Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, батлах ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нийслэлийн есөн дүүргийн салбар зөвлөл болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг гишүүн байгууллагууд 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, хэлэлцэнэ.
Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр "Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг буюу зодоон цохион, мөн мансууруулах бодис, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд эзэлж байна. Тиймээс 2026 онд эдгээр төрлийн гэмт хэрэгт онцгой анхаарч, бодит тоон үзүүлэлтээр бууруулах зорилт тавин ажиллана. Тухайлбал, гудамж талбайг бүрэн камержуулж, иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгох чиглэлд ажиллана. Дэлхийн улс орнууд ч энэ төрлийн гэмт хэргийг техник, технологийн дэвшлийн хүчээр бууруулж, урьдчилан сэргийлж байна. Бид ч мөн хөгжлөөс хоцорч болохгүй. Шинэ техник, технологийг нэвтрүүлэн ажиллах ёстой гэдгийг онцлон сануулж байна.
Хоёрдугаарт, залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, залилагч этгээдүүдэд боломж олгохгүй байх тал дээр бүгдээрээ хичээцгээе. Өнгөрсөн 2025 онд залилангийн гэмт хэрэг хамгийн их өсөж, нийслэлд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн залилагчид энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа давтан үйлдэж байгаа нь ял, шийтгэлийн бодлогыг чангатгах, хууль эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатайг бидэнд сануулж байна. Үүнд бид бүгд идэвх санаачилгатайгаар хамтран ажиллах ёстой.
Гуравдугаарт, хар тамхинд хаалт хийх цаг нэгэнт болсон. Хар тамхийг хилээр орж ирсний дараа бус, орж ирэхээс нь өмнө таслан зогсоох нь чухал. Иймд илрүүлэлтийг шинэ түвшинд гаргах, дэмжих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ оны анхны хурлаа "Чингис хаан" олон улсын нисэх буудлын гаалийн газарт хийж буй нь ч ийм учир шалтгаантай. Хар тамхичдад бид ямар ч нөхцөл, боломж олгож болохгүй.
Дөрөвдүгээрт, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулахад анхаарч ажиллая. Нэгнээ хайр найргүй зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулдаг балмад этгээдүүд жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн архины хэрэглээтэй холбоотой бус, тухайн хүний хүмүүжил, соён гэгээрэл сул байгаатай салшгүй холбоотой юм" гэлээ.







