
Хан-Уулын 17, 18 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг байхгүйгээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ хол газар луу зөөх шаардлагатай болдог. Эсвэл гэрийнхээ ойролцоох, өндөр төлбөртэй хувийн сургуульд сургахаас өөр аргагүйд хүрдэг аж. Тиймээс тухайн хэсэгт байрладаг Удирдлагын академийг суллаж, хүүхдүүдийг хүлээн авах хэрэгтэй гэсэн саналыг Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюунгэрэл гаргаад байсан билээ. Өөрөөр хэлбэл, Удирдлагын академид дарга нар, төрийн албан хаагчдыг сургаж байхаар ерөнхий боловсролын сургууль болгох шаардлагатай гэдгийг тэрбээр хөндөж, үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учралд албан бичиг хүргүүлснээ мэдээлж байв. Гэвч өдий хүртэл уг асуудлыг шийдэх, эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл нийслэлийн Боловсролын газрынхан дээрх хоёр хороонд сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэж, барилгын ажлыг нь ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ гэв. Тус газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяа “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороодын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу “Алтай”, Хан-Уулын 17, 18 дугаар хороо буюу “Кинг тауэр”, “Маршал таун” хотхон орчимд газар чөлөөлж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусган баталсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургууль барихаар газрыг чөлөөлж, хөрөнгийг шийдээд байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гурван булаг сод” компани шалгарсан. Мөн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэг барихаар газрыг бүрэн шийдвэрлэсэн. Төслийн гүйцэтгэгчээр “Юувоку” компанийнхан шалгарч, барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэж байна” гэв.
Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.