Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гоц мөргөн сондгойрсон гуравдугаар тойрог буюу Баян-Өлгий


Ирэх зун болох УИХ-ын сонгууль бүсчилсэн том тойргоор явах тул аймгууд гурав, дөрвөөрөө нэгдэн нэг тойрог болж буй. Тэгвэл Баян-Өлгий аймаг буюу гуравдугаар тойрог гоц мөргөн ганцаараа сондгойрч байгаа. Үндэсний онцлогийг нь харгалзан тус аймгийг ийнхүү дангаар нь нэг тойрог болгожээ. Уг нь Ховдтой нийлүүлсэн бол хүчний тэнцвэр, тойргийн хүн амын тооны хувьд илүү зүй зохистой болох байсан байж мэднэ.
Наад талын Ховд, Увс, Завхан, Говь-Алтайг нийлүүлсэн хоёрдугаар тойрог бол тун ч том нутаг дэвсгэр, олон хүн амыг хамарч баруун аймгуудын нутаг дэвсгэрийн 90 хувийг эзлэн Монгол Улсын хойд хилээс өмнөд хилийг тулсан уудам газарт сонуулийн “тулаан” өрнөхөөр байгаа юм.
Дангаараа нэг тойрог болсон Баян-Өлгийн хувьд хуучин уламжлалт томсгосон тойргоор мажоритар системээр явдаг сонгуулиас гажих зөрөх зүйлгүй. Нэр дэвшигчид өмнөх маягаараа сонгогдчидтойгоо уулзаад явахад л болно. Мандатын тоо ч урьдын адил гурав. Төдий тооны гишүүн сонгож УИХ-д илгээнэ. Үүгээрээ өнөөдөр УИХ-д сууж байгаа Х.Баделхан, Т.Аубакир /МАН/, Б.Бейсен /АН/ нарт дахин сонгогдох боломж илүү гэж хэлж болно.
Гэхдээ өөр нэр дэвшигчдийн нэр бас дуулдаж буй. Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга М.Ибрай хэмээх эрхэм байна. Тэрбээр МАН-ын өндөр боловсролтой гишүүдийн нэг гэгддэг бөгөөд Барилга хот байгуулалтын яам, Монголын Хөрөнгийн биржид алба хашиж, Барилгын хөгжлийн төвийн дэд даргаар ажиллаж байсан ажээ. Аймгийн намын дарга хүн нэр дэвших нь нэг номерын асуудал байж таарна. Түүнээс гадна МАН-аас тус аймгийн Засаг даргаар сонгогдоод жил хүрээгүй байгаа А.Камелият, Засаг дарга асан Д.Бауыржан, А.Гылымхан, Удирдлагын академийн захирал асан доктор, профессор С.Зулпахар, ХХАА-н дэд сайд асан Ж.Сауле болон Н.Жангабыл нарыг нэр дэвшүүлж магадгүй сурагтай байгаа юм. АН-аас одоогийн гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн асан, бүсгүй хүнд эвгүй зураг илгээн бэлгийн дарамт учруулсан хэмээн шуугиулж явсан Д.Мурат болон Ш.Жандог нарын зэрэг хүн нэр дэвших боломжтой хэмээн яригдаж буй бололтой. Тэдний дундаас нэр дэвших магадлал бүхий ганц эмэгтэй нь дэд сайд асан Ж.Сауле.
Энэ аймгийнхан дунд овог, отгийн харилцаа гэж лут зүйл нэр дэвшихэд нөлөөлдөг гэх юм билээ. Х.Баделхан гишүүний нэр нөлөө их, түүний ахан дүүс томоохон албан тушаал эзэлж, аймгийн бүх тендэрийг хамж, УИХ-д нэр дэвшигчдийг ч “тодруулахад” нөлөөлдөг бололтой зүйл сэр сэр сонсогддог юм. Тухайлбал, одоогийн УИХ-ын гишүүн, монголоор маш цэвэр сайхан ярьдаг Т.Аубакир нь өмнөх УИХ-д гишүүн байгаад ЖДҮ-ийн хэрэгт татагдаж байсан Г.Солтан, одоогийн гишүүн Х.Баделхан нарын төрсөн ах эгч нарын хүүхэд гэсэн яриа бий. Тэгэхээр Т.Аубакир гишүүн ногоон гэрлээр нэр дэвшинэ гэдэгт Баян-Өлгийчүүд итгэлтэй байгаа дуулдана.
Одооноос Х.Баделхан гишүүн АН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон Б.Бейсений оронд парламентад суулгах боломжтой н.Манчук хэмээх эрхмийг МАН-аас нэр дэвшүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн сурагтай. Н.Манчук нь Х.Баделхан гишүүний эхнэрийн дүү юм гэнэ.
Одоогоор ийм эрхмүүд гол хоёр намаас УИХ-д нэр дэвшихээр горилох тухай дам сураг алс баруун хязгаараас сонсогдож эхэллээ. Бусад намууд ч улс төрчдөө сойхоор ярьж буй нь дамжиггүй. Тэдний дунд эмэгтэйчүүд болон тус аймгийн бусад ястнууд болох урианхай, дөрвөд, тува, халх бусад угсаатны төлөөллөөс нэр дэвшүүлнэ гэдэгт найдна. Тэдний сонгуульд ялах ялахгүй нь хамаагүй. Тэгэхгүй бол урьд өмнөх сонгуулиудаас харахад бусад угсаатны төлөөлөл, эмэгтэйчүүдийн нэр дэвших, сонгогдох эрх зөрчигдөх байдал тус тойрогт илүүтэй харагддаг хандлага бий.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ