
Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлтийн цаг үеийн мэдээллийг хүргэе.
Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад гуравдугаар сарын 17-ноос хойш хоол, хүнстэй холбоотой халдварын 3 удаагийн дэгдэлт бүртгэгджээ.
Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компаний 800-гаад уурхайн ажилтан хордлогод өртсөн ба 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан, эмнэлгийн тусламж авч байна.
Тус уул уурхайн компаниудад дөрөвдүгээр сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна.
Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн ирж байна.
Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
