Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтыг хаасан. Үүнтэй холбоотойгоор хүсэлт гаргасан иргэд орж ирж чадсан уу?
-Үндсэндээ хил дээр ирсэн оюутнуудыг бүгдийг л оруулсан.
Хэдийгээр боомтыг 20:00 цагт хаах байсан ч Оросын талаас хил дээр байгаа иргэдээ бүгдийг ямар ч байсан өнөөдөртөө багтаагаад танайх оруулчих гэсэн саналын дагуу бид тухайн оройдоо хил дээр ирсэн бүх иргэнээ авсан байгаа.
-Хэчнээн иргэн орж ирсэн бэ?
-33 хүн орж ирсэн. Ихэнх нь оюутнууд ганц нэг хувиараа орж ирсэн хүмүүс дунд нь байсан.
ОХУ-тай хиллэдэг Монгол Улсын хойд хилийн боомтуудаар орж ирэх гэж байсан иргэд бүгд болиод Сэлэнгийн Алтанбулагийн боомтоор орж ирэх гэж байна.
Алтанбулагийн боомт 24 цагийн үйл ажиллагаатай явагдаж байгаа учраас хүмүүс цагт баригдахгүй гэдэг үүднээс энэ боомтоор орж ирэх сонирхол их байна.
Энэ утгаараа Алтанбулагийн боомтоор орж ирэх хүний тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Дийлэнх нь оюутнууд.
Бидний авсан мэдээллээр гэхэд Москвагаас шууд Улаан-Үүд рүү нислэгээр ирж байгаа оюутан их байгаа сурагтай. Маргааш нэлээд ачаалалтай байх төлөвтэй байна.
-Алтанбулагийн боомтыг Бямба гарагт хаахаар үндсэндээ орох гарах хөдөлгөөн хязгаарлагдана. Тэгэхээр тусгай үүргийн онгоцоор гадаад дахь монголчуудаа авсан шиг ажлыг хэзээ зохион байгуулахаар ярьж байгаа вэ?
-Алтанбулагийн боомт хаагдсан тохиолдолд бид БНХАУ-ын иргэдээ татсан тэр аргаар төмөр замаар, эсвэл автобусаар иргэдээ авах ажлыг зохион байгуулахаар ярилцаж байна.
Энэ сарын 28-ны өглөөний 06:00 цаг хүртэл Монгол Улсын иргэд Алтанбулагийн боомтоор чөлөөтэй нэвтэрч орж ирэх боломжтой. Бусад боомтууд дээр ирсэн иргэд Алтанбулаг боомт руу ирж нэвтэрнэ л гэсэн үг.
-Итали, Испани зэрэг орнуудад байдал нэлээд хүнд байгаа. Үүнтэй холбоотойгоор дараагийн тусгай үүргийн нислэгийг Итали руу үйлдээч гэсэн иргэдийн санал их байгаа болов уу?
-Хүсэлт их ирж байна. Урьдчилсан байдлаар судалгаа гарсан байгаа.
Эхлээд 14 хоногийн тусгаарлалтын арга хэмжээгээ дуусгаж байж дараагийн иргэдээ татна.
Хэзээ хаашаа тусгай нислэг үйлдэж иргэдээ авах эсэхийг одоогоор ярилцаж төлөвлөж байгаа учраас тодорхой болсон үедээ бид хэвлэлийн мэдээллийн байгууллагаар дамжуулан албан ёсоор мэдээлэл өгөх болно.
Одоогоор ОХУ-аас орж ирэх иргэдийн хувьд Бямба гараг хүртэл саадгүй нэвтэрч байна. БНХАУ-аас орж ирэх талаар иргэд бас хүсэлт гаргаж байна.
Үүнийг бид Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт хэрхэн ажиллах талаар чиглэл өгчихсөн байна.
-Зарим иргэдийн зүгээс гэр бүл Орост байдаг. Өөрөө энд хөл хорионд ороод буцаад харих гэхээр гарч чадахгүй байна гэдэг ч юм уу асуудлууд мэр сэр гарч байгаа. Монголоос гарах хүсэлтэй иргэд яах ёстой вэ?
-Бусад улс руу агаарын тээврээр гарч байгаа иргэдийг бид хориглоогүй. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдээ авахдаа гадагшаа гарах хүсэлтэй тасалбараа захиалчихсан бүх хүмүүсийг л явуулсан.
Тэрнээс Улсын онцгой комиссоос ч юм уу тэр хүнийг явуулна зөвшөөрөл өгнө гэсэн ажиллагаа бол явагдаагүй.
Одоо гагцхүү нислэг зогсчихсон учраас хүмүүс гарч чадахгүй байгаа. Хэрэв нислэг үйлдэхээр бол гарах хүсэлтэй иргэд тасалбараа захиалчихсан л бол бид авч явахаас татгалзахгүй.
Харин ОХУ-ын хувьд гадаадын иргэдэд хилийн хориг тавьчихсан учраас гарч чадахгүй тохиолдол бол байгаа. Энэ тохиолдолд ямар ч арга байхгүй шүү дээ.
-Тусгаарлах иргэдтэй холбоотой асуудлууд тасрахгүй байна. Үүнтэй холбоотойгоор та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ?
-Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байрны иргэдийн санал гомдол ерөнхийдөө жигдэрсэн.
Эхэндээ байр хүйтэн байна гэсэн гомдол гарч байлаа. Хоол идэхгүй байна, хоол хийгээд боорцог өгөхөд нь нүүр рүү шидсэн тохиолдол хүртэл гарсан. Маш хүндрэлтэй байсан.
Оюутнууд маань залуу хүүхдүүд учраас хөдөлгөөн ихтэй, тусгаарлах байрны дэг журам сахихгүй, дамжин өнгөрөх байранд олон цаг байлгалаа гэдэг ч юм уу асуудал байна.
Варень түрхээд өгсөн талхыг идэхгүй гээд шидсэн тохиолдол ч байна. Энэ мэтчилэн асуудал их гарсан. Энэ бүхэнд манайхаас гадна цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа.
Зарим тохиолдолд бид эцэг, эхчүүдэд хүүхдэдээ анхаарал тавьж ойлгуулж хэлэхийг хүртэл мэдээлэл хийхдээ зөвлөж байна. Одоо овоо жигдэрч байна.
Тусгаарлалтын эхэнд иргэдийн зүгээс иймэрхүү асуудлыг гаргаж байгаад хоёр гурав хоногоос дасаад ирэхээрээ арай өөр болж төрийн зүгээс хийж буй ажлыг ойлгож хүндэтгэх хандлага ажиглагддаг.
Одоо бол хоол, байрны дулаантай холбоотой асуудал гарахгүй байгаа. Мэдээж дийлэнх нь дүрэм журмаа дагаж мөрдөж байгаа ч олны дунд нэг, хоёр хүн өөр санал бодолтой байх, эсэргүүцэх үзэгдэл байх юм л даа.
Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран иргэдэд мэдээлэл өгөх, таниулах ажлыг хийнэ. Хэрвээ бүр ноцтой зөрчил гаргах юм бол тусгаарлалтын арга хэмжээ дуусахаар хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох болно.
Одоогоор улсын хэмжээнд 24 цэгт 2,108 хүн тусгаарлалтад байна.
Улаанбаатараас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Хэнтий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудад иргэд тусгаарлагдаад байна.
Ялангуяа сүүлийн үед Дархан-Уул, Сэлэнгэ, Баян-Өлгийн аймагт ачаалал их байна.
-Оюутнуудын хувьд орох хүсэлтэй түмэн оюутан байхад гарах хүсэлтэй бас оюутнууд байгаад байдаг?
-Гарах хүсэлтэй оюутнууд байна. БНСУ-д сурдаг оюутнууд зарим нь очиж хичээлдээ суухгүй бол хасах гээд байна, явмаар байна гэж байгаа бол зарим нь хичээлээ цахимаар аваад явахаа больё ч гэж байна.
Энэ талаар Гадаад хэргийн яам анхаарч холбогдох Элчин сайдын яамдуудад хүргүүлж ярилцаж, ажиллаж байгаа.
Хэрэв дараагийн ээлжид гадаадаас иргэдээ татахаар бол тус нислэгээр гадагшаа явах иргэдийн эрх нээлттэй. Гол нь УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрөл авна гэдэг юм байхгүй.
Өөрсдөө л нислэгийнхээ тасалбарыг захиалсан байх ёстой гэдгийг дахин хэлье.
-Зарим иргэд тусгаарлалтаас болж ажлаас халагдах боллоо гэх. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-Бид чиглэл өгчихсөн байна. Тухайн иргэнийг тусгаарлах байрнаас гарахад нь тэнд 14 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан гэсэн тодорхойлолтыг гаргаад өг гээд үүрэг өгчихсөн байгаа.
Гэхдээ нийгмийг хамарсан халдварт өвчин гарсан энэ үед улсын хэмжээнд арга хэмжээ авч ажиллаж байгаа учраас тухайн иргэнийг тусгаарлалтад байлгаад гаргаж байгаа гэдгийг албан байгууллагууд ойлгох хэрэгтэй.
Тусгаарлалтад байгаа нь ажлаас халах үндэс болохгүй.
-Тусгаарлалтаас гараад дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах журам гарсан. Энэ тохиолдолд хэрхэн хяналт тавих вэ. Эрсдэлээ бодож өөрийгөө тусгаарлах нэгэн байхад зөвлөмжийг дагахгүй нэгэн ч бий шүү дээ?
-Тусгаарлах байрнаас гарахад нь заавар зөвлөмжийг өгч танилцуулаад баталгааны гарын үсэг зуруулаад явуулж байна. Яг энэ асуудал дээр бид их бодож, ярилцаж байна.
Наадаг сэрэмжлүүлэг, анхааруулгыг гэрийнх нь хаалга дээр наая гэж бодож байна. Тухайн хүн болж өгвөл гэрээсээ гарахгүй.
Гэртээ ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг баримталж байх хэрэгтэй.
Дээр шат шатны төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, сайн дурынхныг дайчилна гээд зохион байгуулалттайгаар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.
Баянгол дүүргийн XII хорооны Засаг дарга Ганхуяг гэж хүн над руу зурвас явуулсан байсан.
“Бид та бүхний мэдээллийг байнга авч байна. Та бүхний ажилд бид үүргийнхээ дагуу тусалмаар байна. Бид хүн хүч дайчлах зэрэг ямарваа ажилд туслахад бэлэн” гэсэн байсан.
Маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ мэтчилэн бид тусгаарлах ажилд л анхаарч хамтарч ажиллана даа. Үүнээс гадна иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна.
-Тухайлбал?
-Гадаад улс орны туршлага байна. Нэг иргэн нэг өрх, нэг давхар нэг иргэн, нэг орц нэг иргэн, нэг гудамж нэг иргэн гэхчлэн хяналтад тавьчихдаг юм байна.
Тэгэхээр өөрийгөө тусгаарлах ёстой иргэний гэрийнх нь гадаа тэмдэг наачихаар хөрш, орц, байрныхан нь тухайн иргэнд давхар хяналт тавих нь байна ш дээ.
Гэхдээ тэр айлын тэмдгийг хүмүүс маань энэ өвчтэй, халдвартай гэж ойлгож болохгүй. Тэр хүнийг ийм өнцгөөс хараад гадуурхаад байж болохгүй.
Зүгээр л тухайн иргэн гарч олон нийтийн газраар явж байна уу гэдгийг л хянах зорилготой анхааруулга тэмдэг шүү дээ. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Нэг нэгэндээ санаа тавьж байна л гэсэн үг.
-Нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд холбогдох газруудад хандив өгсөөр байгаа. ОБЕГ-т ирсэн хандивыг юунд зарцуулж байгаа вэ?
-Хандивыг тусгайлан хариуцаж байгаа тусгай нэгж ажиллаж байгаа. Хандивын тоо данстай, ширхэг бүрийг Шадар сайдад танилцуулж байгаа.
Зарцуулалтаа Шадар сайдаар батлуулж байгаа. Тиймээс энэ тал дээр хардах зүйлгүй. Тайлангаа олон нийтэд танилцуулна.
-Танай алба хаагчдын хамгаалах хэрэгслийн хувьд хэр хүрэлцээтэй байна?
-Алба хаагчдын хамгаалах хэрэгслийн хувьд бид ямар ч байсан хангаад явж байна. Ямар ч байсан таслахгүй байгаа. Нөөц ч бий.
Дараагийн нөөц ч гадаадаас тусламжаар ирж байна. Аль болох хомсдол үүсгэхгүй талаас нь зохицуулж ажиллаж байна.
Д.ДАВААСҮРЭН, ӨДРИЙН СОНИН