Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын Холбооны II чуулган өчигдөр /2022.04.09/ боллоо. Тус чуулганаар мандатын эрхтэй төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг сонсож, шинэ удирдлагуудаа сонгон томиллоо.
Энэ үеэр Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Залуучууд бид үндэсний өв соёл, түүхийг тээж, түгээж, хадгалж, мөн байгаль орчноо хайрлан хамгаалж дараагийн үедээ өвлүүлэх үүрэгтэй. Эдгээр үүрэг бол зөвхөн Залуучуудын холбоо гэлтгүй залуу хүн бүрийн үүрэг. Та бүхэн ч энэ тал дээр ажиллах байх. МЗХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүн 2022 оны нэгдүгээр сард стратеги төлөвлөгөөгөө баталсан. Бид залуучуудын эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин гэсэн таван сэдвийн хүрээнд түлхүү ажиллана. Та бүхэн хамт байж, дэмжин ажиллаарай. Бүгдээрээ аль нэг улс төрийн намаас хараат бусаар залуучуудынхаа төлөө ажиллацгаая" гээд амжилт хүсэв.
Ингээд Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооны Тэргүүнээр Б.Соёмбыг чуулганд оролцогчдын 100 хувийн саналаар сонголоо. Б.Соёмбо нь Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн. 2005 онд Чойбалсан хотын 5 дугаар сургуулийг төгссөн, Мэдээлэл технологийн мэргэжилтэй. Одоо Капитрон банкны Мэдээллийн технологийн Аудитороор ажилладаг. Тэрбээр өнөөдөр холбооны Тэргүүнээр сонгогдоод хэлсэн үгэндээ, маш ихээр хүлээлгэж байгаа залуучуудынхаа итгэлийг алдахгүй дааж ажиллана гэдгээ амласан юм. Дорнод аймгийн Залуучуудын Холбооны тэргүүнээр 2015 оноос хойш ажилласан П.Баттулгуур түүнд холбооны тамгыг гардуулан өгсөн бөгөөд П.Баттулгуурын хувьд цаашид Удирдах зөвлөлийн зөвлөхөөр ажиллах юм байна.
Харин холбооны Дэд тэргүүнээр Зариг.мн сайтын сэтгүүлч М.Төгөлдөрийг томилсон бол Удирдах зөвлөлд дараах 17 гишүүн ажиллана. Үүнд:
Б.Содгэрэл /ТВ9 телевизийн сэтгүүлч/
А.Энхжин /Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, Этик продакшны захирал/
Д.Отгондалай /Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ, МУ-ын гавъяат тамирчин/
Ч.Болдбаатар /Петровис группийн Дотоод аудитын газрын захирал/
Э.Баттүшиг /"Faw Mongolia" ХХК-ийн Гадаад худалдаа, борлуулалтын албаны захирал/
У.Очир /"Эс эм си ти" ХХК-ийн Тээврийн захирал, инженер/
Ч.Бүжин /Сэтгүүлч мэргэжилтэй, Милкмэн Дэливери ХХК-ийн хүний нөөцийн менежер/
Б.Энхзаяа /Сэтгүүлч/
Б.Энхтулга /Гэрэгэ системс групп компанийн Ерөнхий менежер/
Б.Батбаяр /Гүүд экспресс транс ХХК-ийн менежер/
Б.Батдорж /Эрх зүйч, Үндэсний бөхийн аймгийн арслан/
Б.Эрдэнэдулам /Бүжигчин, дасгалжуулагч, фитнесс мисс/
Г.Баттүшиг /Фитнесийн багш, дасгалжуулагч, тамирчин, Үл хөдлөхийн мэргэжилтэн/
Б.Дэлгэрмөрөн /Жүжигчин/ нарыг тус тус томиллоо.
Мөн чуулганы үеэр Дорнод ирээдүй сан, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбоо хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Ийнхүү Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбоо залуучуудын хөгжлийн шинэ хуудсыг эргүүллээ.