Хөвсгөл /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 22 буюу өнөөдөр Улаанбаатарын цагаар 02 цаг 04 минут 57 секундэд ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийнзайд Байгаль нуурын орчимд5,8 магнитуд, 02 цаг 19 минут 55 секундэд5,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Улаанбаатар хотын иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор дээрх аймгуудад хэдэн балл мэдрэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд судалж байна. Хөвсгөл аймгийн иргэдийн албан бус аман мэдээллээр Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул зэрэг суманд 3 балл орчим мэдрэгдсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Албан ёсны судалгааны дараа мэдээллийг нарийвчлан өгөх боломжтой гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлт бүртгэх Хатгал салбарын Эрдэм шинжилгээний туслах ажилтан Б.Жамъяанжав мэдээллээ.