Энэхүү судалгаагаар Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос 2019 он хүртэл гуравхан арван жилийн хугацаанд хэдий хэмжээний газар нутгийг ухаж, сүйтгэснийг тодруулахыг зорилоо. Судалгаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан 30 метрийн орон зайн нарийвчлалтай 1990 оны (±1 интервалтай) Ландсат 05, 2019 оны (±1 интервалтай) Ландсат 08 хиймэл дагуулын мэдээг тус тус ашигласан [1]. Судалгааны үр дүнгээс үзэхэд 1990 оны байдлаар 15 аймгийн 42 сумын 153 газрын нийт 26124.8 га талбай уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн бол (Зураг 1) 2019 оны байдлаар 21 аймгийн 140 сумын 1070 газрын нийт 167678.1 га талбай (Зураг 2) уул уурхайн үйл ажиллагаанд өртөж байгалийн унаган төрхөө алдсан байна. Өөрөөр хэлбэл, гуравхан 10 жилийн хугацаанд шинээр 98 сумын 917 газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулж 141 153.3 га газар нутаг ухсан нүх овоолсон шороо болон үлджээ. Үүнийг 1990 онтой харьцуулж үзэхэд уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн сумдын тоо 3.3 дахин, газрын тоо 7.0 дахин, талбайн хэмжээ 6.4 дахин тус тус нэмэгдсэн байна. Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбайг улс, аймаг, сумын нийт талбайд харьцуулж үзэхэд өчүүхэн бага тоо гардаг хэдий ч сав шим ертөнцөд үзүүлж буй хор хөнөөл нь бидний амьдралын чанарт шууд болон дам байдлаар нөлөөлж эхлэх үед л бидний ухамсарт дохио өгч эхэлдэг. 2019 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр хамгийн их газар нутгийг сүйтгэсэн аймаг нь Өмнөговь, хамгийн бага нь Говьсүмбэр аймаг байна.
•1990 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн 15 аймгийг эвдэрсэн талбайн хэмжээгээр нь эрэмбэлж үзвэл Улаанбаатар, Дархан-Уул, Орхон-Уул, Төв, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Хөвсгөл, Увс, Ховд гэсэн дараалалтай байна. Өөрөөр хэлбэл, техногений гаралтай эвдрэлд өртсөн хамгийн том талбай нь Улаанбаатар хотод, хамгийн бага талбай Ховд аймгийн нутаг дэвсгэрт илэрсэн байна. Эдгээр нь манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлж байсан улсын чанартай томоохон үйлдвэрүүд болох Налайх, Шарын гол, Эрдэнэт, Баян, Бэрх, Бор-Өндөр, Мардай, Адуунчулуу, Нарийнтээл, Баянтээг, Шивээ-Овоо, Могойн гол, Хар тарвагатай, Хөшөөт, Нүүрт хотгор зэрэг уурхайнууд юм.
•2019 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн 21 аймгийг эвдэрсэн талбайгаар нь эрэмбэлж үзвэл Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ, Хэнтий, Улаанбаатар, Дорноговь, Орхон-Уул, Дархан-Уул, Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Булган, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говьсүмбэр гэсэн дараалалтай байна. 1990 оноос хойш Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Архангай, Булган, Завхан гэсэн зургаан аймаг шинээр нэмэгдэж уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн байна.
Хиймэл дагуулын мэдээнээс тооцож гаргасан тоо баримтаас харахад гуравхан 10 жилийн хугацаанд Монголын уудам орон зайг дэндүү өөрчилжээ. Монгол Улсын хөгжилд шавхагддаг нөөцтэй уул уурхай биш шавхагдашгүй нөөцтэй боловсрол жинтэй хувь нэмэр оруулна гэдэг байр суурийг баримталдаг судлаачийн өнцгөөс дүгнэж хэлэхэд Африк тивийг цөлмөөд аль хэдийнэ Монгол Улсад ороод ирсэн уул уурхайн комнаниудтай нийлж Монголын баялгийг шавхаж үр хойчдоо ухсан нүх, овоолсон шороо үлдээх гэж улайран дайрахын оронд гуравхан 10 жилийн хугацаанд 21 аймгийн 140 сумын нутагт харьяалагдах 1070 газрын байгалийн баялгийг олборлоод үр дүнд нь бид юутай үлдсэн бэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Мэдээж уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан нь тодорхой. Гэхдээ л өнгөрсөн 30 жилийн хугацаанд уул уурхайн олборлолтыг түүхэнд байгаагүй дээд хэмжээгээр нэмэгдүүлж ашигласан хэдий ч үр дүнд нь хэдэн зуун тэрбумаар тоологдох гадаад өр 6.4 дахин нэмэгдсэн (1990 онтой харьцуулахад) ухсан нүх, овоолсон шороо, татам нь өөрчлөгдож бохирдсон гол горхи, баян, хоосны ялгарал ихтэй нийгэм л бидэнд үлдсэн. Энэ бүгдээс харахад бидний өвөг дээдсээс үр хойчдоо өвлүүлж үлдээсэн байгалийн баялгийг орчин үеийн дэвшилтэт технологийн хүчээр гадаад, дотоодын компаниудтай нийлж цөлмөөд ухсан нүх, овоолсон шороо үлдээж буй сувдаг сэтгэлтнүүдийг хардах эрх бидэнд бий.
Байгалийн баялаггүй ч боловсролын салбараа өөд нь татаад улсаа хөгжүүлж буй орнууд олон бий. Тухайлбал, Энэтхэг улс мэдээлэл технологийн салбараа улсынхаа хөгжлийг тодорхойлох гол чиглэл болгон хөгжүүлснээр өнөөдөр эдийн засгийнхаа нийт орлогын 20 орчим хувийг мэдээлэл технологийн салбараасаа босгож чадаж байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох салбар нь шавхагддаг нөөцтэй уул уурхай биш гэдгийг уул уурхайн олборлолтыг түүхэнд байгаагүй дээд хэмжээгээр нэмэгдүүлж ашигласан энэ гуравхан арван жил бидэнд гэрчилж байна. Шавхагддаггүй нөөцүүдийн нэг болох боловсролын салбартаа анхаарч мэдлэгийг баялаг болгон бүтээцгээе гэж ярьж, бичиж байгаа нь олзуурхууштай юм. Үүнээс гадна, бидэнд асар олон боломжууд бий түүний нэг нь бэлчээрийн мал аж ахуй юм. Бэлчээрийн мал аж ахуй нь ногоон эдийн засаг, хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэйгээс гадна Монголын нүүдлийн соёл иргэншлийг хадгалж буй үнэт өв, өргөн уудам газар нутгийг эзэнтэй болгож байгаа нөхөн сэргээгддэг байгалийн баялаг юм. Бэлчээрийн мал аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, хамтын оролцоог нэгтгэсэн урт хугацааны төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлж чадсанаар энэхүү сэргээгддэг байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж үр шимийг хүртээд байх боломж бий. Гагцхүү бэлчээрийн талхагдал, доройтлын асуудлыг шийдвэрлэх гарц буюу бэлчээрийн байгалийн, нийгмийн, эдийн засгийн, экологийн даацыг бодитоор үнэлж эдгээр даацад үндэслэн бэлчээрийг зохистой ашиглах-ашиглахын тулд төлөх зарчим үйлчилж бэлчээр хамгаалах асуудал жинхэнэ утгаараа хэрэгжих боломжийг бүрдүүлэх нь чухал юм.
Өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнсэлж уул уурхай олборлолтыг нэмэгдүүлэх гэж улайран дайрахын оронд энэ их ухсан нүх, овоолсон шороондоо анхаарал хандуулж техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Ялангуяа байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар өндөртэй ой, ойт хээр, хээрийн бүсийн эвдэрсэн газрыг цаг алдалгүй нөхөн сэргээснээр Монгол улс Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-аас гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, газрын доройтлыг тэглэх хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах түүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаруулалтьн бууруулах зэрэг олон улсын төсөл хөтөлбөрийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг болно. Энэ сэдвийг хөндөхөөр буруутанг хайгаад эхэлнэ. Сенсацид суурилсан судалгаанаас холуурхан явдаг энэ цагийн энгийн, даруу, эрхэм судлаач Нямсүрэнгийн Батсайханы хэлснээр буруутанг хайгаад байгалийн гамшиг гэж тогтоон тэнгэрийн араншинг буруутай гэж шүүхэд өгөх вий дээ.
О.МӨНХДУЛАМ, М.ПҮРЭВСҮРЭН, Х.ЗОЛЗАЯА
/ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбар/Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбай /1990 оны байдлаар/
/2019 оны байдлаар/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин