Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ГХБХБГ-ын дарга Д.Батчулуун, Хонгор сумын ИТХ-ын дарга, Б.Ганбаатар, Хонгор сумын засаг дарга Т.Атархишиг нар Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн маргаантай холбогдуулан архивын материалтай танилцан, газар дээр нь ажиллаа.
Учир нь хоёр аймгийн газар нутгийн маргаан 2013оноос эхэлсэн байна. Дархан хот байгуулагдах үед газар нутгийн хилийн цэсийг тогтоож өгсөн 9080 га Хонгорын нуруу гэх уг газар2013он хүртэл Дархан-Уул аймгийн харьяанд байсан бөгөөд 2016 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд шилжүүлсэн ажээ.
Газар нутгийн хэмжээ бага, малын бэлчээр, ойн сан, хадлангийн талбайн гол хэсэг энэхүү газрыг Дархан-Уул аймагт буцаан олгож өгөх асуудлыг орон нутгийн удирдлагууд хөндөн ажиллаж байна. Хоёр аймгийн, эсхүл хоёр сумын засаг даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул Засгийн газарт уг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт хүргүүлсэн аж.
Энэ хүрээнд БХБЯ-наас ажлын хэсэг ирж ажиллахаар болжээ. Ажлын хэсэг тухайн газарт ажилласан байдал, архив, бусад тогтоол, журмыг үндэслэн дүгнэлт гаргаж засгийн газарт хүлээлгэн өгснөөр хэлэлцэх аж. Маргаантай байгаа 9080 га талбай нь Дархан сумын газар нутгийн хэмжээтэй ижил хэмжээтэй аж. Тиймээс хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг малчид, тариаланчид хүсэж байна.
Ташрамд дурдахад, анх Сэлэнгэ аймгийн Хонгор сум, дараа нь Дархан хотын Хонгор хороо захиргаа, 1994 оноос Дархан-Уул аймгийн Хонгор сум болоход газар нутгийн хэмжээ,байршил огт өөрчлөгдөөгүй шилжсэн архивын баримт байдаг ажээ.