Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын төсвийн 300 сая төгрөгөөр модон гүүр барьж байгаа “Боб энержи констракшн” ХХК хууль бусаар нойтон мод бэлтгэж, төрийн албан хаагчийг дарамталжээ


Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хангилцагийн голд улсын төсвийн 300 сая төгрөгөөр модон гүүр барих тендерт “Боб энержи констракшн” ХХК ялалт байгуулжээ. Тус компани модон гүүр барих ажлаа өнгөрсөн сард эхлүүлж, зураг төсөл, хэмжилтээ авч, сумын удирдлагуудад танилцуулсан гэнэ. Харамсалтай нь, тус компани гүүр барих модоо хууль бусаар бэлтгэж, Цагаанхайрхан сумын ойн санг хядаж байгаа мэдээлэл ирлээ. Тодруулбал, тус компанийн удирдлагууд ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод их хэмжээгээр бэлтгэж, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлджээ.
         Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Модон гүүрний ажилд удахгүй эхлэх юм гэсэн. Гэтэл компанийнхан хулгайгаар мод бэлтгэж, Цагаанхайрхан сумын ойг сүйтгэж байна. Босоо нойтон мод унагааж, ямар ч төлбөр төлөхгүйгээр гүүрний модоо бэлтгэхээр төлөвлөж байгаа бололтой. Угтаа тэр хүнд гүүр барим мөнгө гэж хэдэн зуун сая төгрөг өгсөн шүү дээ. Модон гүүрийг 300 сая төгрөгөөр бариулж байгаад гайхаж байна. Өлгий суманд 10 метрийн урттай бетон гүүрийг 300 сая төгрөгөөр барих тендер зарлагдсан байна лээ” гэв.
Бид иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хайж үзэхэд Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас хоёр ч суманд гүүр барих нээлттэй тендерийг өнгөрсөн гуравдугаар сард зарласан байна. Тодруулбал, Цагаанхайрхан суманд модон, Өлгий суманд бетон гүүрийг тус бүр 300 сая төгрөгөөр барихаар болж, компаниуд ажилдаа оржээ.
Цагаанхайрхан суманд модон гүүр барих тендер авсан “Боб энержи констракшн” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар албаны хүмүүсээс тодрууллаа.  

БАЙГАЛЬ ОРЧНЫ БАЙЦААГЧ Ц.БАТМАГНАЙ: Модон гүүр барих “Боб энержи констракшн” ХХК-ийн захирал Э.Олдохбаяр хууль бусаар нойтон мод бэлтгэж, төрийн албан хаагчдыг дарамталсан

          Цагаанхайрхан сумын Байгаль орчин, хяналтын улсын байцаагч Ц.Батмагнай “Модон гүүр барих тендер авсан “Боб энержи констракшн” ХХК зөвшөөрөлгүй, хууль бусаар нойтон мод бэлтгэсэн нь үнэн. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж, шалгалтын ажиллагаа явуулсан. Биднийг очиход “Боб энержи констракшн” ХХК-ийн захирал Э.Олдохбаяр гэдэг залуу мод бэлтгэх эрхийн бичиггүй, зөвшөөрөлгүй, дур мэдэн хууль бусаар Хунт багийн нутаг Өвөр байшин жалгаас босоо нойтон мод бэлтгэж, хөрөөдөж унагаасан байсан. Албан чиг үүргийн дагуу үйл ажиллагааг зогсоож, шаардлага тавихад эсэргүүцэн, дургүйцэж, хэл амаар доромжилж, шаардлага хүлээж авахгүй, өндөр дээд албан тушаалтай хүний нэр барьж “Ажлаас чинь халуулна” хэмээн дарамтлан сүрдүүлэх байдалтай харьцсан.
Иргэд мод бэлтгэхдээ зөвшөөрсөн талбайгаас эрхийн бичгийн үндсэн дээр гоожин, түрээсээ төлөөд гишүү, залтас төдий түлшний модоо бэлтгэн авдаг. Гэтэл тус компанийнхан эрх мэдлээрээ далайлган гүүр барих нэрийн дор зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэсэн. Ажлаа хийж байгаа Төрийн албан хаагчийг заналхийлж, дарамталж, нэр төрд халдаж, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл цацсан байна лээ. Гүүрний ажлыг намайг зогсоосон мэтээр иргэдэд ойлгуулсан байсан. Сум орон нутагтаа гүүр, гарамтай болох хүсэл, ашиг сонирхол надад ч байгаа. Гэхдээ нэгийг нь хийхийн төлөө нөгөөхийг нь сүйтгэхийг тэр тусмаа энэ сайхан ой модыг устгаж, тайрахыг зөвшөөрөхгүй” гэсэн юм.

ЦАГААН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.ТӨӨРҮҮЛ: Модон гүүр барихын тулд 200 мод бэлтгэх шаардлагатай гэсэн. Одоогоор зөвшөөрөл олгоогүй байгаа

         Цагаанхайрхан суман Засаг дарга Б.Төөрүүл “Сумын удирдлагууд хуралдаж, гүүр барих ажилд хэрэгцээний 50 хувийн чийгшилтэй, 200 мод бэлтгэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Дэмжлэг үзүүлэхийн тулд Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд албан бичиг хүргүүлсэн. Захиргаа зөвшөөрч, мод авах газар зааж өгөх ёстой байдаг юм. Одоогийн байдлаар захиргаанаас албан бичгийн хариу ирээгүй бөгөөд мод бэлтгэхийг зөвшөөрч, талбай зааж өгөөгүй байгаа гэсэн үг. Гэтэл “Боб энержи констракшн” ХХК-ийнхан хууль бусаар нойтон мод бэлтгэж, зөрчил гаргасан байна лээ. Хуулийн дагуу шийдэх байх. Гүүр барих ажил эхлээгүй байгаа. Компани нь зураг төсөл, хэмжилтээ хийгээд, гэрээгээ байгуулсан байгаа. Уг нь энэ жилдээ багтааж, ашиглалтад оруулна гэж хэлсэн. Гүүр барих гол нь сумын төвөөс таван километрийн зайтай байдаг. Бороо ихтэй жилд хүн, мал нааш, цааш гарах аргагүй болдог юм. Гүүр барих ажил 10 хэдэн жил яригдаж, энэ жил арайхийн төсөв нь батлагдсан юм. Хоёр, гурван хүн эндэж, иргэдэд аюул учруулж байгаа Хангилцагийн голд зайлшгүй, модон ч болтугай гүүр барих нь нэн хэрэгтэй байгаа. Зөвшөөрөл олгосон тохиолдолд “Боб энержи констракшн” ХХК-ийнхан модныхоо мөнгийг төлж, бичиг баримтаа авсны дараа тусгаарласан ойгоос модоо бэлтгэх ёстой. Гэтэл өмнө нь хүмүүсийн мод авдаг талбайгаас дур мэдэж, мод бэлтгэсэн байна лээ. Сумын удирдлагууд дэмжинэ гэдгийг буруу ойлгосон юм болов уу гэж бодож байгаа. Бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлнэ, гэхдээ зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй” гэв.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Боб энержи констракшн” ХХК-ийн захирал Э.Олдохбаяраас тодруулах гэсэн боловч утсаа аваагүй юм. “


https://ergelt.mn/news/59/single/22742


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ