
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /DW/. Украины тал Новгород мужид байрлах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өргөө рүү 91 нисгэгчгүй онгоцоор довтлохыг оролдсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт буюу өчигдөр мэдэгджээ.
Түүний хэлснээр, халдлага 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө болжээ. Бүх 91 дроныг устгасан байна. Хүний амь эрсэдсэн, эд хөрөнгийн хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй гэдгийг Лавров нэмж дурджээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, уг халдлагын улмаас “хэлэлцээний явц дахь ОХУ-ын байр суурийг эргэн харах” боловч Оросын тал “АНУ-тай хийж буй хэлэлцээнээс гарах бодолгүй байна” гэж мэдэгдлээ.
Новгород мужийн Валдай нуурын орчимд Путиний “Долгие Бороды” гэдэг нэртэй өргөө оршдог.
Зеленский халдлагын тухай мэдэгдлийг худал гэж мэдэгдэв
Халдлагын талаар бусад эх сурвалжаас баталгаажуулсан мэдээлэл байхгүй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путиний өргөө рүү дроноор дайрсан гэх Лавровын мэдэгдлийг худал гэж мэдэгдээд, үүнийг Оросын тал Киев дэх засгийн газар байрладаг дүүрэгт цохилт өгөхөөр бэлтгэж байгаатай холбон тайлбарлав.
“Оросууд энэ дайныг дуусгахыг хүсэхгүй байна. Тэд ямар нэгэн ордон руу дайрлаа гэж мэдэгдсэнээрээ зүгээр л нийслэл болон төрийн барилгууд руу цохилт өгөхөөр бэлтгэж байна” гэж Зеленский сэтгүүлчдэд WhatsApp-аар ярьжээ.
Тэрбээр Лавровын мэдэгдлийг өмнөх өдөр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хэлэлцээтэй холбон тайлбарласан байна. “Хэрэв бид Америктай дуулиан шуугиан үүсгээгүй, хэлэлцээнд ахиц дэвшил гарсан бол оросуудын хувьд энэ нь бүтэлгүйтэл гэдэг нь тодорхой. Учир нь тэд энэ дайныг дуусгахыг хүсэхгүй байна” гэж Зеленский нэмж хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, ийм мэдэгдэл хийснээрээ Оросын тал Киев ба Вашингтоны хооронд хийж буй энхийн хэлэлцээнд гарсан ахиц дэвшлийг үгүй хийхийг оролдож байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан “Оросын аюул заналд зохих ёсоор хариу үзүүлэхийг” уриалжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг







