Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан хаагчдыг АТГ-аас шалгаж эхэллээ. Тодруулбал, замын тендерийг хариуцаж байсан тухайн үеийн сайд, Зав тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд, Төрийн нарийн бичгийн дарга, Автозамын газрын дарга болон бусад албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас шалгаж, байцаалт, мэдүүлэг авч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Замын тендерт өндөр үүрэг хариуцлагатай ажилласан зарим албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад илт давуу байдал олгосон нь тогтоогдож, шинэ нөхцөл байдал илрээд байгаа гэнэ. Мөн тендерт оролцсон компаниудаас бэлэн мөнгө авсан байж болзошгүй байгаа аж. Иймд хууль хяналтын байгууллагынхан эл хэргийг нухацтайгаар шалгахаар болоод байгаа гэнэ.
Дарханы зам гэж “Хөвсгөл явна” гэж хэлсний таван жилийн ой тохиолоо” гэдэг шиг л юм болж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд 2019 оны зургадугаар сарын 17-нд өргөтгөн шинээр барьж эхэлсэн байдаг. Дөрвөн эгнээтэй болгох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн юм. Тус замыг 2019 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж, албаныхан үг хэлснээс хойш гурван жил өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, замын ажил эхэлж, “Дарханыг замыг 2019 онд багтаан өргөтгөн засаж, шинэчилж өгнө” гэж хэлсний гурван жилийн ой өнгөрсөн сард тохиолоо. Өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд ирэх намар хоёр эгнээг нь хүлээлгэж өгөх сураг дуулдаа. Гэхдээ энэ амлалт хэр үр дүнтэй байхыг цаг хугацаа харуулна. Учир нь, “Энэ сард, ирэх намар, хойтон хавар, хоёр сарын дараа Дарханы замыг хүлээлгэж өгнө” гэдэг үгийг монголчууд уль доль болтлоо сонсоод, залхчихсан. Одоо хууртахаасаа өнгөрсөн гэсэн үг.
“21 АЙМГАА НИЙСЛЭЛТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ХОЛБОЛОО” ГЭЖ ХӨӨРЦӨГЛӨСӨН ЧИНЬ НЭГ АЙМАГ НЬ ЦОХ ДУТЧИХЛАА
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Баянхонгор-Алтайн 126.7 км хатуу хучилттай авто замыг хүлээж авснаар 21 аймгаа нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож, 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн Мянганы замын төслийн хэвтээ тэнхлэгийн автозам гүйцлээ. Энэ зам ашиглалтад орсноор нийгэм, эдийн засгийн олон сайн үзүүлэлт, үр өгөөжийг дагуулах юм. Мөн иргэдийн аюулгүй байдал, ая тухтай байдлыг хангаж, техник, эдийн засгийн хувьд хэмнэлт авч ирэх нь гарцаагүй” хэмээн хэлж байлаа. Ингэж хэлэхтэй зэрэгцээд л Дарханы замыг хуулж, энхэл, донхол, цагаан тоос татсан шороон замтай болгочихсон юм, монголчууд.
Өөрөөр хэлбэл, 21 аймгаа нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холболоо хэмээн хөөрцөглөж байхтай зэрэгцээд нэг аймгийнхаа автозамыг хуулаад авчихсан. Тэр өдрөөс л Дарханы зам гэж “үйлийн үр” гараад ирсэн гэсэн үг. 204 км автозамын ажилд монголчууд дөрвөн жил “нухлуулж”, үйлээ үзэж, үсээ зулгааж, олон хүний амь тасарч, эд хөрөнгө сүйдэж байна. 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн Мянганы замын төслийн хэвтээ тэнхлэгийн автозам өнөөдрийг хүртэл, цаашдаа хэзээг хүртэл ийм байдалтай байхыг албаныхан л мэдэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө Дарханы замын ажилтай биечлэн танилцаад ирлээ. Одоогоор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц нэг, гурав, тав дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж,хоёр, дөрөвдүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байгаа. Замын гол ажил болох далан суурь бүтцийн гүйцэтгэл 70, нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байгаа аж. Энэ эгнээ бүхий хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буйг Ерөнхий сайдад холбогдох албаныхан танилцуулсан байна лээ.
Л.ХАЛТАР САЙДЫН ТОЛГОЙ ХАГАС БОЛОХ НЬ
Нэг дарга гарч ирээд л “Энэ хавар, намар ашиглалтад оруулна. Ашиглалтад оруулахгүй бол хар толгойгоороо хариуцна” гэдэг. Хэчнээн ч хүний толгой тасрав даа. Хамгийн сүүлийн жишээг дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард замын ажилтай биечлэн танилцахдаа салбарын сайд Л.Халтарт “Хугацаа явах тусам зардал, хүн хүчний шаардлага нэмэгдэнэ, чанарын асуудал үүснэ. Олон нийт ч энэ замын асуудалд бухимдалтай байна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар явцыг танилцуулж байгаарай. 2022 оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Түүний дараа Дарханы зам аравдугаар сард ашиглалтад орох нь байна. Тохирлоо шүү. Та толгойгоороо хариуцна шүү" гэж байлаа.
Тэгвэл Дарханы замын хоёр эгнээг ирэх аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр боллоо. Тэгэхээр Л.Халтар сайдын толгой ч бүтэн үлдэхгүй бололтой. Харин хагасыг нь ашиглалтад оруулсан юм гээд толгойных нь талыг аваад үлддэг бол тал нь үлдэх нь байна.
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажлыг долоон компани гүйцэтгэж байгаа. Хоёр, гурав, дөрөвдүгээр багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” болон “Жунмэй Инженеринг групп” ХХК-ийн ажил хангалтгүй байгаа аж. Ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-н компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээгээ цуцлахаа Ерөнхий сайд мэдэгдэж, шаардлага тавьсан гэнэ лээ. Түүнийг шаардлагыг биелүүлэх эсэх нь, Дарханы зам ашиглалтад орох нь эсэх нь хувь заяа, цаг хугацааны асуудал болж үлдлээ.
ЗАМ ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН: ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛД БИ ГАНЦ Ч УДАА ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙГААГҮЙ
Харин Л.Халтар сайдын толгойноос өмнө хэд хэдэн хүнийг шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх нь тодорхой болоод байна. 2018-2019 оны Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Тендерийн хорооны удирдлага, мэргэжилтэн, Автозамын хөгжлийн газрын дарга тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн бололтой. Дарханы замыг ажлыг ид эхэлж байхад салбар хариуцаж байсан сайд нь Б.Энх-Амгалан юм. Тэр Дарханы замын ажилд онцгой анхаарч, өндөр үүрэг оройлтойгоор ажиллаж байсан нэгэн.
Түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа талаар бид өөрөөс нь тодруулсан юм.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Одоогийн байдлаар намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл алга. Дарханы замын ажлын гэрээ 2018 онд хийгдсэн байдаг. Би 2019 онд Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилогдож байсан юм. Тухайн оны гуравдугаар сард батлагдаж, замын ажил долдугаар сард эхэлсэн байдаг. Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Автозамын газрын дарга нь хариуцаж ажиллаж байсан. Азийн хөгжлийн банкны Олон улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн журам гэж бий. Журмын дагуу компаниудыг шалгаруулахад Монгол компаниуд оролцох ямар ч боломжгүй байсан. Босго, шаардлага өндөртэй, эргэлтийн хөрөнгө заасан, техник шаардсан учраас оролцох боломжгүй байсан гэсэн үг. Хоёрдугаарт, тендерт шалгарсан БНХАУ-ын компаниуд ажлаа хийгээгүй. Ажлаа хийгээгүй хүмүүст удаа дараа шаардлага тавьж, газар дээр нь олон удаа очиж ажилласан. Азийн хөгжлийн банканд нь хэд хэдэн удаа “Тендерт шалгарсан компаниуд ажлаа хийхгүй байна. Гэрээг нь цуцалъя. Өөр компани шалгаруулъя. Мөн Монгол компаниудыг замын ажилд оролцуулъя ” гэж санал тавьсан. Болж өгөөгүй юм. ажлаа хийхгүй байгаа ганц, хоёр компаниудын гэрээг цуцлах гэхээр Дарханы замын ажил тэр чигтээ зогсчих гээд байсан. 200 км замын ажил тэр чигтээ зогсоод, хоёр, гурван жил Олон улсын шүүхээр явахаар цаг хугацаа алдана шүү дээ. Тэгэхээр яаж ийгээд ажлаа явуулах нь зүйтэй байсан. Монголчууд таван компанийг шалгаруулсан, Азийн хөгжлийн банк үүнийг нь баталсан гэсэн үг. “Арван ембүү хараад алгаа тосдог аав уу даа. Хорин ембүү хараад хормойгоо тосдог ээж үү дээ” гэдэг шиг Олон улсын төсөл хөтөлбөр авахдаа хормойгоо тосоод сууж болохгүй. Энэ төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлснээр ямар ашигтай вэ гэдгийг тооцоолж, гэрээ хэлэлцээгээ сайн бодож хийх хэрэгтэй юм байна. Би тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг хахууль авсан гэж бодохгүй байна. Хууль хяналтын байгууллагынхан шалгаад тогтооно биз. Дарханы замын ажилд би ганц ч удаа гарын үсэг зурж байгаагүй. Намайг ч бас шалгавал шалгана биз” гэлээ.
Тэгэхээр Дархын замын ажлаар Азийн хөгжлийн банканд гарын үсэг зурж, гэрээ байгуулсан УИХ-ын гишүүн, тухайн үеийн Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг ч хууль хяналтын байгууллагаас шалгаж магадгүй бололтой. Мөн Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийг ч шалгах нь. Учир нь, тэрбээр, 2015-2018 онд тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
https://ergelt.mn/news/59/single/22781