гурван сартай хүүхэд эндсэн байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд улаанбурхны батлагдсан тохиолдол 14 075-д хүрч, дэгдэл нь 351 дэх өдрөө үргэлжилж байгаа аж. Өвчлөгсдийн дийлэнх нь 10-14 насныхан буюу 5 192 хүн. Одоогоор 58 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба Эрчимт эмчилгээний тасагт зургаан сартай хүүхдийн биеийн байдал хүнд байна.
Энэ өвчин нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой тул 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.







